Categories
мэдээ нийгэм цаг-үе

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гарган сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг парламентад суудалтай намуудыг оролцуулан байгуулсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоор ажлын хэсгийг ахлуулж, Д.Ганбат, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл нарыг бүрэлдэхүүнд нь оруулсан юм. Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуулийн төслөө боовсруулсан ч УИХ-д өргөн барихын өмнө УИХ дахь АН-ын бүлэг зарим зүйл дээр өөр байр суурь илэрхийлэх шаардлагатай гэж үзсэн. Улмаар тусдаа хуулийн төсөл боловсруулсан юм. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон АН-ын бүлэг төслөө тус тусад нь өргөн бариад байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны лхагва гаригийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна. Хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсний дараа ажлын хэсэг гарган хоёр төслийг нэгтгэн хэлэлцэх юм.

УИХ-ын сонгуулийн тухай хоёр хуулийн төсөл хоорондоо ямар ялгаатайг танилцуулъя.

Ажлын хэсгийн боловсруулсан төсөл:

  • УИХ-ын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүтэц, бүрэн эрх, ажиллах журам, гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох,
  • Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах,
  • Сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагаанд төрийн байгууллага болон сонгуульд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх,
  • Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн урьдчилан санал авах,
  • Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
  • Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх,
  • Жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам дангаараа сонгуульд оролцсон бол 3, хоёр нам эвсэж орсон бол 5, гурав болон түүнээс дээш нам эвссэн бол 7 хувь байх босго тавина.

АН-ын боловсруулсан төсөл:

  • Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульчилж, тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох,
  • Жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих,
  • 48 мандатыг тойрог хуваах зарчмаар хуульд тусгаж өгсөн, өмнөх 12.2 дугаар зүйлийг энэ зарчимд нийцүүлж, өөрчлөн найруулав. Тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч явах ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах,
  • Нэр дэвшүүлэх зарчим хэвээр байх,
  • Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглох,
  • Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх,
  • Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
  • Жагсаалт нээлттэй байх,
  • Жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл 3 хувь байхаар оруулах. Мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг хангах,
  • Тойргийн хорооны дарга, бүрэлдэхүүнийг гэрчилгээтэй төрийн захиргааны ба үйлчилгээний албан тушаалтан байх,
  • Сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *