Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

У ГИ ЧУЛ: Агаарын хэм нь хоёр градусаар нэмэгдсэн орон дэлхийд Монголоос өөр байхгүй DNN.mn

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн Иргэний нийгмийн сүлжээг удирдах хорооны дарга, “Ногоон Ази” ОУТББ-ын үүсгэн байгуулагч У Ги Чултай ярилцлаа.


-Та анх хэдэн онд Монголд ирж байв. Яагаад “Ногоон Ази” ТББ-ынхаа төсөл хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлэхээр болсон бэ?

-Би анх 2000 онд Монголын уур амьсгалын өөрчлөлтийг судлахаар хүмүүстэй ирээд, тухайн үеийн байдлыг харахад үнэхээр ноцтой, аюултай байлаа. Судалгаанаас үзэхэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр бусад орнуудад агаарын дундаж хэм +1 градусаар, харин Монголд агаарын дундаж хэм хоёр дахин их буюу хоёр градусаар нэмэгдсэн байсан.

Хөдөө орон нутгаар явж үзэхэд газар нутгийн ихэнх нь цөлжилттэй, гол, нуур усгүй болж, ширгэсэн асуудал их байв. Түүнээс хойш би цөлжилтийг сааруулах ажилд оролцох шаардлагатай юм байна гэж бодсон.

Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөөс ийм их хохирол амссан шалтгаан нь юу вэ гэдгийг судлахад дан ганц монголчуудаас үүссэн асуудал биш юм. Хөрш улсууд болох Хятад, Орос, Солонгос, Япон зэрэг хөгжингүй орнууд нь үйлдвэрлэл, аж ахуй ихтэй. Тэдгээр улсууд дэлхийн дулааралд хүчтэй нөлөөлөл үзүүлснээр монгол нутаг нь тэдний хор уршгийн нөлөөллийн хохиролд хамгийн их өртсөн газар юм. Тийм учраас би энэ хүмүүст туслах үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс би 24 жилийн өмнөөс “Ногоон Ази” төрийн бус байгууллагынхаа салбарыг Монголд байгуулан мод тарих, иргэдийн амьдралыг сайжруулах үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

-Хэчнээн сум орон нутагт “Ногоон Ази” ТББүйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн төсөл нь хэдэн жилийн хугацаанд хэрэгждэг вэ?

-Анх Улаанбаатар хотоос мод тарих үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Багануур дүүрэг, Дундговь аймаг, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Төв аймгийн Эрдэнэ, Архангайн Өгий нуур, Төв аймгийн Аргалант, Баянцогт, Баянхангай зэрэг 10 гаруй сум, орон нутагт цөлжилтийн эсрэг ойжуулалтын төслийн жишиг загварыг байгуулаад арчлаад, ургуулаад явж байна.

Энэ жил хамгийн сүүлд эхлүүлсэн төслийн талбай Булганы Гурванбулаг суманд бий. Нэг талбайг байгуулахад эхний таван жилд дэд бүтцийнхээ ажлыг хийдэг. Түүнээс цааш иргэдээ чадавхжуулахад анхаардаг гэхээр багадаа 10 жилийн турш нэг талбайн үйл ажиллагааг нь дэмжээд, хамтран авч явдаг. Түүний нэг жишээ нь 2007 онд байгуулагдсан Булган аймгийн Баяннуур сумын ойжуулалтын талбайг өдий хүртэл хамтдаа дэмжээд, иргэдийг нь чадавхжуулаад явж байна. Богино хугацааны төсөл таван жилийн хугацаанд үргэлжилдэг бол урт хугацааны төсөл түүнээс илүү хугацаанд үргэлжилж байгаа.

-Та бүхэн орон нутгийн иргэдийг нас, хүйс харгалзахгүйгээр ажилд авч, цалинжуулж, сургалтад хамруулдаг. Энэ талаараа тодруулбал?

-Анх Япон улстай хамтарч Монголд эхний гурав, дөрвөн жилд зөвхөн мод тарьсан. Тарьсан моднууд маань бүгд үхсэн. Мод тарьсан хэсэгт хөдөөний малчин хүмүүс хашааг нь эвдлэн, малаа дотогш нь оруулж, малын тэжээл болгосонд их харамссан. Цаашдаа ингэж үргэлжлүүлж болохгүйг ойлгосон. Тэгээд Багануурын ойжуулалтын талбайг эхлүүлэхдээ тус газрын иргэдийг оролцуулж, тэднийг цалинжуулж ажиллуулсан. Түүний үр дүнд бүх тарьсан моднуудын 95 хувь нь амьд тэр чигээрээ ургаж байна. Түүнээс хойш заавал нутгийн иргэдийг оролцуулж, зөвхөн цалинжуулахаас гадна өөрсдөд нь үлдэх талбай гэж ойлгуулаад хамтраад үйл ажиллагаагаа явуулах нь зөв гэж шийдсэн. Бид олон улсын төрийн бус байгууллага учраас хэзээ нэгэн цагт тухайн орон нутагт нь ойжуулалтын талбайгаа хүлээлгэж өгөөд явна.

Булган аймгийн Баяннуур сумын ойжуулалтын талбайд ажиллаж буй хүмүүсийн нэг нь гэхэд тухайн үедээ 1300 гаруй малтай малчин байсан. Энэ хүн 2007 оны зуданд бүх малаа харамсалтайгаар алдсан юм. Тэр үед залуухан малчид нь зах зээл хөөж, ажил хийж, амьжиргаагаа залгуулах зорилгоор Улаанбаатар хотын гэр хорооллыг өргөтгөж, орон нутгаасаа явж байсан л даа. Энэ хүн ахимаг настай учраас хот руу явалгүй нутагтаа үлдсэн байсан. Тэр жилийн зуданд малаа алдсан хүмүүсээс манайд ажиллахаар 20 гаруй хүн ирж байлаа. Хов хоосон, сав саарал газар дээр эдгээр хүмүүс бидэнтэй хамтран ажлаа эхлүүлсэн. Тухайн цаг үед мод тарьж байсан хүмүүст мод тарих, үржүүлэх нарийн ногоо тарих, газар тариалан эрхэлнэ гэдэг төсөөлөхийн аргагүй хэцүү ажил байсан л даа. Тийм болохоор бид тэдэнд сургалт явуулж, зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлснээр өнөөдрийн ийм сайхан ойжуулалтын талбайн ажлыг хийж чадсан юм. Дээрх хүмүүс зөвхөн мод тарьж, ургуулаад зогсохгүй “Нөхөрлөл хоршоо” байгуулсан.

Баяннуурт нэг, хоёр, гурав, дөрөв гэсэн ойжуулалтын талбайг байгуулаад нийт 127 мянган га газарт мод тарьсан. Тухайн үед Байгаль орчны яаманд 40 гаруй га-г нь хүлээлгэж өгснөөс үлдсэн 80 га газарт нь одоогийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. 80 гаруй мянган мод тарьснаас арчилгааны явцад үлдсэн 56 мянган модыг арчлан, хамгаалаад явж байна. Эдгээр модны тодорхой хувьд нь цаашдын орлогын эх үүсвэр болгож тариалсан жимсний аж ахуй бий. Ойролцоогоор чацарганы 25 мянган мод байгаа. “Ногоон Ази” нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажилладаг, ашгийн бус байгууллага. Тиймээс арчилж, хамгаалж байгаа иргэд орлогын эх үүсвэрээ болгон өөрсдөө чацарганаа худалдан борлуулдаг. Чацарганыг худалдан борлуулаад олсон ашгийн 50 хувийг иргэддээ ногдол ашиг болгон хуваах, 30 хувийг нь эрсдлийн сандаа ашиглаж, үлдсэн 20 хувийг нь үйл ажиллагааны зардалдаа зориулах саналыг анх Баянуурын иргэдээс дэвшүүлсэн байдаг.

-Төсөл хөтөлбөрүүдээ орон нутагт хэрэгжүүлэхэд та бүхэнд тулгамдаж буй ямар асуудал байна. Монголын төр засаг болон орон нутгаас хэрхэн дэмжлэг үзүүлж байна вэ?

-Энэ их чухал асуулт байна. Цөлжилтийн эсрэг төслийг хэрэгжүүлэхэд хөдөө орон нутгийн төрийн байгууллагуудын дэмжлэг, хамтарч ажиллах байдал их чухал. Бид Байгаль орчны яамтай хамтын ажиллагааны Санамж бичигтэй бөгөөд төсөл хэрэгжих орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтарч ажиллах гэрээ байгуулснаар үйл ажиллагаагаа явуулдаг. Орон нутгийн төрийн байгууллагаас ойжуулалтын үйл ажиллагаа явуулж, ашиглах газрын эрхийг олгодог. Гадны байгууллагад энэхүү эрх нь тав, таван жилээр сунгагдаж явдаг. Газрын зөвшөөрлийг сунгаагүйгээс бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болоход тарьсан мод маань устаж үгүй болох аюул ч нүүрлэж болох тал бий. Тэнд ажиллаж байсан орон нутгийн иргэдийн хувьд багаар бодоход 20 гаруй хүн орлогын эх үүсвэргүй буюу ажилгүй болсноор тэдний гэр бүл, үр хүүхдүүд гээд олон хүний амьдрал хэцүү байдалд орж байгаа юм. Сүүлийн үед сум орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтарч ажиллахад амар болж байгаа. Өнгөрсөн хугацаанд төвөгтэй хэцүүхэн асуудлууд тулгардаг байсан ч үүнийг бид сайндаа шийдээгүй. Орон нутгийн иргэд хэцүүхэн асуудлуудыг өөрсдөө шийдвэрлэж ирсэн. Тэд сумынхаа баг, иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүртэл өөрсдийн асуудлаа танилцуулж, шийдвэрлүүлж байсан олзуурхууштай сайн жишээ бий.

Төр эрхийнхээ хүрээнд энд мод тарьж болно гээд бидэнд зөвшөөрөл олгодог. Түүний дагуу бид Эрдэнэ сумын ойжуулалтын талбайд мод тарьж байсан. Гэтэл тэнд нэг уул, уурхайн компани манайх танайхаас өмнө зөвшөөрлөө авсан гээд гэнэтхэн гараад ирсэн. Зөвхөн уул, уурхайн хайгуулын зөвшөөрөлтэй. Бид ч гэсэн зөвшөөрөлтэй тул танайхтай зэрэгцээд хайгуулын ажлаа явуулна гэж байгаа юм. Тэр хайгуулын зөвшөөрөлтэй уул, уурхайн компанитай олон жил шүүхдэлцэж, бидний үйл ажиллагаа ч жигд явж чадахгүй өдий хүрсэн. Энэ нь нэг талаараа төрийн байгууллагуудын хоорондоо уялдаа холбоогүй ажилладагтай холбоотой.

-Таны хувьд энэ удаа ямар зорилгоор Монголд ирсэн бэ. Мод тарих чиглэл дээр манай улс юун дээр түлхүү анхаарах хэрэгтэй байна вэ?

-Энэ удаа Монголд ирэхдээ суралцахаар ирсэн. Өмнө нь Монгол модыг тарьдаггүй орон байсан. Сүүлийн үед дэлхийн дулаарлын эсрэг Төрийн зөв зүйтэй бодлогын нэг болох “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн, аян явагдаж эхэлсэнтэй холбоотойгоор мод тарихад их анхаарах болсон. “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнийхөө хүрээнд ганцхан Солонгос гэлтгүй олон оронтой сайн хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Энэ олон хөгжингүй орнууд тодорхой хэмжээгээр хүлэмжийн хийг бууруулах ажилд оролцох НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэгтэй. Нэг га талбайд ногоон байгууламжийг бий болгосноор хэдий хэмжээний хүлэмжийн хийг хадгалж болох вэ гэдгээр нь борлуулахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байна. Энэ талын судалгааг хийж, батлагдсан тоог гаргавал их үр дүнтэй юм. Өөрсдийнхөө хэмжээнд бид туршилтыг хийж үзсэн. Энэ нь бүрэн батлагдсан тоо биш. Нэг га талбайд зургаан тн хүлэмжийн хийг шингээх боломжтой гэж тооцсон. Тиймээс цаашид тэрбум мод гэлтгүй маш ихээр мод тарих боломж бий гэж харж байна. Модыг арчлахад ургаж, орхивол үхнэ. Тиймээс цаашид тогтвортойгоор үйл ажиллагаа явуулах нь хамгийн чухал.

-Мод тарихын ашиг тусын талаар тодруулбал?

-НҮБ-аас бидний хийж буй ажлаас хоёр зүйлийг хардаг. Биологийн бүтээгдэхүүн гэж ногоон байгууламжийг байгуулснаар нь зөвхөн хардаггүй. Мод тариад салхины хамгаалалт хийлээ. Мөн чацаргана тариаллаа, мод үржүүлгийг хийлээ гэдгээр нь хардаг. Биологийн үйлчлэл, үйлчилгээ хүчин зүйл талаас нь тухайн модыг тарьснаар хөрсийг нөхөн сэргээх, элсний нүүдлийг зогсоох, цөлжилтийг тодорхой хэмжээгээр сааруулах үр дүнтэй гэдгийг нь үндэслэдэг. Мод нь усыг өөртөө шингээж өгдөг. Мод тарьсан газар шар шороон шуурга 10 дахин багасдаг. Мод нь ганц шар шороон шуурга гэлтгүй үер усны аюулаас хамгаалж өгдөг.

 

Л.МИНЖМАА

Б.БОРГИЛМАА

One reply on “У ГИ ЧУЛ: Агаарын хэм нь хоёр градусаар нэмэгдсэн орон дэлхийд Монголоос өөр байхгүй DNN.mn”

Цөлжиж буй гол шалтгаан бол мал аж ахуй. Үүнийг монгол хүмүүст шууд хэлбэл дургуйцэх, үзэн ядуулах учраас хөөрхий тойруулж л хэлж байна. Малын баас, цус, сүүний хаягдлаас болж ус ба хөрсний бичил орчин тэр чигтээ сүйрч түүнээс болоод усны бичил амьтад үгүй болсноор ус хурдан ширгэх, хөрс шууд цөлжих хувьсал явагддаг гэдгийг дэлхийн эрдэмтэд хэдэн зуун мянган удаа хэлсэн ч аль ч улсын төр мах, сүүний бизнесийг дэмжих зорилгоор үүнийгээ ил хэзээ ч хэлдэггүй. Ард түмэн нь мах, сүү их хэрэглэх тусам тархины хувьд сул дорой -сонссоныгоо их эрдэм гэж боддог маанаг, тэнэг байх ба бие бялдарын хувьд өвчлөмтгий болж эмнэлэгийн хувьд 100% төрөөс хараат байна . Хөгжилтэй орнуудын хувьд малыг сул тавибал байгаль сөнөөх тул байшинд үржүүлдэг шалтгаан нь ийм юм. тийм учраас л манай улсын байгаль хурдан өөрчлөгдөж бусад дэлхийн орнуудтай харьцуулахад хурдан байгалиа устгаж байгаа орны №01-д орж байна. Ичмээр юм. Гадныхан тухайн улсад ирээд улсыг нь муулахгүй тул бид тэднийг манай орны тухай сэтгэгдлээ хэл гэхээр байгаль чинь үнэхээр сайхан гэх мэтээр худлаа магтдаг шалтгаан нь энэ юм. /өөр магтах зүйл олдохгүй/ /гэвч уур амьсгалын өөрчлөлтийн тайлангаар хурдан цөлжиж, дулаан ба хүйтэний градус нь хурдтай өөрчлөгдөж буй орны номер нэгт бид орж байна даа. Нүүдлийн амьдралыг нь хараад малаасаа дор нөхцөлд амьдрах юмдаа гэж дотроо бодоод нэг олдсон амьдралаа ингэж өнгөрөөж байгаад толгой сэгсрээд буцдаг. Бид Казакстан, Узбекистан гэх мэт орнуудад яагаад жуулчид нь хэдэн зуун саяаар ирдгийг ойлгохыг ч хүсдэггүй. Бас манай хөрш Орос, Хятад 2 -н ард иргэд тариа ногоогоо тариад аз жаргалтай амьдардгийг ойлгохыг ч, судлахыг ч хүсдэггүй. Юм тарьдаг хүмүүс дотоод сэтгэлээрээ их аз жаргалтай, өвчлөл багатай байдгийг хажууд амьдарч буй хөршүүд нь нотлоод байхад монголчуудын гол хоол мах гэж балай царайлаад сууна. сүүлийн үеийн судалгаагаар бидний ганцхан удаа мандан бадарч явсан үед буюу 13-р зуунд Чингис хаан цагаан хоолтон байсаныг Чанчунь бумба тай уулзсан уулзалт болон Алтан аялгууны сударт үр удамдаа захиж үлдээж бичсэнээр -мах идвэл мангас болно гэж бичиж үлдээсэнээр нотлогдож байгаа.Цагаан хоолтон болон мацаг хоолтон байх үедээ л бид шударга, сахилга баттай , ухаантай ард түмэн байсан байна лээ. Марко Поло-н бичсэнээр юун мал алж идэх, тйим зав байхгүй/ Чингис хааны ач нарын үед ирсэн ч гэсэн/ нүүдлийн замд үхсэн амьтаны махыг борцлоод маш багаар хэрэглэх ба ихэвчлэн 5 төрлийн будаа, 3 төрлийн амуу тариа, загийн бал, жимс жимсгэнэ хэрэглэдэг гэж бичсэн байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *