Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Ганзориг: Монголчуудын стратеги, менежмэнтийн ухааны нууцыг Америк,Оросын цэргийн академи судалж байна


“Голомт” банкны гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Монголын компаниуд менежмэнтийн ухааныг зөв хэрэгжүүлж чадвал Америк, Европ, Хятадын том компаниудтай олон улсын тавцанд өрсөлдөх боломжтойг Чингис хаан, түүний баатруудын түүх харуулсаар байна гэсэн өөдрөг өгүүлбэр таны сая гаргасан “Менежмэнтийн психологи” номд байна лээ. Өнгөц сонссон хүнд бол өнөө л улиг болсон өнгөрснөө ярьж цээжээ дэлдэх нь үү гэсэн егөө төрж мэдэх л юм, тийм ээ?

-Магадгүй. Гэхдээ би“Нууц товчоо”, Чингис хаан гэж цээжээ дэлддэг төрлийн хүн биш гэж өөртөө найдаж байна (инээв).Хоосон түүхээр бахархаад хэрэггүй. Тэр түүх хэрхэн бүтсэн бэ гэдэг асуултыг өөртөө тавьж, тухайн түүхийг нөхцөлдүүлсэн хүчин зүйлийг нь судлах ёстой. Түүнээс биш дэлхийг Чингис, Жамуха хэн эзэлсэн нь сонин биш.Гол нь тэр амжилтад хүргэсэн хүчин зүйл л бүгдээс.Тэр нь менежмэнтийн ухаан, стратегийн ухаан.Хүн өөрөө психологийн ухаан.Би номондоо энэ гурвыг “уулзуулсан”.Чингис хаанд зэвсэг, цэрэг хэрэгтэй байгаагүй. Менежмэнтийн ухаан, стратегийн ухаан хэрэгтэй байсан.Өнгөрсөн түүхийн энэ үнэнийг эргэж санагалзахын хажуугаар дэлхийн орчин үеийн псхилогийн ололтыг шинжлэх ухааны үндэстэй шингээхийг зорьсон юм.

-Ингэхэд санхүүч хүн яагаад сэтгэл зүй сонирхох болсон юм бэ?

-Худалдаа хөгжлийн банкинд диллерээр ажиллаж эхэлснээс үүдэлтэй.Одоогоос бараг хорин жилийн өмнө.Бүр тодруулж хэлбэл, 2002 оноос.Диллерээр ажиллах явцад алтны ханш хэд болох, еврогийн ханш өсөх буурах эсэх, ам.долларын ханш цаашид яах вэ гэх мэт маш олон талтай зүйлийг судлах хэрэгтэй болдог.Ханшийг зөв таамаглаж чадвал ашиг хийх боломжтой.Ханшийг яаж зөв таамаглах вэ гэхээр мэдээж судалгаа хийж таарна. Онолууд баримтална. Би тухайн үед ажлаа яг таг нарийн тооцоо, судалгаа байхад л болчихдог, сэтгэл хөдлөлгүй машин мэтээр төсөөлсөн ч үгүй байсан л даа. Алтны ханш өсөх тусам эрэлт нь ихэсч байдаг.Гэтэл эдийн засгийн сонгодог онолоор бол аливаа юмны ханш нь өсөхөөр эрэлт нь буурдаг. Тэнд ажиллаж байхдаа ханш диллерүүдийн сэтгэл зүйгээс хамаардгийг ойлгосон. Хувьцааны ханш гэдэг бол санхүүгийн тайлангийн анализ гэхээс илүүтэй хөрөнгө оруулагчдын хүлээлт буюу сэтгэл зүйгээс хамаардгийг олж харсан.Ингээд сэтгэл зүйн ухааныг судалж эхэлсэн.Сэтгэл зүйн ухааныг гүнзгийрүүлж судлаад арав гаруй жил болчихож.

-Диллерээс менежмэнт рүү орж, ном бичих хүртлээ дурлаж судалсан нь мөн л сэтгэл зүйг сонирхох болсонтой чинь холбоотой юу?

-Худалдаа хөгжлийн банкинд ажиллах үетэй бас холбогдоно. 2003 онд Худалдаа хөгжлийн банкийг Америкийн компани хувьчилж авсан юм. Худалдаа хөгжлийн банкны менежмэнт дээр INGбанк орж ирж ажилласан. ING банкны тухайд банкны анхны менежмэнтийн өөрчлөлтийг хийсэн газар.Теллер суурьтай систем рүү анх шилжүүлж байлаа.Тэр үед анхны эрсдэлийн удирдлагын газар гэдгийг банкны салбарт байгуулахад би бүтэц өөрчлөх ажлын хэсгийн нарийн бичгээр ажилласан юм.ING банкны Худалдаа хөгжлийн банк руу нэвтрүүлсэн бүх өөрчлөлтийг орчуулах ажлыг давхар хийсэн.Диллер цаг наргүй ажилладаг стресстэй ажил учраас менежмэнт рүү орох ёстой юм байна гэсэн шийдвэрийг тэр үед гаргасан л даа.Ер нь сүүлийн арав гаруй жил менежмэнт, психологи гэсэн хоёр ухааныг уулзуулъя гэж бодоод явсан юм.Энэ хоёр ухааныг уулзуулж байж захирлууд байгууллагаа амжилттай авч явна, Ерөнхий сайд улсаа амжилттай удирдана.Би эдийн засаг санхүүгийн хүн учраас нэг сумаар хоёр биш хорь ч юм уу, болж өгвөл 2000 туулай буудах гэж оролддог.Тэр утгаараа энэ ном зөвхөн захирлуудад зориулагдаагүй. 21 настай залуу авч уншаад яаж гүйцэтгэх захирал болохоо хараасай гэж хүссэн. Хүүхэд хүмүүжүүлэх боловсролын агуулга ч бий.Ингээд харахаар хувь хүний хөгжлийн ном гэж хэлж болно.Бас философи ч байгаа.

-Менежмэнт, стратеги гэсэн сэдэв рүү гүнзгий орохоос өмнө асуух нэг асуулт байна. Чингисийн байлдан дагууллын гол хүч нь ерөөсөө л менежмэнт, стратегидаа байсан гэсэн үг үү?

-Шуудхан хэлэхэд тийм. Монгол үндэстэн дэлхийн геополитикийг 500 жил тодорхойлсон. Тэр утгаараа монгол үндэстэн бол малчин үндэстэн биш.Монгол хүн малчин хүн биш.Өв соёлоо судалж яваа түүхчид “Монгол хүн хэн бэ” гэсэн асуултад малчин гэж хариулах гэж байгаа бол туйлын буруу.Бид 1200-1600 он хүртэл дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлсон ард түмэн.Өнөөгийн Энэтхэгийг монголчууд байгуулсан.Монголчууд Энэтхэгийг нэгтгэхээс өмнө Энэтхэг маш олон салангид улс байсан.Хэрвээ монголчууд нэгтгэж өгөөгүй бол Энэтхэг гэж байхгүй, тэнд долоон мянган өөр улс орших байсан.Хятад ч ялгаагүй.Орос ч адилхан.Ингээд харахаар бид дэлхийн геополитикийг тодорхойлж байсан ард түмэн болохоос малчин ард түмэн биш байгаа биз.

-Өв соёл гэхээр малчин, нүүдэлчин гэсэн үг л шууд санаанд бууж байна…?

-Малчин гэдэг бол бидний амьдралын ахуйн хэлбэр. Бид өнөөдөр ном уншдаг уншигч болоод дөрвөн ханатай тасалгаанд сууж л байна.Хөдөө гараад мал маллачихна.Америкт очоод банкинд ч юм уу компанид ажиллаад амьдарчихаж чадна.Амьдрах аргаа үндэсний нэрийн хуудас гэж ойлгоно гэдэг бол яавч болохгүй зүйл.Үндэсний хүсэл эрмэлзэл гэдэг зүйлийг салгаж ойлгох ёстой.Хүн төрөлхтний стратеги, менежмэнтийн ухааны өв соёлд хамгийн том хувь нэмэр оруулсан ард түмэн бол монголчууд гэдгээ олж харах цаг нь болсон.Дэлхийн түүхэнд харагдаагүй, бичигдээгүй стратегийг хэрэгжүүлсэн ард түмэн бол монголчууд.Тоогоор цөөн, зэвсэглэлээр дутмаг, дайсны газар нутагт, дэлхийн хамгийн хүчтэй улс орнуудтай байлдаад дандаа ялдаг байсан уг шалтгаан нь ерөсөө л сая хэлсэн стратеги, менежмэнт.Өнөөдөр монголчуудын стратеги, менежмэнтийн ухааны нууцыг Америкийн цэргийн академи, Оросын цэргийн академи сонирхож байна.

-Монголчуудын найман зууны өмнөх стратеги, менежмэнтийн ухааныг жишээ нь Оросын цэргийн академи хэзээнээс сургалтын хөтөлбөртөө оруулсан байдаг вэ?

-Оросын цэргийн академи 1850 оноос хойш албан ёсны сургалтын хөтөлбөртөө оруулсан байдаг юм.

-Манай цэргийн чигийн сургуулийн хөтөлбөрт эртний монголчуудын менежмэнт, стратегийн ухаан багтсан байдаг уу?

-Харамсалтай нь байхгүй. Бид менежмент стратегийн ухааныг хүн төрөлхтөнд таниулсан ард түмний нэг мөртлөө өнөөдөр хамгийн менежмэнтгүй, туйлын стратегигүй ард түмэн болчихсон.Маш эмгэнэлтэй дүр зураг.Миний хувьд энэ номоо Монгол Улсын дахин сэргэн мандалтын түлээний мод болоосой гэж бодож, зорьж бичсэн. Түүнээс биш алдар нэр олох, гайхуулах зорилго хэтээсээ байгаагүй. Мөнгө олох хэрэгсэл бол бүр биш.

-Менежмэнт стратеги гэхээр маньд хамаагүй юм шиг хол сонсогдоод байдаг л даа. Яагаад компани, улс, гэр бүл, хувь хүн гээд бүгдэд хэрэгтэй вэ гэдэг асуултад энгийн, амьдралд нь ойрхон хариу сонсох сонирхолтой хүн олон байгаа байх?

-Яам, сургууль, эмнэлэг, төрийн байгууллага, холбоо, улс орон, дэлхий, хүн төрөлхтөн, ер нь бүх зүйлд менежмэнт хэрэгтэй. Одоогоос 60 мянган жилийн өмнө агуйд амьдарч байсан зэрлэг хүмүүсийг төсөөлье, хоёулаа. Хооллох хэрэгцээтэй үед нь арслан заан явж байвал яах вэ.Ганц нэгээрээ чулуугаар нүдээд тэр аварга амьтныг дийлэхгүй.Яаж тэр арслан зааныг агнах вэ гэдгээс менежмэнт гэдэг ухаан төрж байгаа юм.Арслан зааныг хэрхэн агнах вэ гэдгээс стратегийн ухаан гарч ирж байгаа юм.Ингээд харахаар менежмент, стратеги бол хүн төрөлхтний салшгүй, суурь ойлголт.Тэгэхээр менежмент, стратеги гэдэг компанийн захирал ч юм уу менежмэнтийн профессорын хийдэг ажил огт биш.Хүн байгаа цагт менежмэнт байна, менежмэнт байгаа цагт сайн стратеги гарч ирж байх ёстой.Хамгийн дотны ойлголт боловч өнөөдөр хамгийн хол ойлголт болчихсон нь үнэн л дээ. Сүүлийн 30 жилд Монгол улсын, монгол үндэстний зорилго юу юм бэ гэдгийг бид сонссонгүй. Зорилго бол менежмэнтийн ухагдахуун.Зорилгодоо яаж хүрэх вэ гэдэг нь стратеги.Стратеги маань ямар байхыг ч бид мэдэхгүй суугаа.Өөрөөр хэлбэл, улс орноороо зорилго чиглэлгүй болчихоод байна.Энэ маань эргээд компани, эмнэлэг, сургууль, төрийн байгууллага гээд бүгдэд нөлөөлж байна. Айл өрх, хувь хүнд ч нөлөөлж байна. Хувь хүн зорилготой байх ёстой.Тэр зорилгодоо хүрэх арга зам буюу, стратегитай байх хэрэгтэй.Компани, байгууллага, улс орон ч ижилхэн.Бидний барьдаг гар утас, өмсдөг хувцас, ярьдаг микрофон, суудаг сандал гээд бүгдийг хүн төрөлхтөн өгдөг, монгол үндэстэн хүн төрөлхтөнд ямар ч хувь нэмэр оруулдаггүй зөвхөн хэрэглэдэг байж болох уу гэдэг асуултыг өөрсдөдөө тавих ёстой.Энэ номыг бичих суурь хариуцлага эндээс ургасан.

-Хүн төрөлхтөн лидер хэрхэн бэлдэх вэ гэж ярьдаг хэрнээ дагагчдыг ярьдаггүй гэсэн өнцөг чинь сонирхолтой санагдсан…?

-“Дагагч ба лидер” бол номондоо хөндсөн дөрвөн сэдвийн нэг л дээ. Беркелейн их сургуулийн эрдэмтэдтэй ном хаялцсаны эцэст боломжийн сэдэв гэж бодоод сонгосон юм. Орчин үеийн баруун төвтэй соёлын хувьд хүн бүрийг лидер болгоё гэж байна.Харвардад лидерийн таван курс бий.Миний сурсан дэлхийд дөрөвт ордог том сургууль болох Калифорнийн Беркелей лидерийн дөрвөн курстэй.Дагагчийн нэг ч курс байхгүй.Дагагч байхгүй бол лидер хэн юм бэ гэсэн асуудал тавигдаж байна л даа.Дараагийн нэг чухал сэдэв бол сэтгэл зүйн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололтуудыг багтаасан “Төсөөлөл ба бодит байдал” гэсэн хэсэг.Толгойд орж ирсэн бодол болгоноо бид үнэн гэж боддог.Эндээс тэнэглэл эхэлдэг.Бидний толгойд орж ирсэн бодол бол зөвхөн бодит байдлын төсөөлөл тусгал.Товчхондоо лидер, дагагч, аав, ээж, ер хэн ч бай төсөөлөл нь буруу бол ямар ч олимпиадын аварга, Харвардын докторын зэрэг байгаад сүйрлээр дуусна гэдгийг орчин үеийн шинжлэх ухааны гол ололтууд дээр тулгуурлаж харуулахыг хичээлээ.

М.МӨНХСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *