“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаараас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллийн ярилцлагыг уншаарай. “Эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалах нь чухал” гэж тэр ярьжээ. “Улс төр” нүүрт Хэлмэгдэгсдийн өдрийг тохиолдуулан “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс Чингэсийн талбайд зохион байгуулсан жагсаалын тухай сурвалжлага бий. “Ардчиллаас татгалзахыг уриаллаа” гэнэ.
“Баримт, үзэл бодол” нүүрээс нийтлэлч Б.Цэнддоогийн “Хүний үг”-ийг хүлээн авна уу.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Хориодхон настай хүүхдүүд шүүгчийн шалгалтад орох юм. Хэрэг шүүхэд элээсэн оймс бас хэрэгтэй” гэж ярьжээ. Энэ ярилцлагыг зургадугаар нүүрээс олж үзээрэй. “Баримт, үйл явдал” нүүрт “Машинтайгаа замын урсгал сөрж явсан цагдаа хүүхдийн аминд хүрэв” сурвалжлага нийтлэгдэв.
“Удам судар” нүүрээс найруулагч О.Машбат, гавьяат жүжигчин Н.Батцэцэг нарын хүү найруулагч М.Ивээлтэй хийсэн ярилцлага нийтлэгдсэн байна. Найруулагч аавын найруулагч хүү Монголын аж амьдралыг харуулсан киног гадныханд хүргэхийг хүсдэг гэнэ.
“Технологи” нүүрт Монголд нано технологийн ухаалаг даавуу үйлдвэрлэж эхэлсэн тухай нийтэлжээ. Ухаалаг даавуу үйлдвэрлэх технологийг Монголд нутагшуулсан ШУТИС-ийн профессор Р.Мядагмаа энэ тухай ярьсан байгаа.
“Томилолт” нүүрт Урианхайн хязгаар буюу Тувагийн нутгаар аян замын тэмдэглэлийг хүлээн авч уншна уу. “Эдийн засаг” нүүрт “Хөрөнгө оруулагчид Монголын занар, газрын тосны нөөцийг хэдэн тэрбумаар хэмжигдэнэ” гэв. Нүүр бүртээ унших сонин ихтэй “Өдрийн сонин”-ы захиалга явж байгаа шүү.