Categories
гадаад мэдээ

Твиттер компани Илон Маскийн саналын эсрэг хариу арга хэмжээ авлаа DNN.mn

Пүрэв гаригт дэлхийн хамгийн баян хүн Илон Маск сошиал сүлжээний Твиттер компанийн бүх хувьцааг $43 тэрбумаар худалдан авч, хувийн компаниа болгох санал тавьсан юм. Тэрбээр Твиттерийг дэлхий дахины үг хэлэх эрх чөлөөний платформ болгох хүсэлтэй ба ингэхийн тулд одоогийн нээлттэй компаниас хувийн компани болж өөрчлөгдөх шаардлагатай гэж тайлбарлаж байв.

Тэгвэл Твиттер компани түүний саналын эсрэг арга хэмжээг Баасан гаригт зарласан байна. Өөрөөр хэлбэл тус компанийн удирдах зөвлөл Маскийн саналаас татгалзаж, худалдагдахаас сэргийлэх арга хэмжээ авчээ.

“Poison pill tactic” (хортой эмийн тактик) гэгддэг энэ арга нь аливаа компани өөрийгөө санаа нийлэхгүй этгээдэд худалдагдахаас хамгаалах механизм юм.

Тодруулж хэлбэл одоо байгаа хувьцаа эзэмшигчдэд хямдралтай үнээр эзэмшлээ нэмэгдүүлэх хугацаатай боломж олгосноор бүхэлд нь худалдан авахыг санаархаж байгаа этгээдэд санхүүгийн хувьд саад бэрхшээл учруулдаг байна.

Өөрөөр хэлбэл Илон Маск одоо Твиттерийг авахын тулд 43 тэрбумаас илүү их мөнгө гаргах хэрэгтэй болж байгаа юм.

Илон Маскийн хөрөнгийн хэмжээ одоогоор $259 тэрбум орчим байгаа.

Үүний ихэнх хэсэг нь үнэт цаас хэлбэрээр байна. Түүнд Твиттерийг худалдаж авах бэлэн мөнгө байгаа эсэх нь тодорхойгүй байгаа.

Пүрэв гарагт ярихдаа Маск үүнийг “техникийн хувьд боломжтой” гэж хэлж байжээ.

Твиттер компанийн зарласан “poison pill” арга хэмжээ 2023 оны дөрөвдүгээр сарын 14 хүртэл хүчинтэй юм байна.

Пүрэв гарагт TED 2022 арга хэмжээнд оролцохдоо Маск саналыг нь хүлээж авахгүй бол хэрэгжүүлэх “нөөц төлөвлөгөө” бий гэж ярьсан ч энэ талаараа дэлгэрүүлээгүй юм.

Тэрбээр одоогоод Твиттер компанийн 9 орчим хувийг эзэмшиж байгаа. Хэрвээ саналаас нь татгалзвал тэр энэ хувиа буцааж зарах тухай мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *