Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын эрхэм гишүүд ээ, та бүхнийг нам биш ард түмэн сонгосон шүү

Сонгууль болдгоороо болоод өнгөрлөө. УИХ-ын гишүүнээр тодорсон 76 хүн өчигдөр тангаргаа өргөлөө. Тодорлоо ч биш юм аа, ард түмэн УИХ-ын 76 гишүүнийг тодруулсан юм. Товчхондоо та бүхэн ард түмний элч болж УИХ-ын гишүүний суудалд суугаад байна. УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний өмнөөс төрд үгээ хүргэж, ард түмний өмнөөс хууль санаачилж, ямар ч шийдвэрийг ард түмний нүдээр харж шүүж, батлалцах үүрэг хүлээсэн хүмүүс. Мэдээж та бүхэн аль нэг нам, эвслээс нэр дэвшиж УИХ-ын сонгуульд өрсөлдсөн л дөө. Гэхдээ нам биш Монголын иргэд та бүхнийг сонгосон гэдгийг ирэх дөрвөн жилд битгий мартаарай. Эцсийн дүндээ төрд хэнийг сонгохоо нам биш ард түмэн мэддэг. УИХ-ыг бага ард түмэн гэдэг нь цаанаа ийм утгатай. Бага ард түмэн ямар байна их ард түмэн тийм л байдгийг өнгөрсөн 30 жилийн түүх бэлхнээ нотолдог. Өнгөрсөн дөрвөн жилийн УИХ гэхэд л хэрүүл шуугиан, хулгай зэлгийтэй, бүр цаашлаад бөгс бөөрний асуудалтай хэцүүхэн байсныг бултаараа мэднэ. Хэлэхэд ч хэл хальтрим ёс зүйгүйн тод жишээ болсон үйл явдлууд өнгөрсөн парламентын түүхэнд бичигдээд үлдчихсэн. 2016-2020 оны УИХ-ын үед эрх баригчид бултаараа иргэдийнхээ боломжоос хумсалсан хэцүү жишээ бас байна. ЖДҮ-ийн зээлийн эрх баригчдын хулгай нь илэрсэн шившиг өнөө ч хуучраагүй сэдэв. Товчхондоо УИХ-ын бүтэхгүй, болохгүйг дагаад нийгэм даяараа хэрүүл, маргаан, хэлцэл талцалтай бужигнаж өнгөрлөө, өнгөрсөн дөрвөн жилд.

Өмнөх УИХ-аас өөлж хэлэх өөр нэг том өнцөг бийг дурдахгүй өнгөрч боломгүй байна. Түрүүчийн парламентад галзуу юм уу гэж гайхаж сэрдэхээр гишүүд цөөнгүй байсныг олон хүн хүлээн зөвшөөрөх байх. Илт галзуу гэмээр үйлдлүүд нь нүдний өмнө хөвөрч байхад мэдэхгүй, анзаараагүй өнгөрнө гэж ч юу байхав. Улс орны хэрэг явдлыг хэлэлцэж, хөгжлийн бодлого, шийдэл ярих учиртай чуулганы танхимд гудамжны хэллэг, жаргон, бүдүүн болхи хар яриа мэтэс энгийн үзэгдэл шахуу болтлоо төгөлдөржсөн нь гашуун ч гэлээ бодитой үнэн. Тэрэнд тэр “бүлдөгдүүлсэн”, тэр чиний “сүвээ рүү чинь хутгална даа харж л байгаарай” ч билүү, заримыг нь хэлэхээс ч зовмоор үгс чуулганы танхимд байсхийгээд хаддаг байсан дөрвөн жилээс иргэд дөнгөж ангижраад байна.

Сая болж өнгөрсөн сонгууль хаа очиж УИХ-ыг “галзуучууд”-аас нь салгалаа. Шинээр орж ирэх гэж төрийн өндөр босгон дээр үй олноороо багширч байсан галзуучуудыг нь ч хавьтуулсангүй. Өнгөрсөн дөрвөн жилжингээ нүд орой дээр гаргасан, өмнөөс нь яая даа гэж халгамаар галзуу нөхдийг тойргийн гадна үлдээлээ. Одоо хулгаруудын цугларалтад очсон мэт зан үйл, авир хандлага гарахгүй байх аа, энэ УИХ-аас. Хаа очиж тэр талын элдэв асуудалгүй хүмүүс ороод ирчихлээ гэж харж байна. Сонгогдсон гишүүдийг анзаарах нь өмнөх УИХ-ын зарим гишүүд шиг илт барьцаанд орсон, хулгай хийсэн гэх мэт “но”-той нөхөд лав алга. Мэдээж уулын мод урттай богинотой. Цөөн зарим популист гишүүн харагдаж л байна. Гэхдээ нийтлэг өнгө нь дажгүй. Олонхоо дагаж шийд гаргадаг УИХ-ын хувьд болоод явчихаар бүрэлдэхүүн гараад ирлээ гэж дүгнэх хүн цөөнгүй байна.

Энэ парламентад нэг том онцлог бий. Үнэмлэхүй олонх нь нэг намынх гэсэн онцлог. Тэглээ гээд Хойд Солонгосынхон шиг гараа ярсхийтэл өргөж, кнопоо тасхийтэл дарж, нийтээрээ тийм, нэг бол нийтээрээ үгүй гэсэн хариу хэлж, намаа дагасан шигээ налайж суухгүй байх. Ахиад хэлье. “Иргэд биднийг сонгосон, тийм учраас иргэдийнхээ төлөө л ажиллана” гэсэн сэтгэлээр зүтгээрэй. Болох, болохгүйг ялгадаг, шийдэхээ шийддэг зоригтой төрийн түшээг л иргэд хүсч, хүлээж суугаа. “Нам биш ард түмэн намайг сонгосон” гэсэн өнцгөөс аливаад хандаж, зөрөхдөө зөрж, мэтгэхдээ мэтгэж ажиллавал л жинхэнэ төрийн түшээ гэж түмэнд үнэлэгдэнэ. Зөрж, маргана гэдгийг мухар, сохроор мугуйдлах гэдэг утгаар хэлсэнгүй. УИХ-ын өнгөрсөн түүхэн дэх намаа хагалж, засгаа унагаж, төр засгаа түйвээсэн үйл явдлууд энэ ойлголтод багтахгүй. Ухаалаг, мэргэн, хүлээцтэйгээр үзэл бодол, санаа шийдлийнхээ төлөө бат нот зогсохыг хэлээд байна л даа. Төрийн түшээд нь ард түмэндээ үлгэрлэдэг байх хэрэгтэй байна. Өмнөх УИХ-ын “галзуучууд” шиг нэг зүйл болохгүй мэт санагдангуут ч юм уу, эсвэл өөрийх нь бизнес, бүлэглэлд ашиггүй нөхцөл үүсээд эхлэнгүүт хэвлэлийн бага хурал товлон сүр зарлаж, иргэдийг гудамжинд цуглуулж үймээн бужигнаан үүсгэдэггүй тийм л парламентыг иргэд хүлээж байна. Болохгүй бүтэхгүй гэж дөвчигнөсөн асуудал нь яг үнэндээ хувийн жижигхэн эрх ашиг байсан, зөвхөн тэдэнд ашигтай ард түмэнд хорлонтой байсан учраас иргэд “галзуу” гишүүдийг ахиж сонгоогүй юм. Бизнес нь бүтэхээ байнгуут ард түмний төлөө гэж чанга дуугарч улстөрждөг, хувийн жижигхэн эрх ашиг нь хөндөгдөнгүүт сүрхий эх оронч царайлж элдэв мэдэгдэл хийдэг улстөрчдийг ард түмэн нэвт шувт хараад сууж байдаг. Ард түмэн тэнэг биш, сохор биш гэж ярьдгийг цаад утга энэ л дээ. Тэгж дөвчигнөсөн сүрхий эх орончид, ард түмэнд хайр зарлагчид энэ УИХ-д сонгогдоогүй нь цаанаа ийм учиртай.

Төлөв, төвшин, ухаалаг айл ямар харагддаг билээ. УИХ яг л тийм айл шиг баймаар байна. УИХ-ын чуулганы танхимаас ухаалаг мэдэгдлүүд сонсогдож, учиртай, гаргалгаатай яриа хэлэлцээ чуулганы танхимд өрнөж байвал хэчнээн аятай. Эх орноо гэсэн зүтгэлтэй, иргэнээ гэсэн сэтгэлтэй оюунлаг хүмүүсийн чуулган баймаар байна, УИХ.

Ард түмэн итгээд сонгосон учраас өөр юу хэлэхэв, иргэдийнхээ ахуй амьжиргааг өөд татах сэтгэл ихтэй, халаас нимгэн жирийн олноо шулж мөлжих сэдэл үгүй амьдрахад л болоод явчих юм л даа, уг нь. МҮОНТВ-ээр олонд хүрсэн “Бурхан багш” киноны төгсгөлийн ангийг үзлээ, хоёр хоногийн өмнө. Нэг хааны “Төгс захирагч байхын тулд яах ёстой вэ” гэж асуултад Бурхан багшийн өгсөн хариултыг яг одоогийн төр засгийнханд, УИХ-ын гишүүдэд даймаар санагдаж байна. Будда “Улсаа захирах хэрэггүй. Төгс захирагч болохын тулд эхлээд захирч байна гэх бодлоо орхи. Иргэдээ жаргалтай байлгах нь та бүхний үндсэн үүрэг” гэсэн хариу өгнө лээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *