Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Уншигчдын улсаас зохиолчдын улс” нийтлэл хэвлэгдлээ

Ургах нартай уралдан “Өдрийн сонин” уншигчдынхаа гарт хүрч байна. Төрийн 200 гаруй үйлчилгээг Дүнжингарав худалдааны төвд төвлөрүүлэх болсон билээ. Эндээс бэлдсэн сурвалжлагыг тэргүүн нүүрэнд онцоллоо. Иргэд худалдаа хийнгээ төрийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм. Эл төрийн үйлчилгээний төв нь “Дүнжингарав” худалдааны төвийн байрны зүүн хэсэгт товхинож байгаа. Эндээс ямар ямар төрийн үйлчилгээг, хэрхэн авч болох талаарх сурвалжлагын үргэлжлэлийг арваннэгдүгээр нүүрнээс дэлгэрэнгүйгээр уншаарай.

Мөн пүрэв гаригийн дугаарын тэргүүн нүүрэнд хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох болсон талаар мэдээлэл хэвлэгдсэн байна. Хүүхдийн мөнгө буюу Хүний хөгжлийн сангаас сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжийг ялгавартай олгох тухай УИХ-аар баталсан Төсвийн тухай хууль мөн 103 дугаар тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан 1-17 дугаар түвшний айл өрхийн хүүхдүүдэд тэтгэмж олгохоор болсон. Харин өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаар “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ” хэмээн мэдэгдсэн юм.
Улс төрийн эргэн тойрон дахь үйл явдлыг голчлон хүргэдэг хоёрдугаар нүүрнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяртай хийсэн ярилцлагыг нийтэлжээ. Улсын төрийн намын тухай шинэчилсэн хулийн талаар түүнтэй ярилцсан юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд ипотекийн найман хувийн зээлийг таван хувь болгох асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр ипотекийн зээлийн хүүг сар шинээс өмнө таван хувь болгох боломжтой хэмээн үзэж байгаа юм. Энэ талаарх мэдээллийг хоёр болон тавдугаар нүүрнээс уншаарай.
“Өдрийн сонин”-ы “Баримт, үзэл бодол” буланд Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Уншигчдын улсаас зохиолдын улс” нийтлэл хэвлэгдлээ.Тэрбээр энэхүү нийтлэлдээ өнөөгийн Монголын зохиолч, яруу найрагчид, уран зохиолын салбарынхны асуудлыг хөнджээ. Түүний нийтлэлийн хэсгээс иш татвал “…ХХ зууны сүүлийн хагасаас иргэн суурьшиж, бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсонтой зэрэгцэн уран зохиолын хамгийн сайн уншигч ард түмэн болсон юм, манайхан. Энэ үзэгдэл үргэлжилсээр өнөөдөр хамгийн их зохиогч үндэстэн болон хувираад байгаа зүй зохистой явдал уу, эсвэл эсвэл онцгой үзэгдэл үү? Яруу найраг, уран зохиол бол хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээний тусгал, тодруулан хэлбэл сэтгэлгээний эрх чөлөөний толь юм. Хүн төрөлхтөн бүгдээрээ утга зохиолд дурладаг байж болох ч манайхан шиг нийтээрээ найрагч нь цөөн. Ялангуяа, үеийн үед хамгийн цөөнх, сонирхогчдын бүлэг, клубээс цааш гарч байгаагүй яруу найраг, шүлгийн ертөнц тал нутагт бүх нийтийн поп урлаг болдогийн учир юунд байна?…” гэсэн байна. Энэхүү нийтлэлийг гурав болон зургадугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.
Энэ долоо хоногоос эхлэн Хятадын хөрөнгийн биржүүдийн индекс огцом унах болсон. Ийнхүү биржүүдийн индекс огцом унасан нь тус улсын эдийн засагт тун муугаар нөлөөлж, зарим үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа. Харин Монголын эдийн засагт ямар хамааралтай болохыг дөрөвдүгээр нүүрнээс унших боломжтой.
Өчигдөр өсвөр насны охидуудад гэрээслэл бичиж үлдээгээд хамтдаа 12 давхар байрнаас үсэрсэн харамсалтай хэрэг гарлаа. Юунаас болж охид амиа хорлосон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг долдугаар нүүрэнд нийтэллээ.
Оны шилдэг улсын их сургуулиар шалгарсан ХААИС-ийн захирал, Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүгагийн ярилцлагыг наймдугаар нүүрнээс уншаарай. Түүнтэй дээд боловсролын шинэчлэлийн асуудлаар ярилцсан байна.
Дэлхий дахины мэдээ мэдээллийг хүргэдэг есдүгээр нүүрнээс Умард солонгосчууд устөрөгчийн бөмбөг турсан талаарх мэдээлэл нийтлэгдлээ.
“Хүнсчдийн холбоо”, “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо” зэрэг мэргэжлийн холбоод, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Ерөнхий сайдад “Ерөнхий сайд аа, импортын гурилын квотоо үндэсний үйлдвэрлэгчдэдээ бус гурил дамлагчдад яагаад олгов оо” хэмээн уламжилжээ. Дээрх мэргэжлийн холбоод нэгдэж Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд дарга нарыг шалгуулахаар АТГ-т гомдол гаргажээ. Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд шинэ жилийн баяртай давхцуулан “2016 онд улаанбуудайн гурил импортлох зөвшөөрөл олгох тухай” А467 тоот тушаал гаргажээ. Уг тушаалаар хоёр том компанид давуу эрх олгосон нь АТГ-т шалгагдах үндэслэл болсон байна. Энэ талаарх мэдээллийг 12 дугаар нүүрнээс уншаарай.
“Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг 32-т багтаж, эвлэгхэн хоолой, уран яруу үг хэллэг, жүжиглэх авьяасаараа олны хайрыг хүлээсэн уран уншигч охин Э.Нандинзаяатай хийсэн ярилцлагыг 13 дугаар нүүрнээс уншина уу.
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг өнөөдрийн “Өдрийн сонин”-ы дугаараас хүлээн авч уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *