Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч гурав бие биеэ дэмжиж байж хөгжинө

Үндэсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж, гарц, шийдэл хайсан зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад ноос, ноосон эдлэл, арьс шир, ноолуур, ноолууран эдлэл, оёдол, хүнс, барилгын материал, мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөлөл оролцлоо.

Уналтад ороод байсан эдийн засаг сэргэж байгаа нь үйл ажиллагаагаа явуулахад ихээхэн дэмжлэг болж байгааг холбоодын төлөөлөл ярьж байлаа. Цаашид импорт шүтэж амьдрах биш харин нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд нийлүүлэх чиглэлээр төр, засагтай хамтарч ажиллахын төлөө байна гэдгээ илэрхийлэв. Үүний тулд татварын бодлогоор дэмжих, тухайлбал үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж ирэх бараа материал, тоног төхөөрөмжийг НӨАТ, орлого, гаалийн татвараас чөлөөлж, хөнгөлдөг байх нь чухал байгааг холбоодын төлөөлөл хэлж байлаа.

Мөн төрийн байгууллагууд дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд худалдан авдаг байх, 2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгох, дотоодын зах зээлээ хамгаалах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бий болгох зэрэгт анхаарах нь зүйтэй гэсэн санал гарлаа. 96 их сургуулийг цэгцэлж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг дэмжихгүй бол мэргэжилтэй ажилчин, ажил хийх хүн олдохгүй байгаа тухай ч хөндөгдөж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аж үйлдвэрийн зөвлөл байгуулж бүрэлдэхүүнд нь мэргэжлийн холбоодын төлөөлөл, холбогдох сайд, агентлагийн дарга нарыг оруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжлээ.

Тэрээр “Улс орныг нуруун дээрээ үүрч яваа үйлдвэрлэгчидтэйгээ Засгийн газар байнга эргэх холбоотой ажиллана. Санаа бодлыг нь сонсож, санал, шүүмжлэлийг нь хүлээн авч ажилдаа тусгана” гэв. “Өнгөрсөн 27 жилд улс төр, бизнес хутгалдсан нь бидний алдаа. Улс төр нь улс төрөөрөө, бизнес нь бизнесээрээ явах ёстой. Ерөнхий сайдын хувьд улстөржихгүй, баялаг бүтээж байгаа бол хэн ч байсан дэмжинэ” гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч хамтрах ёстой” гэж үзэж байна. “Төр, засаг нь баялаг бүтээгчдээ бүх талаар дэмждэг, ард иргэд нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бүтээгдэхүүнийг нь худалдан авдаг байя. Иргэдээ ажилтай, орлоготой, орон гэртэй, айх аюулгүй амьдруулахын тулд хамтран ажиллая” гэж уриаллаа.

Баялаг бүтээгчдээ дэмжиж, зөвлөж, туслах ёстой. Тэднийг дарамталдаг, хууль бус зүйл шаарддаг, авлига нэхдэг байж болохгүй гэдгийг зөвлөлдөх уулзалтад оролцсон агентлагийн дарга нарт хатуу анхаарууллаа. Үүний хариуд үйлдвэрлэл эрхлэгчид хууль, журмаа мөрдөж, татвараа цаг хугацаанд нь төлж байхыг сануулав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа хамт улиралд нэг удаа үйлдвэрлэл эрхлэгчдийг хүлээн авч уулзан асуудлаа ярьж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *