Categories
мэдээ улс-төр

УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг гишүүд дэмжих үү

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ыг дараах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-ын дарга М.Энхболдод албан хүсэлт өгсөн. Ерөнхийлөгчөөс ирсэн саналыг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ажлын тав хоногт багтаан хэлэлцэх учиртай. Улмаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналыг авч байж, дэмжигдэх зарчмыг хангах юм. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүд дараах байр суурьтай байна.

Ц.ДАВААСҮРЭН зурган илэрцүүдЦ.ДАВААСҮРЭН: УИХ ТАРАХ ШААРДЛАГА ҮҮСЭЭГҮЙ ГЭЖ ХАРЖ БАЙГАА

-Би УИХ-ыг тарах шаардлага үүсээгүй гэж харж байгаа. Энэ чинь ард түмний сонголт. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал УИХ-ыг тарах хэмжээнд хүргээгүй байна. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудал ярьж байгаа юм билээ. Жишээ нь, Хөвсгөл аймаг дээр байгаа бүх хөрөнгө оруулалтуудыг над дээр тавьчихвал нэлээд хэдэн тэрбум болох нь тодорхой. Өмнө нь 1 тэрбумыг өгчихөөд, янз бүрээр хуваарилдаг байсан нь үнэн. Гэхдээ энэ бол өөр. Ихэнх хөрөнгө оруулалтаар одоо сургууль цэцэрлэг л барьж байгаа. Жил бүр л сургууль, цэцэрлэг барих зардал тусч байдаг. Ер нь хараад байхад Ерөнхийлөгч зарим асуудал дээр бухимдсан бололтой байна лээ. Төрийн хариуцлагын тогтолцоо гэж юм байхгүй болчихоод байна. Тиймээс бухимдсан байж болох юм. Би өмнө нь УИХ-д сууж байсан. Өнөөгийн парламент өмнөхөөсөө дордсон зүйл байхгүй. Энэ чинь төр. Төрөөрөө бас тоглоод байж болохгүй.

М.БИЛЭГТ зурган илэрцүүдМ.БИЛЭГТ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВШИЛЦӨХ САНАЛЫГ ДЭМЖИХГҮЙ

ЖДҮ-ийг дэмжих бодлогын хүрээнд орон нутаг руу зээлий чиглүүлэх хэрэгтэй. Өнөөдөр энэ нөхцөл хангагдахгүй байгаа. Улаанбаатар хотод хэт их төвлөрөл үүсээд байгааг бодлогын хүрээнд анхаарах ёстой. УИХ-ыг тараах асуудлаар Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналын тухайд би хувь гишүүнийхээ зүгээс дэмжихгүй байгаа. Энэ асуудлыг УИХ-ын түвшинд ярилцаж шийдэх учиртай. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа хийгээд л явж байгаа.

Ц.НЯМДОРЖ зурган илэрцүүдЦ.НЯМДОРЖ: УИХ-ЫГ ТАРААХ АСУУДЛААР ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ ГАРГАХ БҮРЭН ЭРХТЭЙ

-УИХ тарах ёстой эсэхийг УИХ-ын даргаас нь очиж асуух хэрэгтэй. Тэр ЖДҮ-ийг тойрсон асуудал дээр хууль хяналтын байгууллагынхан ажиллаж эхэлсэн юм билээ. Шалгаж дуусаад, үр дүнгээ ярих байх. Ер нь бол УИХ-ыг тараах асуудлаар Ерөнхийлөгч санал гаргах бүрэн эрхтэй. Тэр бүрэн эрхээ эдлэж, саналаа гаргасан. Харин шийдвэр гаргах эрх нь УИХ-д байгаа.

Л.МӨНХБААТАР зурган илэрцүүдЛ.МӨНХБААТАР: ЭНЭ УДААГИЙН ПАРЛАМЕНТЫГ ХАРЬЦАНГУЙ АЖИЛ ХЭРЭГЧ

-УИХ өөрийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлээд ажиллаж байна. Би хувьдаа энэ удаагийн парламентыг харьцангуй ажил хэрэгчээр асуудалд ханддаг гэж хардаг. Ерөнхийлөгч төсөвтэй холбоотой асуудлыг хөндөж ярьсан байна лээ. Төсөв дээр хориг тавих нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Хоригоо тавиад, санал шүүмжээ хэлээд явах бүрэн боломжтой. ЖДҮХС тойрсон асуудал бас ярьсан билээ. Манай намын бүлэг дээр энэ асуудлыг ярьж, ажлын хэсэг байгуулан, шалгахаар болсон. Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн гуравны хоёроор дэмжих ёстой. Мөн Ерөнхийлөгч УИХ-ын даргатай санал нэгдсэн тохиолдолд асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжтой юм билээ.

С.ЖАВХЛАН зурган илэрцүүдС.ЖАВХЛАН: УИХ МАШ МУУ АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ҮНЭН

УИХ-ыг тараах эсэх асуудлаарх яриа цаашаа нэлээд хөвөрнө гэж би хувьдаа харж байгаа. С.Жавхлан гэдэг бие даагч гишүүний хувьд энэ асуудлаар байр суурь илэрхийлэхэд эрт байна. Ерөнхийлөгчийн бичигт УИХ-ын дарга байр суурьтай хандах юм. Шууд буцаах юм уу. УИХ-аар хэлэлцүүлэх юм уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Ер нь УИХ маш муу ажиллаж байгаа нь үнэн. Гол нь УИХ-ыг тараах асуудал дээр энэ олон хулгайч гишүүд юу гэж ярих нь сонин байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *