Categories
гадаад мэдээ

Түвдийн хөлбөмбөгчдөд Америкийн виз олгохоос татгалзжээ

ЛОНДОН./ВВС/. Техас хотод болох спортын тэмцээнд оролцох ёстой байсан Түвдийн хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдад АНУ-ын виз олгохоос татгалзжээ.

Тамирчдын ярьснаар, виз авах мэдүүлгэд дурдсан аяллын зорилго нь АНУ-ын Элчин сайдын яамныханд эргэлзээ төрүүлсэн аж.

Түвдийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн, АНУ-ын иргэн Кэсси Чилдерс шигшээ багийн 16 хөлбөмбөгчнийг дагуулан Дели дэхь АНУ-ын элчин сайдын яамны ярилцлагад оруулжээ.

“Бид энэ аяллыг хэдэн сарын өмнөөс төлөвлөж байсан болохоор би тун сэтгэл дундуур байна. Энэ тоглолт бол тоглогч бүрийн хувьд маш чухал. Түвдийн эмэгтэйчүүд чадвартай гэдгээ дэлхий дахинд харуулах алтан боломж байсан юм” гэж Кэсси ярьжээ.

Гэхдээ тамирчдад виз олгохоос татгалзсан нь лалын хэд хэдэн орны иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигтай холбоогүй болов уу гэж тэрбээр үзэж байна.

“Би ийм шийдвэр гарах вий хэмээн эмээж байсан. Түвдчүүдэд АНУ-ын виз олгохгүй байх тохиолдол олонтоо гардаг, учир нь тэднийг орогнол хүсч магадгүй гэж болгоомжилдог” гэж К.Чилдерс тайлбарлажээ.

Дээр дурдсан 16 тамирчны ихэнх нь Түвдийн дүрвэгсдэд олгодог Энэтхэгийн гэрчилгээтэй, тэдний хоёр нь Энэтхэгийн паспорттой байсан аж.

АНУ-ын албаны төлөөлөгч Assosiated Press агентлагт мэдэгдэхдээ “Америкийн эрх баригчид виз олгох албадын гаргасан шийдвэрт тайлбар өгдөггүй, харин Түвдийн талаар баримталж буй Вашингтоны байр суурь урьдын хэвээр байгаа. Түвд бол Хятадын нэг хэсэг мөн” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *