Categories
амьдралын-өнгө мэдээ

Ө.Бямбадорж: Нэг буруу юм хийчихвэл залруулах гэж, зөв юм хийвэл ахиулах гэж чармайсаар л энд хүрч дээ, янз нь

“Өдрийн сонин”-оос гаргаж буй “Амьдралын өнгө” хэмээх шинэ буланг уншигчдадаа хүргэж эхлээд удаж буй. Энэхүү булангийн маань анхны зочноор иргэн Өвгөөгийн Бямбадорж оролцсон юм. Түүнтэй хөөрөлдсөнөө хүргэж байна.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутаг, усны хүн бэ?

-Би Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд таван хүү, дөрвөн охинтой айлын найм дахь хүү болон 1966 онд мэндэлсэн. Одоо бол Улаанбаатар хотын иргэн. Миний аав, ээж хоёр хоёулаа Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүмүүс. Аав, ээж, өвөг дээдсээрээ их бахархаж явдаг юм. Би аавынхаа аав, ээжийнхээ нагац ахын хэмжээнд хүрч амьдарч чадах уу гэдэгт эргэлздэг. Миний аавын аав буюу өвөө маань Хасбазар дайчин, тэргүүн зэргийн хунтайж хүн байлаа. 1937 онд хэлмэгдсэн. Харин ээжийн маань нагац ах бол зохиолч Содномбалжирын Буяннэмэх. Мөн л 1937 онд хэлмэгдсэн. Ирэх онд С.Буяннэмэх ахын мэндэлсний 120 жилийн ой болно. Ээж маань 90 гаруй нас наслахдаа нагац ахынхаа хэлмэгдэлтийн цагаатгалыг үзэж амжсан.

-Та ямар боловсролтой вэ?

-Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд бага, дунд боловсрол эзэмшээд аймгийнхаа төвийн арван жилийн сургуулийг төгссөн. Улмаар 1986 онд Санхүү эдийн засгийн техникумд тээврийн нягтлан бодогч мэргэжлээр суралцан Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд мал аж ахуй эрхэлсэн нягтлан бодогчоор очиж байлаа. Дараа нь Хөдөө аж ахуйн их сургуульд нягтлан бодох бүртгэл, эдийн засагч мэргэжлээр суралцаж 1993 онд төгссөн.

-Анхны ажил, амьдралын гараагаа хаанаас эхлэв, одоо ямар ажил эрхэлж байна?

-Хөдөө аж ахуйн их сургуулиа төгссөн өдрөө Хөдөө аж ахуйн яамны томилолтоор Партизаны сангийн аж ахуйд фермийн нягтлангаар томилогдож байсан. Тэнд долоон жил ажилласан. Ахуй амьдралын тухайд 1993 онд САА-н нягтлан байхдаа Оросуудын амьдарч байсан хоёр өрөө байранд өрх тусгаарлаж байлаа. Тэр үеэс хойш амьдралын шаардлагаар нутаг руугаа ч нүүж байсан. Дараа нь хот руу нүүж ирээд 1616 зараас ажлын байр хайгаад “Гангар Инвест” ХХК-д шалгалт өгч тэнцээд ажилд ороод их баярлаж байсан. Дараа нь СӨХ-ийнхөө даргаар таван жил ажилласан. Ингээд л 2003 оноос хойш нийслэлд “Монгол такси групп” ХХК-д өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна.

-Гэр бүлийнхээ тухай яриач?

-Би гурван ах, дөрвөн эгч, нэг дүүтэй, эхээс есүүлээ. Аав маань багш мэргэжилтэй ч биднийг бага байхад малчин байсан. Миний ах Монгол Улсын математикийн олимпиадын анхны аварга Ө.Цэрэнбямба гэж хүн байлаа, тэнгэрт дэвшсэн. Биднээс гурван нягтлан бодогч, нэг санхүүч байна аа.

Заяаны хань зам дээр гэдэг шиг Партизаны сангийн аж ахуйд 30-аад жилийн өмнө танилцсан хойморь нутгийн эмч охинтой ханилан хүү, охин хоёртой болсон байна даа (инээв). Миний хань эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ ажилладаг. Хүү ажиллаж, охин маань олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг.

-Бага насны дурсамжаасаа хуваалцаач?

-Залуу насны алдаа, оноо дурсамж олон бий. Ялангуяа Дэлгэрхангайн багын найзууд маань саяхан төгсөлтийнхөө 35 жилийн ойг тэмдэглэсэн. Сурагч байхад онц сурлагатан гэж өвгөн ааваас бэлэг авахад их баярладаг байсан. Анги, нас ахих тусам тэр бэлэг ч байхгүй шүү (инээв). Гэр бүлтэй болж, цалингаа цуглуулж мотоцикл авч унаад их баяртай салхи татуулан давхиж явлаа.

-Таны эмээгийн дүү зохиолч хүн юм байна. Танд яруу найргийн авьяас, сонирхол байгаа юу?

-Яруу найрагт их дуртай. Хийсэн ажил, уулзсан хүн, туулсан замаа шүлэглээд биччихдэг.

-Цар тахлын үед таны амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөв?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөл хорионд орж бидний амьдрал нэлээд хэцүү байдалд орлоо. Харин өчигдөр хувиараа бизнес хийхэд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болсон тухай сайхан мэдээ сонссон. Шинэ он гараад хүн бүхэн юу чаддагаа хийх болохоор боллоо гэсэн үг. Яваандаа эдийн засгийн нөхцөл байдал ч сайжрах байх. Олон асуудлыг цахимаар шийдэж сурлаа, болдог л юм байна.

-Та “ковид-19” туссан уу, вакцинд хамрагдав уу?

-Хариуцлагаа ухамсарлаж, дэг журмыг сахиад ковидын эсрэг вакцины гурван тунд хамрагдсан. Одоогоор ковид тусаагүй л байна.

-Та мэдээ, мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

-Оройд “Цагийн хүрд”, бусад сувгуудын мэдээ үздэг. Сониноос “Өдрийн сонин”-ыг захиалж уншдаг.

-Та хүмүүсийн хандлага, хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу. Эсвэл ирээдүйд сайжрах, дээшлэх байх гэж итгэж байна уу?

-Ирээдүйдээ л итгэнэ шүү дээ. Бүх зүйл сайжрах байх. Бидний ач, зээ нарыг насанд хүрэхэд төрийн бодлого нь зөв, байгаль орчин эрүүл, цаг агаар хэвийн, бүх зүйл иргэддээ ээлтэй байгаасай л гэж боддог. Нас ахихаар нутгийнхаа тухай ч бас их боддог болох юм.

-Энэ нийгэмд юу таныг бухимдуулж байна?

-Түгжрэл л юм даа. Өдөрт ганц л ажлын ард гарч байна. Маскны ач ч юмуу, утааны хор нөлөө харьцангуй бага санагдаж байгаа.

-Та Ерөнхийлөгч, ерөнхий сайд, ер нь Засгийн газрыг хэр сайн ажиллаж байна гэж бодож байна?

-Би ер нь нэг их улстөржөөд байдаггүй юм.

-Гэхдээ л танд хувийн үзэл бий шүү дээ?

-Байгаа, байгаа (инээв). Ард түмний сонголт юм чинь зөв л явж байгаа байх даа. Сүүлийн хоёр жил засаг, захиргааны байгууллага руу зүглээгүй болохоор нарийн зүйлсийг мэдэхгүй юм. Саяхан би найздаа халамж тогтоолгох гээд л гадуур бага сага ажил амжууллаа.

-Халамж гэснээс та халамж авдаг уу?

-Авдаггүй.

-Таны ярианаас ажиглах нь ээ танай удмынхан математикийн талын хүмүүс шиг байна, тийм үү?

-Тэр бол үнэн. Аав маань багш, ээж маань багийн төвийн сургуульд хоёр, гуравхан удаа л очоод, өөрөө бие дааж бичиг, үсэг сурсан гэдэг. Биднийг бага байхад ээж гал түлж байхдаа хэдэн ч оронтой тоог цээжээр үржүүлчихдэг хүн байлаа.

-Ирэх онд ямар зорилго, төлөвлөгөөтэй байна?

-Хамгийн чухал нь С.Буяннэмэх ахын 120 жилийн ой, дараагийх нь Партизаны САА-н хөгжилд даргатайгаа хамтран 24 айлын орон сууц, ресторан, зочид буудал барьсан юм. Тэнд аялал жуулчлал хөгжүүлэх л зорилготой байна. Ажил, амьдралын гараагаа эхэлсэн Партизаны сангийн аж ахуйдаа их элэгтэй. Цэвэр агаартай тэр сайхан газрын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд өөрийн чадах чинээгээр гар бие оролцох бодолтой байна.

Тэр газарт бага залуу насандаа дорвитой хувь нэмэр оруулж чадаагүй, одоо 50 нас гараад дахин очих нь миний томоохон хүсэл, зорилго болсон. Залуу байхад сүртэй юм боддоггүй л байлаа. Манай улсад нийт 250 саалийн ферм байсан. Намайг их сургууль төгсөхөд Партизаны САА л үлдсэн байсан юм.

-Танай гэр бүл шинэ оноо яаж угтдаг вэ?

-Гэр бүлээрээ цуглараад 31-ний орой ерөнхийлөгчийнхөө үгийг сонсож, сайн сайхан зүйлсийн тухай ярилцан шуугилдсаар л шинэ оноо угтдаг. Шинэ жил дөхүүлээд хүүхдүүддээ гацуур модыг нь засч өгнө. 27-нд миний төрсөн өдөр болдог. Хүүхэд байхаасаа л их догдолж ёолкоо тэмдэглэнэ шүү дээ.

-Та энэ сарын 27-нд хэдэн насыг зооглох гэж байна?

-55 нас хүрч байна. Их юм сонсож, ойлгодог хугацаа юм байна. Нэг буруу юм хийчихвэл залруулах гэж, зөв юм хийвэл ахиулах гэж чармайсаар л энд хүрч дээ, янз нь.



А.ГАНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *