Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчөө батламжилж, дэлхийд ганцхан монгол наадам дэнж хотойлгон эхэллээ. Азийн цээжин дэх Монголын тал нутагт нар асгарч, хур буусан дэлгэр зун үргэлжилж байна. Дэлхийн монголчууд бидний Тулгар төрөө байгуулсны 2226 жил, Их Монгол Улсаа байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам дэлгэр дүүрэн эхэлж байна.
Монголын үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин” нийт уншигч, захиалагч, хамтран ажилладаг түнш байгууллагууд, реклам сурталчилгаагаа нийтэлдэг аж ахуйн нэгж компаниуддаа Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна. “Өдрийн сонин”-ы хувьд Монголын шилдгийн шилдэг сониноор шалгарч, сэтгүүлчид маань хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн дээд шагналуудыг хүртэж, хийж бүтээсэн өгөөжтэй сайхан жил үргэлжилж байна. Монголын гурван сая гаруй иргэн буюу хамгийн олон хүн “Өдрийн сонин”-оос мэдээлэл авч, мэдлэгээ тэлсэн гайхалтай мэдээг судалгааны байгууллагууд гаргаад байгаа билээ. Манай сонинтой хамтран ажилладаг харилцагчид Та бүхний улс орондоо бүтээн байгуулж буй ажил үйлс тань дэвшин дээшилж, бизнесийн үйл ажиллагаа тань улам амжилтад хүрэхийг хүсэн ерөөе.
Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
Хотол түмнээрээ сайхан наадаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ