Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд БНФУ-ын парламентын Сенатын танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Францын парламентын бүлгийн дарга Л.Болд, бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн нар өнөөдөр Франц улсын парламентын Сенатын танхимын гишүүн, Сенатын танхим дахь Франц Монголын парламентын бүлгийн дарга Франсуа Пие, гишүүн Филип Мүие нарыг хүлээн авч уулзав.

Ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ дахь парламентын шинэ бүлгийн анхны зочид нь Франц улсын парламентын Сенатын танхимын гишүүд болж буйг уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд онцолсон юм. Мөн тэрээр өргөн цар хүрээтэй энэ удаагийн айлчлал нь найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагаагаа хөгжүүлж буй манай хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. УИХ дахь МонголФранцын парламентын бүлэг нь 21 гишүүнтэй, өргөн бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулагдсан бөгөөд үр дүнтэй хамтран ажиллах зорилгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байгаа талаар танилцуулав. Манай улс, Франц улсын харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгааг УИХ-ын гишүүн Л.Болд хэлээд “Цаашид эдийн засгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны шинэ эрин үеийг нээх чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллах болно” гэв.

Бүгд Найрамдах Франц улсын парламентын Сенатын танхимын гишүүн, Сенатын танхим дахь Франц Монголын парламентын бүлгийн дарга Франсуа Пие“ФранцМонголын парламентын бүлэг бол Сенатын танхимд чухалд тооцогддог, энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд манай бүлгийн шинэ гишүүн Филип Мүие багтсан. Манай бүлэг хоёр орны хооронд хийгдсэн болон хийгдэж буй хэлэлцээ, яриа, хэлэлцээрүүдийн явцыг түргэтгэхэд нөлөө үзүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлого баримталж ажилладаг. Өргөн хүрээнд хамтран ажилладаг Франц, Монгол орны хамтын ажиллагааны илрэл болсон нэгэн үйл явдалд бид оролцоод ирлээ. Улаанбаатар дахь олон улсын Франц сургуулийн нээлтэд бид оролцсон бөгөөд энэ нь хоёр улсын найрсаг харилцааг ирээдүй, хойч үедээ өвлүүлж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна” гэлээ. Ноён Франсуа Пие, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй байх нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Л.Болдыг бүлгийн бусад гишүүний хамтаар ойрын хугацаанд Сенатын танхимд зочлохыг урилаа. Үргэлжлүүлэн талууд соёл, боловсрол, мэдээлэл технологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа болон Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан ярилцав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *