Төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодол, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Б.Цэрэнжамц, Ж.Батсайхан нар “Өдрийн сонин”-ыг уншиж буй нь гэрэл зурагчны дуранд ийн буужээ. Дээрх эрхмүүд “Өдрийн сонин”-ыг хэн хэндээ харагдахаар чөлөөтэй дэлгэжээ. Тэднийхэн хэн нь нэгийгээ эхлээд сонин уншиг гэж найр тавиагүй нь илт. Тухайн цагтаа эв найртайгаар хамтдаа сонин гарчиглаж болох хамгийн оновчтой арга нь байсан болов уу гэж бодогдов. Ингэж бодох зуур твиттерт манай сонины нэгэн уншигчийн бичсэн жиргээ санаанд буулаа. Тэрбээр ”Өнгө чадамж нь хосолж байж мисс болдог. “Өдрийн сонин”-ыг сугавчилж байж босс болдог. Өндрийн өндөрт гарч байж уулчин болдог. “Өдрийн сонин” дээр гарч байж улс төрч болдог” хэмээн шүлэглэсэн юм.
Дэлхийн өнцөг булан бүрт сурч, амьдарч, ажиллаж байгаа монголчуудад “Өдрийн сонин” цахим хэлбэрээр хүрч, Монголын болон дэлхийн халуун цэгээс редакцийн томилолтоор очиж хийсэн нийтлэл, сурвалжлагыг шуурхай бодитойгоор хүргэдгээрээ бусад өдөр тутмын хэвлэлүүдээс ялгардаг. Үнэн худал нь ялгагдахаа байсан мэдээллийн эрин зуунд “Өдрийн сонин” зөвхөн үнэнийг хэлдэг гэсэн брэнд үгтэй. Тийм ч учраас монголчуудын эргэлзэлгүйгээр итгэн уншдаг сонин нь “Өдрийн сонин” юм. Өглөө бүхний ургах нарнаар таны гарт очдог, Монголын өдөр тутмын төв хэвлэл “Өдрийн сонин” хүний эрхийг хөхиүлэн дэмждэг, ямагт эрх нь зөрчигдсөн, хохирсон иргэдийгээ өмөөрч бичдэг учраас бусад өдөр тутмын хэвлэлүүдийн манлайлагч нь байсаар ирсэн. Үүний нэг нотолгоо нь “Монголын Хэвлэлийн хүрээлэн”-гээс улирал, жил бүр гаргадаг судалгаа юм. Энэ судалгаагаар “Өдрийн сонин” бусдыгаа ямагт хошуучилж, уншигч захиалагчийн тоогоороо тэргүүлсээр байгаа билээ.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ