Нийслэлийн иргэд 1000 гаруй ТҮЦ-ээр үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн судалгаагаар Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 1000 гаруй ТҮЦ байдаг аж. Эдгээр ТҮЦ эрхлэгчийн 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг байна. Холбогдох байгууллагаас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид төдийлөн биелүүлдэггүйг албаныхан хэлэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалын хэрэгжилтэд өчигдөр гэнэтийн шалгалт хийлээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн хувьд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 170 гаруй ТҮЦ байдаг. Ажлын хэсгийнхний тус дүүрэгт хийсэн шалгалтаар 10 гаруй ноцтой зөрчил илрүүлсэн юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын ахлах байцаагч Ж.Ариунаа “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийн хувьд гадна орчны хог хаягдал, ажлын байрны стандарт шаардлага хангахгүй, тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилчдын хувьд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй. Үүнээс гадна хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг түргэн гэмтдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг ил задгайгаар худалдаалж байна. Мөн ямар нэгэн гарал үүслийн бичиг байхгүй шинжилгээнд хамруулаагүй хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг худалдаалах зэрэг зөрчил илэрч байна” гэлээ. Түүнчлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээлэл дутуу бичигдсэн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүллээ. Улаанбаатар хотын цагдаагийн газраас гарсан зөрчлийг арилгуулахаар хуульд заасны дагуу торгууль ногдуулж, хориотой бараа бүтээгдэхүүнийг хураан авсан юм.
Харин Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй ТҮЦ эрхлэгчид цөөнгүй байдаг байна. Тэдэнд өнгөрсөн есдүгээр сард хийсэн шалгалтаар үйл ажиллагаагаа зогсоохыг анхааруулж, шаардах хуудас хүргүүлсэн аж. Тус дүүргүүдэд мөн адил тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүн буюу хачиртай талх, кимбаб, пирошки зэргийг ил задгай зарж байсан зөрчил илрэв.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Я.Сайнбаяр “Уг шалгалтыг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын байцаагчдаас бүрдсэн ажлын хэсэг хийж байна. ТҮЦ эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуулийг удаа дараа зөрчдөг. Өнөөдөр ч мөн ялгаагүй тамхи ширхэглэн зарсан нийтлэг зөрчил илэрлээ” гэлээ. Харин нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Б.Идэрмөнх “Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөлгүй, тодорхой шаардлага биелүүлдэггүй олон ТҮЦ бий. Мөн үйлдвэр үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь шатахуун түгээх станцаас 20 метр зайтай байх ёстой. Гэтэл Шастины нэрэмжит III төв эмнэлгийн автобусны буудлын орчимд байрлах ТҮЦ-үүд нь шатахуун түгээх станцтай зэрэгцээд шахуу үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тиймээс зөвшөөрөлгүй эдгээр ТҮЦ-ийг нүүлгэх хүртэл арга хэмжээ авна” гэв.
Байцаагчдын тогтмол хийдэг шалгалтаар ТҮЦ эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуулийг байнга зөрчдөг гэдгийг албаныхан онцлов. Түүнчлэн 2014 онд НИТХ-аас баталсан 54 дүгээр журамд стандартад нийцээгүй, эрх зүйн үндэслэлгүй зүйлийг тусгасан учраас зөрчил их гардаг талаар байцаагчид хэлж байсан юм.
Өнгөрсөн есдүгээр сард хийсэн шалгалтаар ТҮЦ эрхлэгчдийн дйилэнх нь гэрээ байгуулж, зөвшөөрөл аваагүй зөрчил нэлээд байсан аж. Мөн батлагдаагүй байршилд зөвшөөрөлгүй тавигдсан 757 цэг байгаа нь хувийн ашиг сонирхол болон иргэдийг хаа дуртай газраа ТҮЦ байршуулах, шилжин нүүх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн иргэдээс ирүүлж буй санал хүсэлт, гомдлын хүрээнд авч үзэхэд ТҮЦ эрхлэгчдийн дийлэнх буюу 80 -90 % нь цаг хэтрүүлэн ажиллаж байгаа нь тогтоогджээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.