Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тус байнгын хороо өмнөх хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн хэдий ч чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Харин бусад дөрвөн хууль, тогтоолийн төслийг гишүүд дэмжсэн билээ.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төсвийн байнгын хорооны гишүүдээс хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Уг саналуудаар санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал Ч.Хүрэлбаатар гишүүн, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн саналын томьёолол, С.Баярцогт гишүүний Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгжиж эхлэх хугацааг 2015-01-01-нээс байхаар найруулгын шинжтэй санал болон Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталья гэсэн горимын саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Харин Ч.Хүрэлбаатар гишүүний Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн зарчмын зөрүүтэй санал гишүүдийн дэмжлэгийг хараахан авч чадаагүй юм.
Ийнхүү гишүүд санал бүрээр санал хураалгаж дууссаны дараа, зарчмын зөрүүтэй саналуудын талаарх байнгын хорооны санал, дүгнэлт болон хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.