Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая
Монголын мянган мянган малчин өрхүүдийн дундаас ажил үйлсээрээ шалгаран энд хүрэлцэн ирж, мэдлэг туршлагаа солилцон, мал аж ахуйн салбарынхаа хөгжлийн талаар зөвлөлдөж буй Монгол Улсын тэргүүний малчид Та бүхэнд баяр хүргэе.
Та бүхэн энэхүү зөвлөгөөнөөрөө мал аж ахуйн хөгжлийн асуудлыг бүхэлд нь авч хэлэлцэж, олон үнэтэй санал санаачлага дэвшүүлж, зөвлөмж гаргасан байна. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар өөрийн бодлыг Та бүхэнтэй товчхон хуваалцая.
Хөдөө аж ахуй бол манай эдийн засгийн суурь салбар юм. Хөгжил хөдөө аж ахуйгаас эхэлнэ. Үүнийг бид зохиосон хэрэг биш, олон улсын туршлага үүнийг нотолно. Ялангуяа аж үйлдвэржилтийг амжилттай хөгжүүлсэн Азийн орнуудын жишээг харахад эхлээд хөдөө аж ахуйн салбартаа онцгой анхаарч, хөгжлийн гараагаа эхлүүлжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон Улс эдийн засгаа хурдан босгохын тулд юуны түрүүнд газар тариалангийн салбараас эхлэн эрчимтэй шинэчлэлээ эхэлсэн байна. Төрийн нэгдсэн бодлогоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлснээр, хүн амынх нь орлого нэмэгдэж, дотоодын зах зээл нь томорч бэхжсэн байна. Энэ нь аж үйлдвэрийн бусад салбарыг хөгжүүлэх үндэс болж улмаар Япон Улс дэлхийд тэргүүлэгч болсон байна. Өмнөд Солонгос, Тайвань, Хятад зэрэг Азийн бусад орны хувьд ч Японтой төстэй замаар явж амжилтад хүрчээ.
Хөдөө аж ахуй бол хүн амыг хүнсээр хангадаг чухал салбар болохын дээр олон хүнийг ажлын байраар хангадаг. Энэ салбарыг хөгжүүлэх нь олон айл өрхийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгодог. Монголчууд бид хэдэн мянган жилийн өмнөөс бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлэн амьдарч ирсэн баялаг уламжлалтай ард түмэн. Дэлхийг эзэлсэн гүрэн улс байгуулан удирдаж явахад ч монгол малын ач тус байсан. Азийн бусад үндэстнүүд газар тариалан эрхлэн амьжиргаагаа явуулдаг бол монголчууд бид буянт малынхаа хишгийг хүртэж амьдардаг ард түмэн юм. Азийн орнууд газар тариалангийн салбараас хөгжлөө эхлүүлсэнтэй адилаар монголчууд бид мал аж ахуйгаа хөгжлийн үндэс болгох учиртай.
1990 оныг хүртэл манай улсын эдийн засаг бүхэлдээ Зөвлөлтийн тусламжаас хараат явж ирсэн. 1990 онд социалист систем бүхэлдээ нуран унаснаас хойш бид эдийн засгаа бүтээн босгох гэж янз бүрийн замаар оролдож байна. Нэг хэсэг бид ардчилалыг хөгжүүлчихвэл аяндаа Америк шиг баян болно гэж андуу бодож байж. Бас нэг хэсэг хугацаанд зөвхөн уул уурхай дээр түшиглээд хөгжчихнө гэж хөөрцөглөж явлаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр бий болсон уул уурхайн түүхий эдийн үнийн уналт манай эдийн засагт хүчтэй цохилт болж, бидэнд хөгжлийн талаар нэгийг бодогдуулж, дан ганц уул уурхайд суурилсан эдийн засагтай байж болохгүй гэдгийг хатуу ухааруулж байна.
Эдийн засгаа солонгоруулж, олон тулгууртай болгон хөгжүүлэх бодлогыг Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбар байна гэдэг үзэл баримтлалыг Ардчилсан намаас төрийн бодлого болгон дэвшүүлж байгаа.
1990-ээд оны эхээр нэгдлийн хөрөнгө, нийтийн өмч гэдэг хэлбэртэй байсан малаа хувьчилж малчиддаа үнэ төлбөргүй өгсөн. Үүний үр дүнд өнөөдөр манай улсын мал 57 сая болжээ. Малыг малчдад өгсөн нь Ардчилсан намаас ардчиллын он жилүүдэд дэвшүүлж хэрэгжүүлсэн далайцтай бодлогын нэг юм. Мал сүргийг хувьчилснаар мал аж ахуйгаа эрчимтэй хөгжүүлэх эхлэлийг тавьж, зохих үр дүнд хүрч байгаа ч илүү мэргэжлийн түвшин рүү чиглүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр хийх ажил их байна.
Хөдөө аж ахуй бол манай улсын нийт ажиллах хүчний дөрөвний нэгийг багтаадаг, нийт өрхийн тал илүү хувь нь энэ салбараас хамааралтай амьдардаг эдийн засгийн томоохон салбар. Ийм салбараа хөгжүүлснээр олон мянган монгол айлын орлого нэмэгдэнэ.
Монгол бол дэлхийд ховорхон байдаг бэлчээрийн мал аж ахуйтай орон. Тиймээс энэ онцлогоо давуу тал болгон ашиглах ёстой. Монгол орон байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлөөрөө дэлхийн бусад газар нутгаас ихээхэн ялгаатай. Үүнээс улбаалан монгол нутагт ургадаг өвс ургамлууд ч онцгой шинжтэй байдаг. Онгон зэрлэг байгаль дээрээ аргаль, янгир гэх мэт зэрлэг амьтадтай адил өвс ногоо иддэг тул монгол малын мах онцгой амт чанартай гэдэг нь нэгэнт шинжлэх ухаанаар батлагджээ. Энэ давуу талаа ашиглаад өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилтыг дэвшүүлж байна.
Биотехнологи, нанотехнологи дээр суурилсан байгалийн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр манай хувийн хэвшлийнхэн зарим ололттой алхмыг хийж эхэлж байгаа. Тухайлбал, сумогийн их аварга Асашёорюу Дагвадорж малчид Та бүхний ашиглахгүй хаядаг байсан гүүний эхэсийг боловсруулж, өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн Япон Улсын зах зээлд нийлүүлж байна. Энэ тухай саяхны телевизийн нэвтрүүлэгт энэ талаар Асашёорюу аварга тодорхой ярьсан. Тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг харьцуулж хэлэхдээ, газраа ухдаг уул уурхай бол хүн өөрийн биенээс нэг хэсэг арьс, мах шулаад авчихтай адилтгаж, хөдөө аж ахуйгаа хөгжүүлж ашиг шимийг нь хүртэхийг сар болгон ургадаг, хүний толгойн үсийг хусахад буцаад ургадагтай зүйрлүүлж хэлсэн нь чухамхүү нүдээ олсон гэж үзэж байна.
Бэлчээрийн мал аж ахуйтай орчин үеийн фермерийнхээ менежментийг мөн хослуулж хөгжүүлэх нь зүйтэй. Махны чиглэлийн малыг тодорхой хугацаанд шахан бордож, бүтээгдэхүүний гарц, чанарыг нэмэгдүүлж байгаа туршлага Булган аймагт байна.
Малыг эрүүлжүүлэх тал дээр улсын зүгээс онцгой анхаарч байна. Бидний олон арван жил, магадгүй 70-80 жил хийж чадаагүй ажил энэ байгаа. Малаа вакцинжуулж эрүүл байлгах үүргээ биелүүлж байгаа малчдад хөнгөлөлттэй зээл олгохыг Засгийн газраас саяхан шийдсэн нь хэрэгжиж эхэлсэн. Улсын Их Хурал, Засгийн газраас мал аж ахуйн салбарын хөгжлийг онцгойлон анхаарч, төрийн тусгайлсан бодлогоор салбарын хөгжлийг тууштай дэмжинэ. Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хуулиуд батлагдан хэрэгжиж эхэлсэн. Малчдын хэрэглээний зээлийн жилийн хүүг 29 хувиас 18 хувь буюу сарын 1.2 хувь хүргэж бууруулсан. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүг жилийн 10 хувь буюу сарын 0.8 хувь болгож бууруулах шийдвэр гаргалаа.
Малчин хүний ажил хөдөлмөрийг мэргэжлийн болгож, менежмент зохион байгуулалтын түвшинг сайжруулах чиглэл баримтална. Малчид маань мал маллах ажил хөдөлмөрөө өрхийн үйлдвэрлэлийн түвшнээс орчин цагийн менежмент нэвтрүүлсэн мэргэжлийн түвшинд гаргах хэрэгтэй.
Малыг малчдад олгох бодлогыг анхлан санаачилж хэрэгжүүлсэн Ардчилсан нам энэ цаг үед дэлхийн түвшинд хүрсэн өндөр үр өгөөжтэй хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогыг шинээр гарган, хэрэгжүүлж байна. Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь бусад салбарынхаа хөгжлийг дэмжиж манай эдийн засгийн бат суурь нь болох учиртай юм.
Таван толгойд биш, таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе.
Монголын малчин түмний маань ажил үйлс ямагт өөдрөг байж, амьдрал ахуй нь дэвжин дээшилж байхын ерөөлийг дэвшүүлье.