Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн М.Билэгтийн ахалсан Ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Баянхонгор аймгийн Политехникийн коллеж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаа, ажил байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар багш, ажилтнуудтай санал солилцлоо.

Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрт 2016, 2017 онд хамрагдаж байсан болон 2018 онд хамрагдахаар хүсэлтээ гаргасан, хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургалтад хамрагдсан иргэдийн санал бодлыг сонслоо.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Билэгт ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны зөвлөх Г.Баяртуяа, референт Э.Баттогтох, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Халамжийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, тус газрын мэргэжилтэн Х.Аззаяа, Г.Бямбалхам нар ажиллаж байна.

Төсөл, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд олон байдаг учир төсөл хэрхэн бичих аргачлалын талаарх сургалтыг төсөл шалгаруулалтаас өмнө үе шаттай хийж байх, төслийн санхүүжилтийн дүнг нэмэх, төслийн тооцоолол хийсэн дүнгээр санхүүжилтийг олгодог байх, хэрэгжилтийн явцад хяналт тавьж, шаардлагатай асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллахад анхаарах хэрэгтэй байна гэсэн санал хүсэлтийг уулзалтад оролцсон иргэд хэлж байна.

Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцах явцад багш, ажилтан, оюутнуудаас УИХ-ын гишүүн М.Билэгтэд ханданмэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааг орон нутгийн онцлогтой уялдуулах, тухайлбал тус коллежийн 2019 оны элсэлтэд тусгайлан анхаарч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах багш, туслах багш, мал аж ахуй, газар тариалангийн мэргэжилтэн, малын гаралтай түүхий эд боловсруулах чиглэлээр ажиллах боловсон хүчин элсүүлэн бэлтгэх нь суралцаж төгссөн залуучууд ажлын байраар хангагдах, ажлын байранд зуучлахад илүү дөхөм болохоос гадна сургалтын байгууллагын нэр хүнд, төлөвшилд чухал ач холбогдолтой гэдгийг хэлж, энэ талаар төрийн бодлогод тусгах, хууль эрх зүйн орчныг өөрчлөн сайжруулахыг санал болгож байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *