Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮЙЛ ЯВДАЛ: “Энэ долоо хоногт юу болох вэ” DNN.mn


Манай сонин “Энэ долоо хоногт юу болох вэ” буланг шинээр нээсэн билээ. Энэ долоо хоногт зохион байгуулагдах улс төр, эдийн засаг, боловсрол, спорт, урлагийн тоглолтуудын талаар тоймлон хүргэе


Улс төр

• Даваа гаригт: УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон МАН-ын бүлэг тус тус хуралдана.

• Мягмар гаригт: Төсвийн байнгын хороо хуралдаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

• Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ.

• Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.

• Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсоно. Мөн Аймаг дундын отрын бүс нутаг болон бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонсоно.

• Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Лхагва гаригт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж, “Эрдэнэс-Тавантолгой Хувьцаат Компанийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгой орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”-ийн талаарх Үндэсний аудитын газрын гүйцэтгэсэн аудитын тайлан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингөөс Монгол Улсын Шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” асуултын хариуг сонсоно.

Инноваци, цахим бодлогын байнгын хороо хуралдаж, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.

• Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.

Пүрэв гаригт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв баасан гаригуудад болно. Хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслүүд зэрэг 17 хуулийн төслийг хэлэлцэнэ.

• Монгол-Хятад-Оросын Худалдаа эдийн засгийн XVI нэгдсэн чуулган “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл” сэдвийн хүрээнд 8-9-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Шүүх хурал

• Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр 36 дахь өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.

Лекц, форум

• Японы “Бивако гакүйн” дээд сургуулийн захирал, Японы боловсрол судлаач Окита Юкүжи-гийн “Япончуудыг бүтээсэн боловсрол” номын нээлт, “Япон үндэстнийг бүтээсэн боловсролын нууц” нээлттэй лекц зургадугаар сарын 8-нд Монгол Улсын их сургуулийн Номын сангийн байрны гурван давхарт 302 тоотод 12:20 цагаас болно.

• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Инновацийн түншлэл” форум өнөөдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 13:00 цагт болно.

• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд “Инновацийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл болоод нийгмийн хариуцлага”-ын талаарх хэлэлцүүлэг зургадугаар сарын 7-нд Блю Скай зочид буудалд зохион байгуулагдана.

• “Монголын инновацийн долоон хоног” арга хэмжээний хүрээнд “ICT Mindgolia-2023” форум зургадугаар сарын 8-нд Шангри-Ла зочид буудлын их танхимд 8:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Уран бүтээлийн үзэсгэлэн

• Уран бүтээлч Лундаагийн Доржбатын бие даасан Агнистын гэгээ “Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын 11-ны өдөр хүртэл 9:00-18:00 цагийн хооронд дэлгэгдэнэ.

• Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Н.Гүнчинсүрэнгийн “Европын тэмдэглэл-2” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн өнөөдөр Монгол Арт галерейд дэлгэгдэж өндөрлөнө.

• Гэрэл зурагчин О.Болорсувдын Улаанбаатар хотод байрлах барилга байгууламжийн өнцөг булан бүрийг сонирхолтойгоор харуулахыг зорьсон “Өнцөг” архитектурын гэрэл зургийн үзэсгэлэн “Red ger” галерейд энэ сарын 6-11-нд болно.

• МУЭ-ийн гишүүн зураач Т.Өлзийжаргал, МУЭ-ийн гишүүн зураач А.Өлзийжавхлан нарын хамтарсан “Баярлалаа” үзэсгэлэн “Монгол Арт” галерейд зургадугаар сарын 7-10-ны өдрүүдэд болно.

• МУЭ-ийн гишүүн С.Шүрэнцэцэгийн “Bold Female Forms” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 7-17-ныг хүртэл Норфей арт галерейд дэлгэгдэнэ.

Жүжиг

• Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Улсын Драмын эрдмийн театрт маргааш 19:00, зургадугаар сарын 7, 8, 9-нд 19:00, 10, 11-нд 18:00 цагаас тус тус тоглогдоно.

• “Орфей” театрын “Шөнө дундын бүжиг” драмын жүжиг Улаанбаатар зочид буудлын их танхимд энэ сарын 5-11 хүртэл 20:00 цагт тоглогдоно.

Дуурь

• Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зургадугаар сарын 10, 11-нд 17:00 цагт тоглогдоно.

Тоглолт

• “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам палас”-т өнөөдрөөс энэ сарын 5-11-нд 18:00 цагт тус тус тоглогдоно.

• “Hun Totem” үндэсний урлагийн тоглолт “Хүн театр”-т энэ сарын 5-11-нд 15:00 цагт тус тус тоглогдоно.

• “Ид шидийн орон Хөвсгөл” төслөөс зохион байгуулж буй “Бид нэг нутаг Хөвсгөл” бүх оддын нэгдсэн тоглолт зургадугаар сарын 9-ны өдөр Ub Palace-т 19:00 цагт болно.

• “Хурд” хамтлагийн түүхт 30 жилийн ойн тоглолт зургадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 15:00 цагт болно.

• Өвөрхангай аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх бүжгийн “Ирмүүн” клубын 20 жилийн ойн “Бүжгээр урлахуй” хүндэтгэлийн тоглолт зургадугаар сарын 10-ны өдөр Монголын хүүхдийн ордонд 16:00 цагт болно.

Спорт

• Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд зургадугаар сарын 10-нд болно.

• Архангай аймгийн Хотонт сумын 100 жилийн ойд зориулсан Ах дүү гурван цолтны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан зургадугаар сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

• Спортын төв ордонд сагсан бөмбөгийн ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.

• “GAN” sport цогцолборт сагсан бөмбөгийн зуны лигийн тоглолтууд зохион байгуулагдана.

Нийгэм

• Монгол Улсын инновацийн хөгжил хаана явааг тодорхойлж, монгол хүний оюуны чадамж хаана хүрсэн мөн хаана хүрэх боломж байгааг хэлэлцэж танилцуулагддаг “Инновацийн долоон хоног-2023” энэ сарын 5-11-нийг дуустал үргэлжилнэ.

• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд “Эрдэм хакатон” Мэдээлэл технологийн үндэсний паркт зохион байгуулагдана.

• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд Их сургуулиудын инноваци, шинэ технологийн танилцуулга уулзалт, үзэсгэлэн маргааш МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 501 тоотод болно.

• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд маргааш болон зургадугаар сарын 8-ны өдөр 17:00 цагаас “Innoweek stage” арга хэмжээ Мэдээлэл, технологийн үндэсний паркын гарденд зохион байгуулагдана.

• Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT EXPO-2023” “Mindgolia” уриан дор зургадугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 16 дах жилдээ зохион байгуулагдана.

• 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй “Steppe Wind” фестиваль энэ жил мотоцикл сонирхогчид, амьд хөгжимд дурлагсад болон гадны жуулчдад зориулан цоо шинэ өнгө төрхтэйгөөр энэ сарын 10-нд Чингисийн Хүрээ Амралтад 18:00 цагт зохион байгуулагдана.

• ЕБС-ийн сурагчдад зориулсан “Мэргэжлээ олох өртөөчилсөн аялал” нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 10-нд 10:00-18:00 цагийн хооронд Санхүү эдийн засгийн их сургуулийн C, B байрт зохион байгуулагдана.

• “Элбэгдорж” хүрээлэнгээс Монгол улсын Ерөнхийлөгч асан, Стэнфордын Их сургуулийн Фриймэн Споглигийн олон улс судлалын хүрээлэнгийн зочин багш Ц.Элбэгдоржтой уулзалт, ярилцлагыг Блю скай зочид буудлын Даймонд танхимд энэ сарын 8-нд 14:00-17:00 цагт зохион байгуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *