Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.24-ний өдөр 11.00 цагт/ Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийлээ.

Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки уулзалтын эхэнд “УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд Та манай улсад албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд, чин сэтгэлийн халуун мэнд хүргэе. Манай хоёр улс түүхийн урт хугацаанд энх тайван, харилцан ойлголцлоор зэрэгцэн оршиж ирсэн түүхтэй. Хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсэнд хоёр орны парламентын бүлэг их үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэе. Монголын талаас өнөөдөр хүрэлцэн ирсэн Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Д.Ганхуяг болон бүлгийн гишүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Миний бие мөн найрамдлын бүлэгт багтдаг бөгөөд өнөөдөр хүрсэн парламент хоорондын харилцааг идэвхтэй үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гуравдагч орнуудтай харилцах харилцаанд Монгол Улс ихээхэн анхаарч байгаад баяртай байна. 2020 онд Токиод олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Олимпийн эрхийг авах энэхүү чухал үйл явдалд танай улсын зүгээс бидэнд дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлье. 2020 оны Токиогийн олимпийн наадамд Монголоос олон тамирчин, үзэгчид ирнэ гэдэгт итгэл төгс байна. Спортын их наадмаар дамжуулан хоёр орны харилцаа улам өргөжин хөгжөөсэй” гэсэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Монгол, Японы харилцааны хөгжилд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд, Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы улс төрийн харилцаанд итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байдгаа УИХ-ын дарга илэрхийлэв. Мөн хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталлаа. Монгол Улс аж үйлдвэр, дэд бүтэц, эрдэс баялгийн хайгуул, олборлолтын үйлдвэрлэлд японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Японы дэмжлэгийг авах хүсэлтэй байна. Түүнчлэн монголд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрт японы оролцоог ханган ажиллахад бэлэн байна. Мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу боловсруулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Монголын Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ чиглэлд танай улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байна.

Монгол, Японы харилцаа олон улсын тавцанд ч хөгжиж, харилцан бие биеэ дэмжиж ирсэн бөгөөд НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж буй Япон Улсын хувь нэмрийг үнэлж, Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх хүчин чармайлтыг Монгол Улс цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакиг Монгол Улсад айлчлан ирэхийг хүслээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай хийсэн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав. Энэхүү уулзалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид Японы парламентын ордонтой танилцлаа.

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын чуулганы үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзалт хийнэ. Мөн УИХ-ын даргад Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхана. Энэ талаархи мэдээллийг http://open.parliament.mn, www.parliament.mn цахим хаягуудаар хүргэх болно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *