Categories
мэдээ цаг-үе

“Үгийн инженерчлэл”-д шүлгийн онгод хэмжигдэнэ

Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Жамсрангийн Баяржаргалын Монголын бүх сумдын нэрийг багтаасан “Их Монголын сувдан хэлхээ” өргөл магтууг хүргэе. Яруу найрагчийн 19 дэх шүлгийн түүвэр “Замилан таалал” нэртэйгээр хэвлэгдэж байгаа юм. Энэ номд сүүлийн арван жил туурвисан шилдэг шүлгүүд нь багтсан байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч Ж.Нэргүй “Үгийн инженерчлэлд шүлгийн онгод хэмжигдэнэ” хэмээн Баяржаргал найрагчийн тухай бичсэнийг өмнөтгөл болгон толилуулж байна.


Цаг мөнхөд яруу шүлгийн “галзуу” сэдвийн эрэл хайгуулд хатаж, үсээ үгтээж үгээ үрслүүлж байдаг шүлэгч эрхэм дүү нарынхаа алтан сонорт гайхамшигт нэгэн дууллыг зуучилж буйдаа хэрхэндээ бардамналтай. Энэхүү яруу дууллын сэдэл Монголын яруу найргийн тулганы хажууд 95 жилийн тэртээгээс л зүүрмэглэсээр байсан авч, өдгөө хүртэл үүнийг сэхээрсэн яруу найрагч нь Баяржаргал л ганцаараа болж таарсан нь Янжинлхамын л ад ёрын ч юм уу, өглөг хутгийнх нь нууц буй за. Аливаа уран бүтээлчийн амжилтын ганцхан хувь нь л төрөлхийн авьяасаас, бусад 99 хувь нь хөдөлмөр, мэдлэг хоёроос үүдэлтэй гэдгийн нэгээхэн жишээ бол энэ дуулал ч байж мэдэх. Нэг л сайхан гэгээн өглөө мань “хэнэггүй”-гийн санаанд “Үгүй ээ, манай Авдарбаян сум чинь ямар сайхан нэртэй юм бэ” гэсэн сониуч бодол хашгичаад ороод ирсэн байх. Тэгээд цааш нь ахиулаад бодтол нь “соцком”-ын үзэл суртлын хатуу хөтүү жилүүдэд ч бурханы түвд нэртэй чигээрээ үлдсэн хоёрхон сум-Хэнтий аймгийн Норовлин, Булган аймгийн Дашинчилэн ороод ирсэн ч байж болох. За, тэгээд “Үгийн сүлжээ” босгох ажил нь залгаж таарна. Аль сумын нэрийн араас аль сумын нэрийг оруулж тавибал өгүүлбэрийн утга төгөлдөржих вэ гэх мэтээр. Үгийн сүлжээ зохиох нь энэний дэргэд юу ч биш. Ёстой нөгөөх, “Генийн инженерчлэл” гэдэг шиг “Үгийн инженерчлэл” явагдана. Энд яруу найргийн онгод огт хамаагүй, дэндүү жижигдэнэ. Энэ дууллыг Монголын малчин ардууд тэртээ 1924 оноос л бичиж эхэлснийг дахин дурдъя. Өнөөх л соёлгүй, бүдүүлэг, зэрлэг нүүдэлчид маань монгол төрийн засаг захиргааны нэгжийнхээ ч юм уу, нутаг орныхоо уул, усны нэрийг л өгч байна хэмээн “соцком”-ынхон бодоод байсан чинь өнөөх “зэрлэгүүд” нь цаагуураа бол ерөөлөө л айлдаад, ерөөлөө л нууцлаад байсан юмсанж. Түүнийг нь мань хэнэггүй Баяржаргал цуглуулж авчраад, эмх цэгцэнд нь оруулаад өрөөд харсан чинь энэ дуулал босоод ирж:

…“Дархан Баянмөнх, Наранбулагийн Дашбалбар

Далай цэнгэл Монголын цогт цэций билээ…”

“…Арвайхээрийн цээлд бигэр, сонгино үнэртэж,

Адаацаг, дарьгангын талд хөлөнбуйр цэлэлзээд,

Цэнхэр мандалын тэнгэр дор галшар морьд эргэж,

Цэнгэлт баруун туруунд галт могод хэнзэлж”…

Энэ дуулыг сонсох бус уншваас Монголын 329 сумын нэр бүгд дурдагдсан нь тодорхой болно. Гэтэл цаана нь Нэргүйн төрсөн Түмэндэлгэрхаан, Баяржаргалын төрсөн Авдарбаян гээд, янз бүрийн цаг үед гадуурхагдан орхигдсон 150 орчим сумын нэр байдаг л юм.

Гайхамшиг нь гэвэл, энэ 329 сумын нэрээр яруу дуулал босгохын тулд бүгдийг нэг бүрчлэн өгүүлбэрийн бүтцэд оруулах, утгыг ану төгс болгохын тулд тоотой хэдэн үйл үг, холбоос үг, тоотой хэдэн тэмдэг нэрийн тусламж авч, зарим нэг нэрийг нь, жишээлбээс Говь-Алтайн Цээл сумын нэрийг Өгөх, оршихын тийн ялгалд захируулан, басхүү физик тогтолцоогоор нь юм шиг “Арвайхээрийн цээлд” хэмээснийг эс тооцвол зүгээр л газарзүйн нэрсийн жагсаалт. Харин эдгээр зориудын гажуудлыг уран зохиолын онолд захируулбаас тухайн шүлгийн уянгын халил гэж үзэхээс өөр аргагүй. Тэгэхээр энэ бол Монголын яруу найрагт Авгаржин Баяржаргалын оруулж ирж буй нэг үзэгдэл буюу уран зохиолын феномен болой.

Монголын бүх сумын нэр цогцлоод, нэгтгэгдэн цэгцлэгдээд, цаасан дээр өрөгдөөд ирэхээрээ яруу уянгын дуулал болдог юмсанж. Энэ дотроос чи өөрийн эрхгүй төрсөн сумынхаа нэрийг хайгаад унах болно. Аль нэг сумын нэрийг жижиг үсгээр эхлүүлсэн нь хамаагүй, цэг, таслал нь байраа олоогүй юм шиг байх нь ч хамаагүй, хүндэт суудлаа эзэлж чадвал ихэмсэг юм бүр эрхэмсэг болон хувирдаг юм. Батноров, Норовлин хоёрыг нэгтгээд Батноровлин болгосон нь ч хамаагүй, харин Батноровлин гэчихээр бүр ч Бурхан Халдун уул шиг болчихож байгааг нь чи анзаарна, би эрхэмсэнэ. Яруу найргийн чөлөөт ур чадвар гэдэг үүнд л оршдог юм. Яруу найрагч хүн бол зөвхөн яруу найрагч биш, басхүү эх хэлнийхээ гайгүйхэн эрдэмтэн, бүр ч том мэдлэгтэн байх ёстойг энэ яруу дуулал зааж өгнө.

Их Монголын сувдан хэлхээ

(Өргөл магтуу)

Сумдыг нэгтгэн цөөлж, эдийн засгийн хэмнэлт гаргах нь нэн чухал. Манайд 90-ээд сум байхад л хангалттай.

(Нэрт улстөрчийн яриа)

“Сумын төв бүхэн хилийн заставууд юм

Суугуул, уугуул ард нь эрэлхэг хилчид юм”

(Авгаржин Баяраа “Сумын төв” шүлгээс)

Алтай, хөвсгөл, баян хангай минь алаг эрдэнэ

Архуст, зуунмод, улаанхус,заг, улиастай

Бүрэгхангай, өндөрхангай, дэлгэрхангай, зүүнхангай нь

Бугат булган, аргалант хүдэр, шилүүстэй

Цэнхэр цагаан чулуут, эрдэнэ бүрэн уул баян

Цувираат отгон манханаас умрын зүг цайвалзах

Цагаан хайрханы цогт овоо,

Мөнх хайрханы мандал овоо

Баян хайрханы сайхан овоо

Эрдэнэ хайрханы баян овоондоо

Шинэ идэр малчин есөн зүйл өргөн

Өндөрширээт Мөнххаан

Батширээт Жаргалтхаан

Түвшинширээт Дэлгэрхаан

Алтанширээт Алдархаан нь айраг сөгнөн

Ашид тонхил, хишиг өндөр заларнам зэ

* * *

Цагаан дэлгэр зүгт өлзийт цацлаа өргөсөн

Цал буурал ижий сайхан дулаан дүртэй

Цагаан уул тийш төгрөг мэлмий баясгасан

Цахир бүтэн аав минь хайрхан дулаан бараатай

Өндөр улаан Сүхбаатар жанжин билээ

Өрлөг баянтүмэн Чойбалсан баатар билээ

Дархан Баянмөнх, Наранбулагийн Дашбалбар

Далай цэнгэл Монголын цогт цэций билээ

Манлай дархан Батноровлин төгс ганган

Манай ноён Рэнчинлхүмбэ жаргалант ерөөл

Замын үүдэд дулаан хаантай золгох сайхан

Заамар цэцэрлэгт Түдэвтэй баяндун үлээх яруу

Далан жаргаланг эдлэх ураг үрсийн заяа

Дээд баянцогт, эрдэнэцогт суу залиар бадарнам зэ

* * *

Буянт чойрын богд, эрдэнэбулган хангай

Бурхант хөндийн түшиг нөмрөг цэцэн уул

Өмнөговь, мандалговь, баяндэлгэр нутаг

Өргөн баяндалай, эрдэнэдалайн үлдмэр

Элэр сэгэрээс түнэл сайнцагаан өлгий

Энх номгон галавын хүрмэн чулуун хороот

Хашаат тариалан, гурван булагтай хөндий

Хушаат тэшиг, онгон баян тал минь хойд чимэг

Гурван сайхан, үенч, есөн булагтай улаан уул

Гурван тэс, гучин устай баянговь минь өмнөдэлгэр

Араараа модтой баян адарга нь зүүнбүрэн юм

Асгат сагсай баян уул нь баруунбүрэн юм

* * *

Хотонт ногоон нуур, галуут цагаан нуур

Хужирт баян нуур, рашаант өгий нуур

Идэр баян гол, мөст бор нуур бөх мөрөн

Их тамир, баянтэсийн жавхлант усан

Эх сэлэнгэ, шарын гол, орхон туулын

Эрдэнэмандал, завханмандал эгнэгт харгиалж

Арбулаг,төмөрбулаг, даланзадгад

Алтанбулаг, баянбулаг, хатанбулаг

Ар өвөр сайншанд чандмань эрдэнэ болой

Асруу шинэжинст Түргэний уулс бат сүмбэр болой

* * *

Арвайхээрийн цээлд бигэр сонгино үнэртээд

Адаацаг, дарьгангын талд хөлөнбуйр цэлэлзээд

Цэнхэр мандалын тэнгэр дор галшар морьд эргэж

Цэнгэлт баруун туруунд галт могод хэнзэлж

Баацагаан наран алтан цөгц шиг мандах

Бууцагаан үүлс хүрээ марал шиг дүрсжих

Бөмбөгөр дөрвөлжин их уулс, ян сарьдаг

Бүрэн тогтох, ханхонгор ус нутгаар жимслэх

Баянлиг эв мод баян жаргалант ард олноо

Батөлзийлөн зангидаж, тосон цэнгэл хурайлнам зэ

* * *

Баянцагааны нуруу, халх гол матадаар дуурсах

Баян өнжүүлийн урт дуу бор өндөрийн шуранхай

Давст улаангом, тариат шаамар, шивээ говьдоо

Дорно зүгийн нүнжиг баян зүрхний баясгалан

Хангал сэврэйт мөнгөн морьт,

Хонгор халзан мянгад саарал

Халиун шарга, хулд гурван загал минь

Дашинчилэн дэрэн дөргөн, дэрэн дөргөн

Нарийн тээлд баян агт, хөх морьт торолзоод

Насны хийморь оршиж, баян хутаг дэлгэртүгэй

* * *

Эртний бүрдтэй Хархориноо бишгүүр чимээлэн

Эрдэнэцагаан тарагт идээ оргилон урсаж

Ховд цагаан үүрнээ улаанбадрах бүргэд

Хан тайшир, баян өндөрийн их хэтээр эрдэнэ зуун дунгуйрч

Элэг дэлүүн дор нь лүн тангийн хорвоо

Эрдэнэсантыг төвшрүүлэх луус ачаалан эргэж байна

Зүйлийн ургамал цэцэг ханхлан дэлгэрэх

Зүүн баян улаан, хэрлэн баруун уртад

Бадар цагаан овоо нь сүгнийн цайрах

Баруун баян улаан, цармын зүүн говьд

Баян чандмань өндөр, хан богдын өндөр шилд

Баян уул, говь угтаал цайдам манхан зэрэгийн талд

Уянга дуут сэргэлэн хонгор насандаа бид

Усан тэлмэн туульс дэглэн дарвинам зэ

* * *

Гутаг үгүй Монголын минь ноён нуруу

Гурван зуун хорин есөн сумын түмэн цогт алдар

Сагил хяргас он жилүүдийн дадал мэт яргаж

Сантмаргац арц хүжис цэнгүүлэн гүн бат орших болтугай!

2015.12.22

Жич: Тус шүлэгт 2015 оны байдлаар Монгол Улсын бүх сумын нэр багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *