Categories
мэдээ цаг-үе

“Улаан сарнай” хамтлагийн багш Б.Номингэрэл: Анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо хагас финалд шалгарсан

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэргэдэх цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлаг нь Цэнгээнт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч ирэх намар ХБНГУ-д болох дэлхийн аварга шалгаруулах стандарт формейшн бүжгийн тэмцээнд оролцохоор болсон. Тус хамтлаг өмнө нь уг тэмцээнд хэд хэдэн удаа амжилттай оролцож байжээ. “Улаан сарнай” хамтлагийн гишүүд сурч, ажиллахынхаа хажуугаар бүжиглэдэг жинхэнэ урлагт хайртай залуус. Тус хамтлагийн удирдсан багш Б.Номингэрэлтэй ярилцсаныг сонирхуулъя.

-Та “Улаан сарнай” хамтлагт их олон жил бүжиглэсэн гэсэн. Яагаад энэ хамтлагт орох болов?

-1998 оноос хойш энэ хамтлагтай холбоотой яваа. 1998 онд анх Санхүү, эдийн засгийн дээд сургуульд оюутан болж орсноос хойш орж бүжиглэсэн. 2006 оноос хойш арав дахь жилдээ тус хамтлагт багшилж байна.

-Танай хамтлаг энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон. Өмнө нь оролцож байсан тухайгаа манай уншигчдад сонирхуулаач?

-2011 онд бид анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо хагас финалд шалгарсан. Энэ тэмцээнд олон жил хүчээ сорьсон хамтлагуудтай өрсөлдөж ийм амжилт гаргасан. 1986 оноос хойш дөнгөж оролцсон хамтлагуудаас хагас финалд шалгарсан тохиолдол байгаагүй гэж зохион байгуулагчид нь ярьж байсан. 2015 онд оролцохоосоо өмнө хоёр жил өнжсөн нь санхүүтэй холбоотой. Хорин хэдэн хүний зардал хэцүү л дээ. Гэхдээ энэ хооронд хамтлагаа залуу халаагаараа сэлгэсэн. Бидний энэ жилийн зорилго бол уг тэмцээний финалын шатанд шалгарах цаашлаад медаль авах явдал. Манай хамтлагийнхан дор бүрнээ л ийм зорилт тавьж бэлтгэлээ хийж байгаа. Нэгэнтээ л ийм их зардал гаргаад явж байгаа болохоор амжилт гаргахын төлөө ажиллана.

-Хамгийн сүүлд буюу 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо ямар амжилт гаргав?

-Дахин хагас финалд шалгарсан. Манай багт 16-аас 22 хүртэл насны хүүхдүүд байсан. Маш залуухан баг маань дэлхийн хамгийн мундаг бүжигчидтэй өрсөлдсөн. Цэнгээнт бүжиг гэдэг бол багийн спорт. Ер нь бид гаргасан амжилтдаа сэтгэл маш хангалуун байгаа. Яг одоогийн энэ бүрэлдэхүүнээрээ гурваас дөрвөн жил бүжиглэх байх. Манай хамтлагт маш их нөөц харагдаж байгаа гэдгийг ч хэлмээр байна. Тэмцээнд явахад санхүүгийн асуудал тулгардаг. Түүнийг аль болох хүүхдүүддээ дарамт болгохгүйгээр шийдчихвэл амжилт тун ойрхон харагдаж байна.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог багуудаас хаанахын баг нь хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?

-Шилдэг багууд гэвэл Герман, Оросынх. Хоорондоо ана мана үзэлцдэг. Оросын “Вера” гэдэг баг маш хүчтэй өрсөлдөгч. Бид тэднээс юугаараа дутах гэж. Тэдний хэмжээнд бүжиглэнэ гэж зорьж байгаа.

-Азийн орнуудаас ямар орон оролцдог вэ?

-Яг энэ стандарт формейшн бүжгээр Монголоос өөр хамтлаг оролцдоггүй. Азид спорт бүжгийн энэ чиглэлээр сайн бүжигчид байлгүй яахав. Гэхдээ Азийн орнуудаас хосын бүжгээр оролцдог.

-Энэ жил танай хамтлагийн 30 жилийн ой тохиож байгаа. Энэ хугацаанд танай хамтлагт олон хүн бүжиглэсэн байх?

-Хамтлагийг төлөөлж тэмцээн уралдаанд оролцсон гэдгээр нь тооцох юм бол 300-гаад гишүүн байгаа. Манай дэргэдэх дугуйланд явдаг хүүхдүүдийг оруулах юм бол 1000-аад хүн бий.

-Танай хамтлагийн гишүүн болоход нэлээд өндөр шалгуур тавьдаг гэж сонссон. “Улаан сарнай”-н дэргэдэх дугуйланд явдаг байх ёстой, улсын хэмжээний тэмцээнд оролцсон байх гэх зэрэг?

-Бидний зүгээс гэхээсээ илүү урлаг маань өөрөө өндөр шаардлагатай. Хараад байхад хамгийн шилдэг хүүхдүүд шигшигдэн үлддэг. Энэ бол онцлог нь юм даа. Манай хамтлагийнхан нэгдүгээрт хичээлээ хаяж болохгүй, ээж аав нь хүүхдээ сургах гээд хэдэн саяын төлбөр төлсөн байгаа. Тиймээс хичээлээ сайн хийх хэрэгтэй, бүжгээ сайн мэддэг, түүндээ хайртай байх ёстой. Бэлтгэлээ таслахгүй байх ёстой. Нэг хүүхэд бэлтгэлдээ ирэхгүй байхад үлдсэн арван хэдэн хүний маань хөдөлмөр талаар болно. Түүнээс гадна хүүхдүүд чинь дүүгээ харна, аав, ээждээ тусална гээд бас ажилтай. Өөрөөр хэлбэл асар олон зүйлийг зохицуулах хэрэгтэй болно. Хувийн зохион байгуулалт маш өндөр байх ёстой. Хараад байхад явсаар байгаад л хамгийн сайн хүүхдүүд нь шигшигдээд үлддэг.

-Та нар хэзээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эхлэх вэ?

-Таван сард улсын хэмжээний тэмцээн дуусна. Ингээд оюутнуудын маань хичээл, шалгалт зэрэг нь явсаар байгаад зургаан сард дууссаны дараа жигдэрч эхэлдэг. Тэгээд л санхүүгийн асуудал, хүүхдүүдийн хувцас гээд бөөн юм болдог. Ер нь бол найман сараас бэлтгэл жигдэрдэг. Гэхдээ энэ хооронд хэсэгчилсэн бэлтгэлээ хийнэ. Найман сараас бүгд жигдэрнэ.

-Та бол өөрөө мэргэжлийн бүжигчин хүн биш. Яаж энэ хамтлагийг ийм амжилттай авч явж байна. Нууц нь юундаа байна?

-“Улаан сарнай” хамтлагийн өөрийнх нь нууцад байгаа болов уу. Миний хоёр багш амьд сэрүүн байхдаа олон зүйлийг зааж өгсөн. Багаар ажиллана гэдэг ийм байдаг. Ганц би өөрөө удирдаад бүх юмыг болгоод байгаа юм биш, үе үеийн “Улаан сарнай”-чууд байна. Манай төгсөгчид бидэнтэй үргэлж холбоотой байдаг. Зарим нь тэмцээн болох гэж байхад хүрч ирээд болохгүй байгаа юмыг нь хэлж өгнө. Би өөрөө бол бүр багаасаа бүжиглэсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Горняк” соёлын ордонд найман настайгаасаа эхлээд бүжиглэсэн. Түүнээс хойш тасралтгүй гээд бодохоор хорин хэдэн жил бүжиглэж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *