Европын Холбоо, Украины цэргийн аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөвт зориулсан бага хурлын үеэр Украины Зэвсэгт хүчний нисэгчгүй агаарын хүчний командлагч Вадим Сухаревский “Украин өөрийн гэсэн “Трезубец” гэх лазерын зэвсэгтэй болсон. Би андуураагүй бол өнөөдөр Украин лазерын зэвсэгтэй болсон тав дахь улс юм. Бид энэ зэвсгээр хоёр километр өндөрт байгаа ямар ч байг буудан сөнөөж чадна” гэж мэдэгдэв. Өнөөг хүртэл Украины лазерын зэвсгийн талаар юу ч яригдаж байгаагүй учир энэ нь гэнэтийн мэдээ болов. Украины зэвсгийн мэргэжилтэн, “Укроборонпром” концерны ажилтан асан Олег Катков BBC-д өгсөн ярилцлагадаа “Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд лазер зэвсэг бүтээх технологи, эд ангиуд илүү хүртээмжтэй, илүү хялбар болсон. Иймээс хэрэв Украины лазерын зэвсэг нь улсын зохион бүтээх товчооных бус харин зарим хувийн стартаппын санаачилга, ажлын үр дүн байхад би огтхон ч гайхахгүй” гэж хэлжээ. Гэхдээ энэ зэвсэг үр дүнтэй байх эсэх нь өөрөө нэлээд төвөгтэй асуудал бөгөөд хариулт нь олон хүчин зүйлээс хамаарна.
Харьцангуй хямд, сум хэрэгсэл шаардахгүй, дахин дахин ашиглаж болох үр дүнтэй зэвсэгтэй болох санаа тухайн үеийн их гүрнүүд болох ЗХУ, АНУ-ын цэргийн удирдлагуудын анхаарлыг татав. Онолын хувьд хүчирхэг лазер туяа хэдхэн секундын дотор дайсны техникийг сөнөөж чадах бөгөөд энэ зэвсгийг хамгаалалтын болон довтолгооны аль алинд нь ашиглаж болох учир хамгийн тохиромжтой зэвсэг юм. Гэвч практик дээр бүх зүйл илүү төвөгтэй гэдэг нь нэг их удалгүй ойлгомжтой болсон билээ.
Ийнхүү ЗХУ, Америкийн эрх баригчдын пуужин, онгоцыг лазераар устгах тухай хийсэн мэдэгдэл удалгүй мартагдав.Үнэндээ бол тэд хэд хэдэн хувилбар бий болгосон ч эдгээр нь үүл, манан, тоостой агаарт ажиллах чадваргүй байжээ. Гэтэл байлдааны үед тэнгэр цэлмэхийг хүлээж суух хэн байх билээ. Мөн цаг агаараас гадна гол саад бэрхшээл нь лазерыг тэжээх хүчирхэг эрчим хүчний эх үүсвэр, ашигласны дараа хэрхэн хурдан хөргөх,хэд хэдэн хөдөлж буй байг яаж нэгэн зэрэг бүгдийг нь устгах вэ гэсэн олон асуудал үүссэн учир лазерын зэвсгийг хэтийн төлөвгүй хэмээн үзэж санхүүжилт, бүтээн байгуулалтыг нь зогсоосон билээ.Гэвч шинэ сорилтууд, тэр дундаа Орос-Украины дайны бараг л гол зэвсэг болж, өргөнөөр хэрэглэгдэж буй дроны асуудал байлдааны лазерыг хөгжүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэв. Учир нь хямд үнэтэй олон дронтой тэмцэхэд чухамхүү лазерын зэвсэг л тохирох зэвсэг юм. Дроны эсрэг өндөр үнэтэй зенитийн пуужин ашиглах нь эдийн засгийн хувьд ашиггүй бөгөөд нисэж буй дроныг пулемётоор газраас буудах оролдлого ихэнхдээ бүтэлгүйтэж байв. Ийнхүү АНУ, Оросоос гадна Хятад, Их Британи, Өмнөд Солонгос, Япон, Израиль байлдааны лазерын технологид хөрөнгө хаяж эхлэв. АНУ-д дайсны пуужингийн эсрэг, түүнчлэн тэнгисийн цэргийн болон нисэх хүчинд лазерын системийг хөгжүүлэн туршив. Оросын удирдагч Владимир Путин хэдэн жилийн өмнө хиймэл дагуулыг хүртэл туяагаар сөнөөх чадвартай лазерын “Пересвет” зэвсэгтэй болсон гэж дэлхий нийтэд гайхуулж байсан ч сурсан зангаараа удалгүй сураг тасрав.Харин Хятадуудагаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах лазерын зэвсэг туршиж, аюулгүй байдлын албаныхан нь лазер винтовтой болж, үймээн самуунд оролцогчдыг түлчихлээ гэх мэдээлэл тарав. Тэгвэл өнгөрсөн намар Израилийн арми ирэх оны эцэс гэхэд өөрийн зэвсэглэлд авах “Iron Beam” лазерын системийн эхний багцыг захиалан үйлдвэрлүүлж эхлэв. Энэхүү агаарын довтолгооноос хамгаалах систем нь хэдэн зуун метрээс хэдэн километрийн зайд байгаа маш жижиг байг ч устгах чадвартай юм. Мөн Өмнөд Солонгос, Япон улсууд дрон болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах лазерын зэвсгийн загваруудаа олон улсын зэвсгийн үзэсгэлэн дээр тавьж олон нийтэд танилцуулсан бол Их Британи өөрийн “DragonFire” лазерын системийг 2027 оноос өмнө армийн хэрэгцээнд авна гэж мэдэгдэв. Тэд “Бид 55 кВт-ын чадалтай, 37 тусдаа суваг бүхий лазерын туяа бүхий системийн тухай ярьж байна. Энэ нь нэг километрийн зайд төмрийг шатаах боломж олгоно” гэж мэдээлж байсан билээ. Иймээс Их Британи өнгөрсөн хавар өөрийн “DragonFire”-ийн дээжийг байлдааны нөхцөлд туршихаар Украинд шилжүүлсэн байх өндөр магадлалтай. Гэтэл Украины Зэвсэгт хүчний нисэгчгүй агаарын хүчний командлагч Вадим Сухаревский Украины “Трезубец” хоёр км өндөрт байгаа онгоцыг сөнөөж чадна гэсэн. Энэ бол нэлээд “том” үзүүлэлт. Британийн “DragonFire” нь нэг километрийн зайд л байг устгаж чаддаг. Израилийн “Iron Beam” нь хоёр дахин их зайд байг устгах ч англичуудынх шиг 55 биш, харин 100 киловатт цахилгааны хүчин чадал шаарддаг.
Энэ бүхэн “Хэн нэгэндээ дайсагнаж байгаа талд зэвсэг нийлүүлэхгүй” гэсэн 2015 оны гэрээгээ ОХУ бүдүүлгээр зөрчсөнд уурлаж, бухимдаж буй Израиль, угаасаа дарангуйллын дэглэмд дургүй Их Британи хоёрын шууд дэмжлэгээр Украины хувийн хэвшлийнхэн маш богино хугацаанд лазерын зэвсэг бүтээсэн байж магадгүй гэдгийг харуулж байна. Эсвэл Хойд Солонгосын цэрэг Украины эсрэг байлдаж байгаад дургүйцсэн Өмнөд Солонгос, Япон хоёр Украинд шууд бэлэн лазерын зэвсэг өгсөн байхыг үгүйсгэх аргагүй. Ямар ч байсан Украин маш богино хугацаанд “Трезубец”буюу “Гурван хошуут” гэх Украины далбаан дээрх сүлдний нэр бүхий, өөрийн лазерын зэвсгийг үйлдвэрлэж эхэлжээ.