Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүхийг Таван толгой зэрэг том бүтээн байгуулалтаа хөдөлгө гэснээс жорлон тойрч жороол гэж томилоогүй

Ерөнхий сайд өчигдөр утааны голомттой дөрвөн газраар явж танилцлаа гэнэ. Угаас Улаанбаатар тэр чигтээ энэ дэлхийн утааны голомт болчихсон шүү дээ. Тэр дундаас хамгийн их утаатай газрыг нь очиж үзэж, яаж утаанаас ангижруулах вэ гэж шийдэл хайхаар очсон юм байх. Бүгд л ингэж очдог юм. Сүүлийн хорин жил манай удирдлагууд ингэж очиж үзээд дараа нь баахан шогширдог юм. Нэг ёсондоо утааны төлөө санаа зовж байгаа гэдгээ л харуулдаг байх. Тэрнээс биш гадаадын зочин аятай баахан шадар туслахаа дагуулж очих шаардлага байхгүй л дээ. Улаанбаатарыг утаатай гэж хараагүй, дүлий хүн ч мэднэ.

Нам дотроо дажин болж, өөрийн журмын нөхдийг улс орон авч явж чадахгүй байна гэж унагаж байгаад гарч ирсэн Ерөнхий сайд шүү дээ. Бидний горьдлого ямар тасрах биш дээ. Эрхбиш энэ урагшгүй байдлаас гаргах байгаа гэж хүлээсээр л харж сууна. Засгаа ч, эрх баригч намаа ч толгойлох болсон У.Хүрэлсүх харин Ерөнхий сайд болмогц хэт жижиг сажиг зүйлд санаа тавиад эхэллээ. Дөнгөж Ерөнхий сайдын албаа аваад л жорлон яриад эхэлсэн. Цэвэрлэх байгууламж руу хамгийн түрүүнд гүйж очсон. Дараа нь Мах импекс рүү явлаа. Адууны махны экспортыг нэмэгдүүл энээ тэрээ гээд баахан ярив. Харин өчигдөр утаатай танилцав. Хэнд ч хэрэггүй, цаг гарзадсан хэрэг. Очиж танилцаж, шогширдгоороо утаанаас салдаг бол салахаар л олон жил болсон.

Жил ирэх бүр утаа нь гамшиг болж, эмнэлгүүд нь уушгины өвчтэй хүмүүсээ эмчилж дийлэхээ байлаа. Хүйтний эхний өдрүүдэд л хамрын шуухинаа нь хүндрээд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Хэнд ч ойлгомжтой хэрэг шүү дээ. Гэнэт ингэж санаа тавиад гэнэтийн осол болсон мэт гүйгээд байх хэрэг байхгүй. Таныг энэ зэргийн ажил хий гэж томилоогүй байх. Оюу толгой дайны ганц ч гэсэн том бүтээн байгуулалтын ажил хийхийг чинь л хүлээж байгаа. Таван толгой мэтийн том бүтээн байгуулалтдаа анхаарч, хөрөнгө оруулалт татмаар байна.Гадагшаа явж улсдаа хэрэгтэй гэрээ хийгээд ир.

Жорлон, утаа бол яалт ч үгүй манай хотын тулгамдсан асуудал мөн үү, мөн. Гэхдээ энэ нь хотын даргын хөөцөлдөх асуудал. Ерөнхий сайд хотын даргын ажлыг өмнүүр нь очиж хийгээд байх шаардлагагүй. Өдөр тутмын, хотын аж ахуйн асуудлыг хотын даргад үлдээ. Улс орны хэмжээний асуудлыг шийдэж, хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт хийж, Монголыг хөгжүүлэх гарцыг хайх хэрэгтэй байгаа юм. Энэ бүхнийг хийж байж улс орны амьдрал дээшилнэ. Улс орноо өөд татаж байж ард түмний нуруу тэнийнэ. Эхлээд хөрөнгө оруулалт татаж байж тэр жорлонгийн асуудал чинь шийдэгдэнэ. Утаа ч мөн адил. Дэлхий дээр утаанаас болж асуудалд орж байсан олон орон бий. Тэд утаанаас ангижирч чадсан. Бид харин хорин жил утааны талаар танин мэдэхүй ярьсаар өдийг хүрлээ. Энэ утаа болоод бусдыг шийдэх мөнгийг л олоод ир.

Гадагшаа явж, ганзага дүүрэн ир. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь сүүлийн үед хаяа хатавчнаасаа холдохоо байлаа. Дөрвөн уулнаасаа давж сэтгэж, гадаад улсуудын удирдлагуудтай уулзаж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа яриад ирээ. Тэд Монгол гэдэг улсыг тойроод уулзаад байх болж. Монголын улс төр Эрдэнэт, Таван толгой, тендер зэргийн төлөөх л Засгийн эрх барих тэмцэл гэдэг болчихоод байна. Үнэн хэрэгтээ энэ бол хувь хүний ашиг олох гэсэн тэмцэл л юм даа. Энэнээс болж улс төр нь дээрэм тонуул хулгай болоод хувирчихсан. Улсаа бодож байгаа хүн байна уу, ингэхэд.

Ерөнхий сайд бол айл гэрээр аав нь байдаг. Аав нь нэг хүүхдийнхээ оймсыг нөхөх гээд өдөржин тулганаасаа холдохгүй байвал хүүхдээ хүмүүжилтэй болгох, хоолтой байлгах, сургах боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд хэдийд нь цаг гаргах юм бэ. Яг түүнтэй адил Ерөнхий сайд өөрөө хүрз бариад үзэж тараад гүйгээд байх биш ард түмэнд эдийн засгийн эрх чөлөөг олгохын тулд толгойгоо ажиллуулж, хөрөнгө оруулалт татаж чадвал тэр утаа, тэр цэвэрлэх байгууламжийг өөр хүмүүс хийчихнээ. Жорлон тойрч жороолоод улс орон өөдөлчихдөг юм биш. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа мөнгө болох том төслүүдээ ерөөсөө барьж аваагүй. Барьж авах боломжийг нь ч олгоогүй байх.

Өөрийнх нь намынхан өрөөлийн намтай нийлээд өдөр шөнөгүй улстөржүүлж нэг өдөр ч амар заяа үзүүлээгүй. Сайндаа ганц Портуна Батбаяраа явуулж Чингис бондыг босгосон. Цементний үйлдвэр, зам, ноос, гудамж төсөл гээд л аар шаархан юм руу давхиж ороод тараагаад дууссан. Өнөөх л хорин жил ярьсан утаа, хорин жил ярьсан цэвэрлэх байгууламж, өнөөх л махны экспортоо тэр үед ч ярьж л байсан. Нөгөө том төслөө бүр хаячихсан. Таны өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч цэвэрлэх байгууламж, махны экспорт, утаа яриад л яваад байсан. Унасан. Ж.Эрдэнэбатын өмнө Ч.Сайханбилэг мөн л цэвэрлэх байгууламж, утаа, махны экспорт ярьсан. Нэг онцлог нь Дубайн гэрээ гэж арай өөр юм ярих гэж яваад тэрэндээ ороогдоод сүйд болсон.

Мэдээж сонгуулийн өмнө нууцаар хийсэн Эрдэнэтийн гэрээ нь намтай юутай хээтэй нь унагаад авсан даа. У.Хүрэлсүх сайд яг л тэдний замаар яваад байна. Залхтал яриад, жим гартал явсан замаар нь л яваад эхэллээ. Арай алсыг зорьсон, арай том харсан юм хийхгүй бол тэдний хувь заяа таныг тойрохгүй нь. Бидний хувь заяа улам бүрхэг болоод байна. Таныг сөрөг хүчин чинь биш, танай намын 32 гишүүн анаад л сууж байгаа. Сонсох нь ээ Засгийн газар эртээ цуглаж, хамгийн орой тардаг юм байна. Юу ярьж юу хийж суудаг улс юм.

Өнөөх Таван толгой, нефтийн үйлдвэр, гангийн үйлдвэр, төмөр зам, усан цахилгаан станцын талаар ганц алхам ч гэсэн хийдэг л байгаа даа. Ард түмэн чинь дэмий хоосон улс төржиж байна. Угтаа урд урдах ажлаа хийгээд явж байхад болох ч хүссэн хүсээгүй та бүхний буруу шийдвэр амьдралд нь нөлөөлөөд байхаар арга ч үгүй биз.

Саяхан Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банктай хийсэн нэгэн судалгааны дүн гарсан байна лээ. Тэр судалгааны дүнгээс харвал манай улс Зүүн Европ, Төв Азийн орнуудаас улстөрждөгөөрөө дээрээсээ хоёрт жагссан байна. Насанд хүрсэн хоёр сая орчим иргэний гуравны нэг нь намын гишүүнчлэлтэй юм байна. Манай улсын өмнө Албани улс улстөрждөгөөрөө тэргүүлж. Хуучин социалист орон. Сүүлийн жилийн түүхээс нь харвал манайхтай яг адил юм. Дээрх судалгааны эцсийн дүнд тухайн улс орон ядуу байх тусмаа иргэд нь их улстөрждөг гэж үзжээ. Амьдрал нь яалт ч үгүй улстөржихөөс өөр аргагүйд хүрдэг байна. Аргаа ядахаараа өнөөх улстөрчдөө шүүмжилж, ямар нэг юманд хүрнэ гэж үзвэл нам барааддаг аж. Нэг ёсондоо ядуу ард түмэн дуусашгүй горьдлого тээсээр буруу шийдвэр гаргадаг хэдэн улстөрчөө харааж зүхсээр суудаг аж. Одоо Ерөнхий сайд танаас юу хүсэх гээд байна гэхээр жорлонгоос арай ахиж хар, өнөөх том төслүүдээ бүгдийг биш байлаа гэхэд ганц нэгийг нь ч болов бариад ав. Тэрний төлөө дөрвөн уулнаасаа хол яваад үз. Сүр дуулиантай гарч ирсэн танаас арай өөр зүйл л хүлээж байгаа шүү.

Д.ХҮСЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“У.Хүрэлсүхийг Таван толгой зэрэг том бүтээн байгуулалтаа хөдөлгө гэснээс жорлон тойрч жороол гэж томилоогүй” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр нийслэлийн хамгийн их утаатай дөрвөн цэгт ажилласан юм. Энэ талаар өдрийн сурвалжилга бэлдсэнийг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай.

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан эхлэх цагаасаа 40 минут хоцорч эхэлсэн билээ.Үүний талаар улс төрийн хоёрдугаар нүүрэнд хэвлэгдсэн “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив” сурвалжилгаас хараарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “У.Хүрэлсүхийг Таван толгой зэрэг том бүтээн байгуулалтаа хөдөлгө гэснээс жорлон тойрч жороол гэж томилоогүй” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх Ш.Батцэцэгтэй хийсэн ярилцлага улс төрийн дөрөвдүгээр нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Ядууралтай тэмцэх тусам Монголд баян, ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байгаа учир юунд байна” гэжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, хэлтсүүд өчигдөр уулзалт хийж, зөвлөлдсөн юм. Үүний тухай үйл явдлын зургаадугаар нүүрэн дэх “Залуучуудад гарааны бизнес эрхлэх боломж байна гэв” сурвалжилгаас үзээрэй.

Сайнаасаа мууг их үзсэн нь улс төрд тэсч үлддэгийн сонгодог жишээ бол Х.Чойбалсан юм. Түүхийн жимээр нүүрнээс “Монголыг бүтээлцсэн эрхмүүд:Х.Чойбалсан” нийтлэлийг хүлээн аваарай.

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадмын хаалтын үйл ажиллагаа уржигдар орой Соёлын төв өргөөнд боллоо. Гоёл, соёл XIII нүүрнээс “Гоёл 2018”-ын шилдгүүдийн талаарх сурвалжилгыг сонирхон уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *