Categories
мэдээ нийгэм

УИХ-ын Эрхэм гишүүд танаа . . . ХОНОГ ХУГАЦАА ТООЛЖ ЦЭРГИЙН АЛБА ХААХАА БОЛЬЁ

Саяхан хуучин танил маань утасдаж Сонгино дахь цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байгаа хүүг минь цэргийн албанаас халагдуулж өгөх асуудлаар хөөцөлдөж өгөөч гэж байх юм. Учрыг нь лавлавал хүү минь идэж уучихаад хийх ажилгүй зүгээр хэвтээд байх хэцүү юм. Очиж хэдэн ямаагаа самнаж тав, арван төгрөг авъя гээд байна гэх юм.

Бас Төв аймгийн цэргийн ангид алба хааж байгаа садангийн дүүгээ эргэж очиход тэрээр “8 сараар халагддаг цэргүүдэд намайг оруулаад өгөөч, уйдаад байна, Би онц сурлагатан, онц буудагч сурах юмаа сурчихлаа одоо яах юм бэ” гэж бардамналаа.

Иргэн, цэргийн байлдагч хоёрын энгийн энэхүү яриа өчүүхэн зүйл юм шиг боловч яах аргагүй олон нийтийн санал гэж үзэж болохоор байна. Ялангуяа Төрийн батлан хамгаалах бодлогыг УИХ-аар хэлэлцэж байгаа өнөө үед бүр ч чухал байж магад. Энэ удаагийн УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Батлан Хамгаалах Яамнаас өргөн барьсан Төрийн батлан хамгаалах бодлогын үндэс нь Батлан хамгаалах асуудлыг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, иргэдийн батлан хамгаалах бэлтгэлжилтийг сайжруулах, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадвар үр ашгийг дээшлүүлэх боломжтой сайн бодлого болжээ хэмээн дэмжиж байна.

Мэдээж энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх явцад улам чанаржиж, олон нийтийн дэмжлэгийг авна гэдэгт найдаж байна. Энэ салбарт олон жил зүтгэж яваа судлаачийн хувьд зарим асуудлаар нь саналаа илэрхийлэхийг хүслээ.

Нэгэн зүйл: Салбар, салбарын эрх ашгийг хөөцөлдөж амбийцлахгүйгээр батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх цаг нэгэнт болжээ. Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо нь нийтлэг эрх ашиг, хуулийн зохицуулалт, удирдлагыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын газар зэрэг байгууллагууд нэгдмэл нийтлэг хуультай, удирдлагатай байх нь цөөхөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд нэн чухал болох нь саяхан зүүн аймагт гарсан түймрээс эхлээд олон зүйл дээр харагдаж байгаа төдийгүй бодит амьдрал шаардаж байгааг хэлэх юун.

Нэгэн зүйл: Энхийг сахиулах хүчинд үүрэг гүйцэтгэдэг мэргэжлийн цэрэгт суурилсан дайчилгааны хангалттай нөөц бүхий бэлтгэл хүчинтэй, орчин үеийн зэвсэг техникээр иж бүрэн хангагдсан үүрэг гүйцэтгэх чадвартай чадварлаг зэвсэгт хүчинтэй байх өнөөгийн бодлогыг улам баталгаажуулах шаардлагатай байгаа юм. Зэвсэгт хүчний хөгжлийн зураглалыг 2040 он хүртэл гаргаж, жил жилээр нь хийх ажил, гарах үр дүнг тооцоолж ямарч Засгийн газрын үед хөдлөшгүйгээр хэрэгждэг байхаар хуульчлан баталгаажуулахыг хэлж байна.

Нэгэн зүйл: Өнөөдөр дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн бэлтгэдэг цэргийн албыг хугацаат цэргийн алба, дүйцүүлэх алба, мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах болон гэрээт цэрэг гэх мэт хэлбэрээр явуулж байна. Эдгээр асуудлыг нухацтай судалж эрс өөрчлөлт хийх шаардлагатай байна.

Миний энд хэлэх гээд байгаа зүйл бол цэргийн албыг хоног хугацаагаар нь хэмжиж тооцоолж байгаа явдал юм.

Цэргийн алба 5 жил байхад хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн С.Янжмаа гуай эмээл нь хувхайрч, эм нь сувайрлаа хэмээн үзэж 3 жил болгож байсан бол их зохиолч С.Удвал гуай 3 жилийн албыг 2 жил болгох санал гаргаж хуульчлан баталгаажиж байв.

Тэгвэл бидний хэсэг эрдэмтэд 2 жилийн албыг 1 жил болгох санал дэвшүүлж цэргийн эрчимт сургалтын туршилтыг Өмнөговь аймаг дахь цэргийн ангид явуулж баталгаажуулан БХЯ, ЗХЖШ-д илтгэж байлаа. Ингээд 1992 оноос 1 жилийн цэргийн албатай болсон.

Би энэ судалгааныхаа ажлыг эрчимжүүлж цэргийн сургалтыг эрчимжүүлэх онол, практикийн асуудлаар доктор, шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалж, Төв аймгийн цэргийн ангид 100 хүнтэй туршилт явуулж цэргийн сургалтыг эрчимжүүлэх цэргийн сургалтын шинэ чиглэлийг бий болгосон. Энэ ажилдаа өнөөгийн цэргийн сургалтын 1 жилийн хөтөлбөрийг 3.5 сарын дотор эзэмшиж суралцах бүрэн бололцоотой гэдгийг баталж цэргийн албыг 6 сар болгох санал, зөвлөмж дэвшүүлж байлаа. Бидний яриад байгаа цэргийн эрчимтэй богино хугацааны вакумжуулсан сургалтын тогтолцооны Швейцарь загварыг Украйнчууд хэрэглэж эхэллээ. Энэ ч байлдаж байгаа орны хувьд санамсаргүй тохиолдол биш байх. Ийм загвар Швейцариар зогсохгүй Израйль, Америкийн цэргийн тодорхой хэсэгт ч хэрэглэж байна.

Ингэж хугацаат цэргийн албаны хугацаа 5, 3, 2, 1 жил гэх мэтээр нийгмийнхээ хөгжлийг дагаж багaсаж ирсэн нь тохиолдлын хэрэг биш хөгжлийн зүй тогтол юм. Цэргийн албыг хоног, хугацаагаар хэмждэг хэвшмэл хуучирсан тогтолцоот сэтгэлгээнээсээ салахыг биднээс шаардаж байгаа хэрэг.

Энэ нь бидэнд юу хэлж байна гэвэл бид цэргийн албыг хоног хугацаа тоолж хаадаг биш цэргийн тодорхой мэргэжлийг цаг хугацаатай уралдаж, сургалтын хугацаа хэмнэж, өөртөө үр дүнтэй, өгөөжтэй байхаар хаахыг олон нийт хүсэж байгааг судалгаа, туршилтаар нотолж илэрхийлж байгаа юм.

Нэгэн зүйл: Шашны ёс зүй болон элдэв шалтгаан биш шалтгаанаар цэргийн албыг дүйцүүлж хаах нь 2 жилийн хугацаатай цэргийн штабт бүртгүүлээд хааяа цэргийн штабын офицеруудад загнуулсан шиг байж байгаад өнгөрч байгаа цэргийн алба байна. Уг нь дүйцүүлэх алба хааж буй хүн 470 гаруй цагийн цэргийн сургалтанд хамрагдаж 180 хоног үүрэг гүйцэтгэж тодорхой ажил хийх ёстой. Хийх ажил олдохгүй бол цэргийн штабын офицерийн хүүхдийг харсан шиг, ясли, цэцэрлэгээс авсан шиг л байж байна. Ингэж дүйцүүлэх байдлаар цэргийн алба хаах нь учир утгаа алдаж хэнд ч хэрэггүй “арын хаалганы, авлига цэцэглүүлэх алба” болж байна гэж олон нийт шүүмжилж байгаатай санал нэг байна. Иймээс дүйцүүлэх журмаар цэргийн алба хаасан болдог энэ хэлбэрдлийг зогсоомоор байгаа юм.

Нэгэн зүйл: Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хааж буй өнөөгийн байдал нь амьдралд нийцэхгүй зөвхөн хуулиар биш үзэмжээр шийдэх бололцоог олгож байна. Цэргийн алба хаалгүй 26 нас хүрсэн бол нэг хугацаат цэргийн жилийн зардал болох 4.4 сая төгрөг төлөх ёстой боловч оюутан байсан, цэргийн татлагад орсон байдлаар нь хөнгөлж 600.000-1.000.000 төгрөг төлөөд өнгөрөх жишээтэй. Энэ нь өнөөгийн нөхцөлд цэргийн албыг завших нэг нөхцөлийг хуулиар бий болгож байна. Улмаар бүх нийтээр цэргийн алба хаах үндсэн хуулинд заасан иргэний журамт үүрэг болох цэргийн алба хаах үүргээ “оронцоглон ацаглаж” байгаа хэрэг болод байна.

Үнэхээр ийм хууль хэрэгжиж байгаа бол Турк улсын жишээгээр 10- саяас дээш төгрөг тушаагаад цэргийн албыг хаасан болох нь илүү шударга ёсонд нийцнэ. Цэргийн албыг дүйцүүлэн биеэр болон мөнгөн төлбөрөөр хаадаг энэ хуулийг өөрчилж “Оюутан цэрэг” хөтөлбөрөөр цэргийн алба хаадаг шинэ төрөл бий болговол батлан хамгаалах салбартаа, хувь хүндээ ч өгөөжтэй гэж үзэж байна.

Нэгэн зүйл: Монол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гарч Батлан Хамгаалахын сайд, Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны сайд нарын хамтарсан тушаалаар оюутан залуус цэргийн алба хаах журам батлан “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн Цэргийн ерөнхий бэлтгэл болон цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт явуулж цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр оюутан залуусыг бэлтгэж байна. Энэ сургалтанд хамрагдсан оюутан цэргүүдийг хугацаат цэргийн албан хаагчдаас илүү сайн сургагдсан гэж цэргийнхэн болон олон нийт үзэж байна.

Сургалтын бүлгийн багшлах бүрэлдэхүүнийг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах сургалт зохион байгуулж, цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл гэсэн 2 сурах бичиг боловсруулан гаргаж гарын авлага болгон нийт багш, оюутнуудад өгч ямар ч дэвтэр харандаагүй зөвхөн сурах бичиг ашиглан дадлагажих журмаар цэргийн вакумжуулсан эрчимт сургалтын модуль блокын сургалтын арга зүйгээр явуулж байгаа юм.

Түүнчлэн Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нарын гаргасан санал, албан ёсны хүсэлтийг үндэслэн энэ удаад Говьсүмбэр аймгийн техникийн коллежийг түшиглэн цэргийн ерөнхий бэлтгэл сургалт явуулахаар болж тусгай багш томилон туршилтын журмаар (нийт 50 гаруй оюутан залуусыг хамруулан) сургалт явуулж эхлүүллээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн асуудлаар нийт багш, эцэг, эх, оюутан залуусаас дэмжиж, бас оролцохоо илэрхийлэх зэргээр 100 гаруй санал хүсэлт ирээд байгаа ба судалж үзэхэд “Оюутан цэрэг” хөтөлбөр нь цаг хугацаа хэмнэсэн, эдийн засгийн хувьд ашигтай, хүнд наалдацтай, залуусын хүмүүжил төлөвшилд сайнаар нөлөөлж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Жишээлбэл: МҮИС-ийн захирал Б.Мөнхбат: Бид энэ хөтөлбөрийг их дэмжиж байгаа. 2014 онд 35 оюутан хамруулахад тэд маш өөрчлөгдсөн бөгөөд хичээл сургуульд хандах хандлага нь төлөвшсөн байна. Иймээс бид энэ жил 100 гаруй оюутан хамруулж байгаа ба цаашид цэргийн тусгай тэнхим байгуулж ажиллах саналыг БХЯ-нд тавиад байна.

МУБИС-ийн Оюутны албаны дарга н.Анужин: Энэ хөтөлбөр залууст их сайнаар нөлөөлж байна. Хамрагдсан залуус үг сайн сонсдог, дуулгавартай, гүйцэтгэх чадвартай, мэдлээ гээд гүйгээд байдаг болсон нь бусад оюутнууддаа сайнаар нөлөөлж байна. Сурлагандаа ч амжилт гаргаж эхэлсэн. Бид байр танхимаар боломжоороо дэмжинэ. Оюутнууд жаахан өлссөн гэж ярьж байна лээ.

МУИС-ийн оюутан Т.Цэнд-Аюуш: Би “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байна. Би “Оюутан цэрэг” хөтөлбөр гэсэн Facebook шинээр ажиллуулж байгаа. Би бас цэргийн баяраар “Оюутан цэргүүд” гэсэн бие даасан үдэшлэг өөрийн сургууль дээрээ сайн дурын үндсэн дээр зохион байгуулахад багш, оюутнууд их сайхнаар дэмжин хүлээн авсан. Оюутан цэрэгт хамрагдсан 100 гаруй залуус тамхинаас гарч нилээд нь илүүдэл жингээ их хассан шүү. Ер нь хүний төлөвшилд их хэрэгтэй юм байна лээ. Оюутан залууст хэрэгтэй “Оюутан цэрэг” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид их баярлалаа гэж хэлмээр байна. Цаашид хууль эрх зүйн үндэслэлийг улам боловсронгуй болгох хэрэгтэй юм шиг байна лээ гэх мэт бидэнд олон сайшаасан санал, хүсэлт оюутан залуус, багш, иргэдээс ирсээр байна.

БХЯ, ЗХЖШ, БХИС болон энгийн их, дээд сургуулийн удирдлага хөтөлбөрийг зохион байгуулах туршлагатай болсон төдийгүй олон нийт, оюутан залуус дэмжиж байгаа нь хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж байгаа төдийгүй 2015 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1100 гаруй оютутан залуус 7 их сургууль дээр амжилттай хичээллэж байна.

Дараагийн шатны цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтыг 2015 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл “Оюутан цэрэг” хөтөлбөрт зориулсан хээрийн сургалтын төвд явуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

Ер нь “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтыг олон шат дараалалтайгаар жил дараалан сунжруулж богино биш хугацаагаар зохион байгуулах нь нэлээд хүндрэл чирэгдэлтэй болох талтай. Хэрэв ингэж сунжирвал их цаг хугацаа зарцуулж, зардал өртөг 3 дахин өснө. Түүнчлэн оюутнууд 3 жил дараалан цэргийн сургалтад хичээл сургууль, дадлагын ажлаа таслан хөтөлбөрт хамрагдах боломжгүй болох юм. (2 дугаар курст танилцах дадлага, 3 дугаар курст мэргэжлийн болон үйлдвэрлэлийн дадлага зуны улиралд явагддаг төдийгүй ажил хийж сургалтын төлбөрөө хийх гээд оюутан залуус амрах завгүй байдгийг хэлэх хэрэгтэй).

Одоогийн мөрдөж байгаа хуулиар дээд сургуульд суралцаж буй оюутан залуусыг цэргийн албанд татахгүй чөлөөлж байгаагаас дээд сургууль төгсөгчид бараг цэргийн алба хаахгүй байна.

Монгол төрийн уламжлалд дээд сургууль төгсөгчдийг цэргийн алба хаалгах янз бүрийн арга хувилбарыг хэрэглэх бололцоо олгож байжээ. Тухайлбал 3 жилийн хугацаат цэргийн албатай байх үед энгийн их, дээд сургуулиудад цэргийн тэнхим ажиллаж цэргийн бэлтгэл сургалт явуулан төгсөх ангид нь 45 хоногийн хугацаатай цэргийн сургалтад хамруулж бэлтгэл офицер цол олгож байсан туршлага байгаа. Түүнчлэн дээд боловсролтой хүнийг офицерийн мэргэжил дээшлүүлэх дамжаанд 45 хоног суралцуулж офицер болгон цэргийн албанд авдаг. Мөн цэргийн алба 2 жил байхад дээд боловсролтой хүн нэг жилээр цэргийн алба хаах журамтай байв. Тэгвэл өнөөдрийн бидний “Оюутан цэрэг” сургалтын хөтөлбөр бол 4 сарын хугацаанд цэргийн ерөнхий бэлтгэл 96 цаг, цэргийн мэргэжлийн бэлтгэл 560 цагийн хөтөлбөрөөр бэлтгэл офицер биш зөвхөн дайчилгааны нэгдүгээр бэлтгэл цэргийн үүрэгтэн байлдагч бэлтгэж байгаа нь цэргийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж байгаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Иймээс “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж байгаа оюутан залуус нийт 4 сар 14 кредит, 656 цаг вакумжуулсан эрчимтэй сургалтаар цэргийн хэрэгт суралцаж, буудагч-тасгийн дарга гэсэн цэргийн бага мэргэжил эзэмшиж байгаа бөгөөд хугацаат цэргийн албан хаагчийн нэг жилийн хугацаанд 864 цагийн сургалтын хөтөлбөрийн 80 хувийг хангаж байгаа юм. Мөн албаа 8 сарын хугацаанд үлгэр жишээ хаан халагдаж байгаа цэргийн сургалтын хөтөлбөрүүдийг бүрэн хангаж байгаа учраас цэргийн жинхэнэ алба хаасанд тооцон, дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн байх боломжтой гэж үзэж байна.

Ингэснээр хөтөлбөрт хамрагдсан оюутнууд дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэж байгаа тул цаашид Дайчилгааны тухай хуулийн 29.1.2 дахь заалтын дагуу 50 нас хүртэл 3 жил тутам 1 удаа 1 сарын хугацаатай цэргийн анги, байгууллагад дайчилгааны бэлтгэл үүрэгтний сургалтанд 8 удаа 8 сар хамрагдах юм. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулинд заасан иргэний цэргийн журамт үүргээ биелүүлэх боломжтой болж байгаа юм.

Эцэст нь дүгнэж хэлэхэд шинэчлэгдэн боловсруулагдах Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай хуулинд иргэний их, дээд сургуульд суралцаж буй оюутан залуус сайн дурын үндсэн дээр 4 сараас доошгүй хугацаагаар цэргийн мэргэжил эзэмшүүлэх сургалтанд хамрагдан цэргийн мэргэжил эзэмшсэн нь нотлогдсон тохиолдолд түүнийг хугацаат цэргийн алба хаасанд тооцож дайчилгааны нэгдүгээр зэр­гийн бэлтгэл үүрэгтнээр бүрт­гэж болно гэсэн хуулийн заалт оруулж өгөхийг оюутан залуус эрхэмлэн хүсч байгаа юм.

Шинжлэх Ухааны Доктор, Профессор, Хурандаа

Гэрэлийн МЯГМАРЖАВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *