Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өчигдөрхөн юм шиг санагдах өлчир бага насны минь цагаан сар

Би уг нь Ховд аймгийн төвд төрсөн, багшийн хүүхэд л дээ. Намайг төрөөд дөнгөж хоёр ойндоо хүрч байтал дүү маань мэндэлж би эмээ өвөө хоёрын хүү болон хөдөө Мянгадын Цагаанбуланд очсон юм билээ. Өвөө эмээ хоёр маань нутагтаа их нэр хүндтэй буурлууд байлаа. Нутгийнхан өвөөг маань дадиа, эмээг маань авиа гэцгээнэ. Манай өвөөгийнх зундаа Талын хүйтэн булаг, Зараагийн худгаар зусч өвөлдөө Дунд Аазид өвөлждөг байлаа. Дунд Ааз гэдэг нь Ховд голын адаг, Хар ус нууранд цутгадаг цутгалангийн эхэнд байх ихэр гурван тохойн дунд тохой л доо. Эхнийхийг “Дээд Ааз”, манай өвөлжөөг “Дунд Ааз”, адгийнхныг “Доод Ааз” гэнэ.

Ааз гэж чухам ямар учир утгатай болохыг хэн ч эс мэдэх билээ. Ховд голын энэ гурван тохой хөмсөглөн ургасан өтгөн бургас, хулс, зэгсэнд хучаастай, өндөр өндөр бут дэрстэй тул өвөлжихөд нөмөр дулаахан бөлгөө.

1957 онд намайг сургуульд ордгийн урд жилийн цагаан сар дөхөж айлууд цагаан сарын бэлтгэлээ базаагаад завгүй. Эмээ өвөө хоёр маань ч цагаан сардаа бэлдэж байсан болохоор намайг ойр зуур гарын үзүүрт гүйлгэнэ. Нэг өдөр эмээ маань:

-Энэ орой цагаан сарын баншны мах татна. Миний хүү Хүвээ овгор ороод Хүрлээ ахынхаасаа буузны мах татдаг мод, муур хоёрыг нь аваад ир. Шөнө хулгана гүйгээд байна гэлээ. Манай нутагт мод байхгүй болохоор буузны мах татахад зориулан төө хэрийн зузаан хөрөөдөж хадгалсан улиасны тайрдас айлуудад байх. Тэр модон дээрээ махаа тавиад заазуураар цавчиж махаа жижиглэхэд их амархан. Нэг ёсондоо махны машин л гэсэн үг. Би ч баярлан:

-За, авиа гээд гарах гэтэл эмээ:

-Чи битгий тоглоод удчихаарай. Энэ орой мах татна, ажил ихтэй шүү гэж сануулав. Би тэр дороо хөгшин хүрэн мориндоо мордож Хүвээ овгор руу таваргалаа. Учир нь Дунд Аазид өвөлжиж байгаа манай гурван гэрт надтай тоглох нэг ч хүүхэд байхгүй. Хүвээ овгорт Хүрлээ ахын Жамсрандорж гэж миний үеийн хүүхэд байгаа. Бид биенээ Жааяа, Сүүеэ гэнэ. Намайг хааяа нэг өвөө, эмээ хоёр маань тэднийх рүү явуулж тоглуулна. Хааяа нэг Жааяа манайд ирж тоглож хонодог байлаа. Хүвээ овгор манайхаас тийм ч холгүй, хоёр саахалтын дайтай газар. Гэхдээ зам нь цагаан биш. Хулс зэгстэй нуур цөөрмийн дэргэдүүр, гарч харгана бут дов сондуул дундуур гарсан морин жимээр түгдчүүлэн явна. Би очихдоо шулуухан явж хүрч Жааяатайгаа тоглож байгаад оройхон муур, буузны мод хоёроо шуудайд хийж ганзагалж аваад мордлоо доо. Буцаж явтал бүрэнхий болж, хулс зэгс сүйхийлдэн нүүгэлтэн харанхуйлж харагдаад, энэ дотроос чоно гараад ирвэл яана гэж бодохоор айдас төрж толгойтой үс босчих шиг болоод цааш явж чадсангүй буцаад харайлган Хүрлээ ахынд ирвэл, Хүрлээ ах намайг хүргэж өгөхөөр дагуулаад мордлоо. Тэднийхээс мордоод замын дунд хүрч явтал, өмнөөс бараан морьтой хүн шогшуулан ирсэн нь миний нагац ах Чойдог гангиа байлаа. Намайг ирэхгүй орой бүрий болохоор эмээ өвөө хоёр маань сандарч, миний хойноос манайтай айл өвөлждаг Гангиа нагацыг маань явуулсан юм байж. Гангиа нагац намайг хараад ихэд уурсан:

-Дэмий тэнэж амьтан хүний ажил алдуулж, хоёр хөгшнийг айлгаж сандаргаад… Муу нохойг дээ гээд суран ташуураараа далан дундуур минь пад буулгаж билээ. Би гэж нэг уйлаан майлаан болсон амьтан Гангиагаа даган гэртээ ирээд:

-Гангиа намайг ташуураар ороолгоод гэж өвөөдөө ховловол ганц ч удаа муухай харж, чанга дуугаар зандардаггүй өвөө маань:

-Их нагац чинь домносон болохоор одоо яая гэх вэ. Чих чинь нь зөөлөрсөн байлгүй гээд ер тоосонгүй. Хөх өвгөдийн ухаан гэж энэ. Өвөө маань дотроо өмөөрч өмөлзөж байсан ч гаднаа гаргасангүй аж. Хэрвээ намайг өмөөрсөн бол би гэдэг хүн буруу зөвийг ухаарахгүй буурал дээдсээ хүндлэхгүй хэн болох байсныг хэн мэдлээ. Түүнээс хойш цагаан сараар хааяа, хааяа буурал нагацыгаа санадаг даа.

Тэр жилийн шинийн нэгний битүүний орой манай хот айлын гурван гэрийнхэн хотны захын том цагаан довон дээр босгосон чулуун овооны дэргэд баахан харгана бургас овоолж бэлдлээ. Энэ нь Ендэр юм байж. Ийм Ендэр айл бүхний гадаа байна. Энэ ендэр чухам ямар учиртайг мэдэхгүй жаахан хүүхэд би өөрийнхөө хэрээр бургас түлээ зөөлцөж хөөрцөглөн гүйв. Орой нь сааль сүүгээ сааж, тугал бяруугаа хашиж, унаа морио өвсөлж ажил дууссаны дараа битүүлээд унтахын өмнө өвөө:

-Миний халтар хүү маргааш эрт босоорой. Өвөөтэйгөө шинийн нэгний өглөө тэнгэр бурханд мөргөнө шүү. Шинийн нэгний өглөө эрт босч тэнгэр бурхандаа мөргөсөн хүний хийморь сэргэж, том залуу болдог юм гэлээ. Одоо бодоход өвөө “Дээр мөргөх” ёсоо л хэлж байж. Тэр өглөө үүр дөнгөж хаяарч харуй бүрий хараахан арилаагүй байхад босч өвөөгөө даган нөгөө ендэр дээрээ ирвэл хүмүүс ирчихсэн байлаа. Чойдог гангиа:

-Галаа асаах уу дадиа? гэж байна. Өвөө ойр орчмын айлуудын “Дээр мөргөх”-өөр асаасан гал үүрийн бүдэг харанхуйд энд тэнд улалзан харагдахыг хараад:

-Асаа, асаа. Манайхан оройтчихсон байна гэж хэллээ. Чойдог гангиа хэтээ цахин асаахад их гал дүрэлзэн аслаа. Манайхан гэр гэрээс авч ирсэн идээ шүүснийхээ дээжийг галдаа өргөн гороолоход би ч өвөөгөө даган “Дээр мөргөж” билээ. Мянгадууд цагаан сар хийхдээ өглөө эрт босч их гал түлж тусгайлан зассан ендэр дээрээ шагайт, дөрвөн өндөр, хавиргаа галд өргөн цагаан идээнийхээ дээжээр тэнгэр, дэлхий, лус савдагтаа цацал өргөж арван гурван алтай минь гучин гурван хөхий минь нэрийг тань мэддэггүй билээв. Цөм цадаг, Цөм цадаг. Цөөрөм нуурын чинээгээр таалагтун. Цацлыг минь цагаан нуурын чинээгээр таалагтун хэмээн “Дээр мөргөх” гэж нэгэн өвөрмөц ёслол үйлддэг. Энэ зан заншлын онцлогийг эрдэмтэн Х.Сампилдэндэв судлан үзээд “Өнө эртний монголчуудын уул ус, тэнгэр хангайгаа тахидаг Монголын өвөрмөц заншил мянгадуудын дунд одоо ч хадгалагдан үлджээ” гэж тэмдэглэсэн билээ.

Би 1957 оны шинийн нэгний өглөө анх удаа өвөөтэйгээ тэр эртний сайхан уламжлалын дагаж ингэж “Дээр мөргөсөн” минь энэ. Мөн тэр шинийн нэгний өглөө өвөө:

-За, хоёулаа мөр гаргана аа гээд хоёр морио эмээллэн намайг дагуулан мордож урагшаа хэсэг явж байснаа нар зөв эргэн уян дээрээ буухад ургах нарны туяа уулын оройд туяаран мандаж байлаа. Манай өвөө тэр хот айлд байтугай голдоо хамгийн ахмад нь байсан болохоор хот айлынхан тавагтай идээ цагаагаа барин орж ирэн золголт эхэллээ. Цагаан сараар надаас гурав ах Чойдог гангиан Алагаа ах, Жамцхүүгийн Бямбажав нар сургуулиасаа чөлөө аваад ирчихсэн байлаа. Би хүүхэд болохоороо нөгөө хоёрыгоо үзээд дагаж гүйгээд бөөн баяр. Тэр хоёр намайг дагуулан хотныхоо айлуудад орж золгочихоод ойр орчим байгаа айлуудаар орж золгоно гэж байна. Би ч хамт явлаа. Эмээ намайг дуудан:

-Дахиад л битгий оройтоорой гэж байна. Би ч за, гэлээ. Ингээд гурван хөөрхөн нөхөр хоёр ахыг дээд доод Аазын айлуудад буухаар мордлоо доо. Цагаан сараар айл хэсэх гэдэг их том ажил аа. Манай нутгийнхан цагаан сараар санзай гэдэг шар тостой сайхан боов тавьж, ихэвчлэн банш чанаж, ууц шүүс тавина. Айлд орохоор хүүхэд хөгшин гэхгүй заавал шинэ цай бурхийлгэн, банш чанаж өгнө. Бэлэн цай амсуулахыг ихэд цэээрлэнэ. Харин гарын бэлгийн хувьд гэвэл одоогийнх шиг юм элбэг дэлбэг байсан биш болохоор хүүхдэд ихэвчэн шар тостой “бомбого” өгнө. Бас зарим нь шар тостой санзай юм уу домбон ёотон хагалж өгнө. Домбон ёотон хагалахад адилхан тэгш хагарахгүй бутран их бага хуваагдах тул томыг нь хэнд нь өгөх бол гээд нүдээ бүлтийтэл харна шүү дээ. Том нь ихэвчлэн өөрийн хамаатан юм уу, ирсэн хүүхдүүдийн томд нь очих нь бараг хууль. Хөх тарианы гурилыг шар тостой зуурч атгаж бөндийлгөн бондгор болгоод өгөхийг Бомбого гэдэг. “Бомбого”-оо зарим айл атга дүүрэн хийгээд өгдөг байхад зарим нь бас багахан атгаад өгөх нь бий. Айл айлын бомбогоны амт ч өөр. Тэр өдөр бид гурав эхлээд Дээд Аазын айлуудаар, дараа нь Доод Аазын алуудаар орж, гэдсээ цодойтол банш цохиж, өврөө түнтийтэл бомбого өвөрлөж аваад оройхон гэр рүүгээ ирж явлаа. Замдаа хэний бомбого амттай, хэнийх нь том байсан бэ энэ тэр гээд явж байтал, гэнэт хулсан дотроос бууртай тэмээ гарч ирлээ.

Нэг л их цас мөс болсон цагаан овоотой, амнаас нь цагаан хөөс цахарч уур савсан, эрүү ам нь хавшиж цээж нь дүнгэнэсэн матигар хар буур бидний өмнүүр хөндөлсөн гарч ирээд цээжээ дүнгэнүүлэн шавах нь сүртэй. Айсан гэж юу гэх вэ. Гурвуулаа буцаад л давхилаа. Аз болоход хар буур биднийг хөөсөнгүй. Ер нь оруу буур аюултай. Дошгин буур морьтой хөөж унагаан дэвсэж аминд нь ч хүрсэн тохиол бий. Тиймээс ч бууранд ам гарч болдоггүй гэсэн үгтэй. Ингээд гурвуулаа Доод Аазад хүрч ирээд бууртай тэмээнээс айгаад явж чадахгүй байж байтал орой боллоо. Би ч буурнаас айхаас илүү дахиад л оройтлоо гэж Чойдог гангиаг загнах байх гэж их айж байлаа. Гэвч гангиа маань загнаагүй юм.

Энэ цагаан сар миний өвөө эмээ хоёртойгоо хөдөө цагаалсан хамгийн сүүлчийн цагаан сар байлаа. Тийм болохоор энэ цагаан сарыг ер мартдаггүй юм.

Нямжавын СҮХДОРЖ

2022-01-25

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *