Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголыг баталсан ч Гацууртын орд дээр гацав

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд ирэх оны төсвийг хэлэлцэх байлаа. Гэсэн ч Төсвийн байнгын хорооноос ирэх оны төсвийн төслийг дахин авч үзэж, сайжруулах чиглэл өгөгдсөн учир Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг, Сангийн яамны ажлын хэсэг хамтраад зарим зүйл дээр өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Иймд хэлэлцэхээр төлөвлөөд байсан ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулах саналтай байгаагаа Сангийн сайд Б.Болор гаргасныг дэмжсэн юм.

Байнгын хороо дараа нь Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжсэн.

Мөн өдөр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж ирэх оны төсвийг хэлэлцэх байсан ч Эдийн засгийн байнгын хорооныхтой ижил санал гарсан тул хойшлууллаа. Үүний дараа Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн “яаралтай хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв.

Баасан гаригийн үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд 2015 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Энэ оны төсвийн тодотголоор Онцгой албан татварыг нэмэгдүүлэх саналыг Засгийн газар оруулж ирсэн. Татвар нэмэхгүй гэж байсан Засгийн газар хэд хэдэн татварыг нэмэхээр оруулж ирснийг сөрөг хүчин эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Засгийн газар онцгой албан татварыг гурав дахин нэмэхээр болсныг шүүмжлээд “Бензин шатахууны үнэ буурч алслагдсан аймаг, сум гэлтгүй улсын хэмжээнд шатахууны үнэ ижил байх ёстой. Гэтэл төсвийн орлого тасалдана гээд Онцгой албан татварыг нэмж болохгүй шүү. Төсвийн тодотголоор бензиний үнийг буулгахгүй гээд батлах гэж байна. Өмнө нь ч би улсын хэмжээнд бензиний үнийг буулгах ёстой гэдэг байр сууриа хэлж байсан. Одоо ч хэлж байна. Цаашид ч хэлэх болно” гэсэн юм. Мөн Ж.Энхбаяр гишүүн “Дэлхийн зах зээлээс 2-3 дахин үнэтэй шатахуунаар яаж баялаг бүтээж олон улсын зах зээлд өрсөлдөх юм. Өндөр үнэтэй шатахуун хэрэглэж нүүрс олборлоод яаж бусад орнуудтай өрсөлдөх юм бэ. Шатахууны үнийг хямдруулах ёстой. Иргэдийн нуруун дээр ОАТ-аар нэмэгдүүлсэн онцгой ачааллыг нэмж байна. Хувийн хэвшил өрсөлдөхөд бэрх. Төрийн данхар бүтцийг тэжээх гэж ОАТ-ыг нэмж болохгүй. Одоо байгаа 252 мянган төгрөгийн онцгой албан татварыг Засгийн газар 750 мянган төгрөг болгож оруулж ирлээ” хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Гэсэн ч чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 82.4 хувь нь уг саналыг дэмжсэн юм. Төсвийн тодотголтой холбогдуулан өөр асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр 2015 оны төсвийн тодотголыг баталлаа.

Харин дараа нь Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч хэлэлцэх эсэхээ шийдвэрлэж чадсангүй. УИХ-ын гишүүдийн ойлголцол нэг болж чадаагүй тул ирэх долоо хоногийн УИХ, байнгын хороогоор хэлэлцэх асуудалд Ноён уулын асуудлыг багтаахгүй, харин энэ хооронд бүх талын төлөөллийг багтаан хэлэлцүүлэг хийх шаардлага байна гэж УИХ-ын дарга үзсэн тул санал хураалтыг хойшлууллаа. Өмнө нь Ноён уулыг хэлэлцэх асуудлаар санал хураахад гишүүд эзгүй байсан тул унаж байсан билээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд дараахь байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Энэ асуудал байнга орж ирэх юм. Уг нь Их хурал хоёр удаа буцаачихсан. Энэ нь дахин орж байгаа болохоор хардалт дагуулж байна.

УИХ-ын дарга З.Энхболд: -Наадах чинь дараагийн асуудал, Даваасүрэн гишүүн ээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Би холбоотой зүйл ярьж байна. Би Хөвсгөлийн ард түмний төлөөлөл, өөрөө хэлэх үгээ мэдчихье. Ноён уулыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авчихаж яагаад болоогүй юм. Хүний нүүрний амыг нь ухаад авчихвал ямар харагдах вэ. Үүнтэй адил хоёр өндөр оргилын дунд талын амыг ухах гээд байгаа юм билээ. Тахилгатай уул овоог тусгай хамгаалалтад авна гэсэн мөрийн хөтөлбөрт тусгайлан заасан байна л даа. Үүнийгээ төгс шийдээч. Тэгвэл иргэдийн бухимдал арилна. Дахин нийгмийг бухимдуулах ямар хэрэг байсан юм.

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: -Өнөөдрийн 50 тоннын нөөцтэй гэдэг чинь хүмүүсийг соронзон шиг татдаг юм байна. Нинжа нар олноороо орж эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг ЦЕГ-ын дэд дарга хэлж байсан. Орон нутгийн иргэд, Шинжлэх ухааны байгууллагуудаас санал авсан. Орон нутгийн иргэд Ноён уулын оройн хэсгийг л хамгаалалтад авахад болно гэж орон нутгийн ИТХ нь хуралдаад шийдсэн. Ц.Эрдэнэхүү гэдэг дарга нь гарын үсэг зураад надад ирүүлсэн.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: -Ноён уулыг тусгай хамгаалалтад авахыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл монгол угсаатны анхны Хүннү гүрэн бий болсон дэлхийд ганц түүхэн газар л даа. Хэнтийн нурууны усны хаалт үзүүр бүхий хамгаалалт бас үүнд хамаарна. Нутгийн хүний хувьд маш олон компани энэ газар алтны хайгуул хийхээр зөвшөөрөл авсанд эмзэглэдэг. Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Сентерра гоулд” компани Ноён уулыг тойруулж таван лиценз авсан байдаг. Бороог нь ухаад дууслаа, цаана нь дөрөв үлдсэн. Сүжигтэйд түүхэн дурсгалт зүйлс бий гэж Батцэрэг даргын дүгнэлтэд гарсан. Сүжигтэйд үнэхээр байдаг юм бол яахаараа энэ Сүжигтэйд ашигт малтмалын лиценз байдаг юм бэ. Зуунмод гэдэг компани 15 тонн алт олборлох ТЭЗҮ-гээ хийж байна гэнэ. Баавгайт гэдэг бол Ноён уулын яг хажуугийн газар. Үүнд хариулт өгөөч.

Уул уурхайн сайд Р.Жигжид: -Хамгаалалтад авахаар санал болгож байгаа 11 мянган га талбайд зургаан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бий. Үүний хоёр нь хайгуулынх, дөрөв нь ашиглалтын тусгай зөвшөөрөл. Сүжигтэй нь Хүннүгийн бүлэг олдвортой нь холбоотой газар. Энд Гүнбилэгтэй гэдэг компани тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсныг цуцалсан.

“Сентерра гоулд”-ын нэг лиценз хамгаалалтад орсон. Энэ талаар яриа хэлэлцээр эхлүүлсэн, хуулиараа нөхөн төлбөр хийх, эсвэл талбайг нь сольж болно.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Бас ч гэж хоосонгүй. Ноён уулаа тэр чигээр нь тавьж туух гэж байсны хажууд хуурах гэж байгаа юм шиг ингэж орж ирж байгаа нь овоо доо. Богд уулыг дархан цаазтай хамгаалалтад авъя. Гэхдээ Зайсангийн амыг ухуулъя гэдэгтэй адил зүйл орж ирлээ. “Сентерра гоулд”-ынхан Ноён уулаас шүлсээ гоожуулаад салахаа болилоо. 50 тонн алтнаас манай ашиг нь нэг тонн ч хүрэхгүй ашиг олно. Олборлолт явуулснаар хүнцлийн хор гэдэг хор агаарт дэгдэж аюултай байдалд орно. Ш.Пүрэвсүрэн эрдэмтний гаргасан судалгаа байна. Хүнцлийн хор агаарт дэгдэж, устайгаа холилдоод маш аюултай байдалд орно. Хүнцэл байх ёстой хэмжээнээсээ 8000 дахин их байна. Хараа, Ерөө голыг дагаж амьдардаг Дархан, Сэлэнгийн иргэдийн амьдралд ямар ч нөлөөгүй гэсэн баталгаа байна уу. “Ёроолгүй алтнаас ёроолтой зэс” дээр гэж үг бий. Төр байна даа. Өөрсдийнхөө 500 нинжагаас хамгаалж чадахгүй болохоороо олон улсын үндэстэн дамнасан нинжад өгье гэж сонсогдоод байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: -Нэг хэсэг алтыг нь хамгаалалтад аваад нөгөө хэсгийг нь орхино гэдэг логик чинь буруу байна. Ашиглалтын лицензтэй аж ахуйн нэгжид хичнээн хэмжээний нөхөн олговор өгөх тооцоо гарсан бэ. Түүхийн дурсгал булш бунхан ямар хэмжээнд байгаа вэ. Нэг хэсгийг нь хамгаалалтад авчихаар нөгөө 50 тонн дээр чинь нинжа нар үсрээд орчих юм биш биз дээ.

Уул уурхайн сайд Р.Жигжид: -Тусгай хамгаалалтад авч байгаа газар нутаг дотор зургаан тусгай зөвшөөрөл бий. Тооцоогоор бол хайгуулын ажлын зардал 97.7 сая, тусгай зөвшөөрлийн төлбөр нь 88.7 сая, нийт дүнгээрээ 186.4 сая төгрөгийн нөхөн төлбөр бидний гар доор байгаа баримтад байгаа. Гэхдээ үүнийг татвар, Сангийн яамтай хамт нягтлах шаардлага бий.

УИХ-ын гишүүн Л.Цог: -Гацууртын ордыг бид буцаагаад явуулсан нэмэргүй дахиад оруулж ирж байна. Ингэхдээ өөр халхавчтай орж ирж байна. Гегелийн нэг үг бий. “Хүн төрөлхтний хамгийн адгийн араншин бол эх орноо тонон дээрэмдэх” гэж үг бий. Энд асуудал байгаа. Нинжа нараа дийлдэггүй Монголын төр гэж хаашаа харсан юм байна вэ. Гадныхан төргүй л гэж ойлгоно. Энийг улиглаад сууж болохгүй.

Төсөв болохгүй болохоор л алтны ордоо ашиглах юм ярьдаг. Оюу толгойн баримтын шалгалтын дүнг бид мэднэ. Гурван миллиард долларын асуудал байгаа, Монгол Улсын төсөвтэй тэнцэнэ. Алтаа олборлоод сайхан болчихно л гэсэн хаа байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Тусгай хамгаалалтад авна гээд оруулаад ирэх нь сайхан ч хөвөнд чулуу боогоод оруулаад ирсэнтэй л адил байна. Алтны татварыг бууруулаад, Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар сайхан болно гэсэн, гэтэл энэ зунжин ган боллоо. 300 гаруй аж ахуйн нэгж алт ухаад төсвийн орлогыг яаж нэмэгдүүлэв. Асуухаар алтны үнэ дэлхийн зах зээлд унасан гэдэг тайлбар хийгээд сууж байгаа. Баялгаа тасралтгүй зөөж байгаа ч татварт орж ирж байгаа юм нь бага байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Ноён уул нь хүн амын нягтаршил ихтэй, түүх соёлын арвин их олдворууд байдаг газар судалгаа нь байна. Ноён хатангүйгээр байж болдог юм уу. Үзэл баримтлалаасаа ухарсан юм харагдаад байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга: -Ноён уулыг хатантай нь, үр хүүхэдтэй нь хамт хамгаалах асуудлыг оруулж ирвэл дэмжинэ. Сүүлийн үед нинжа оруулдаг арга дэлгэрээд байна. Эдийн засгийн үр ашиг, түүх археологи гео тогтоцынх нь асуудлыг бүхэлд нь багтаагаад хэлэлцүүлэг хийе.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -Ноён уул орчмыг нь тусгай хамгаалалтад авахыг дэмжихгүй хэн байх вэ. Зэрэмдэглэж авч болохгүй. Зүүн, баруун тийшээ шугам татсан байна лээ. “Сентерра гоулд”-д үйлчилсэн байдлаар оруулж ирж болохгүй. Ул суурьтай хандмаар байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: -Яагаад зарим газрыг хамгаалалтад авсангүй вэ гэхээр “Нинжа нар түйвээгээд байгаа. Нэг хэсгийг хамгаалалтад авч байна” гэж хариулах юм. Гэтэл өөр нэг газар руу нь нинжа орохгүй гэх баталгаа байгаа юм уу. Засгийн газар хариултаа бодож өгмөөр байна. Би тэнд нь бужигнуулчихъя, чи сонгогчдодоо очоод хариулчих гэсэн байдлаар хариулт өгч байна. Хорт бодистой холбоотой технологи яаж явах вэ гэдгээ тайлбарла. Бүхлээр нь хамгаалалтад авах эсэхийг шийдэж болох байлгүй дээ, нэгэнтээ УИХ-д өргөн мэдүүлсэн учраас холбогдох байнгын хороо нь шийдвэрээ гаргачих боломжтой хэмээн гишүүд байр сууриа илэрхийлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *