Categories
мэдээ спорт

Төрөөс тамирчдад сар бүр олгодог цалин тэднийг спортоос хөндийрүүлж байна

2000 аад оны сүүл үеэр тамирчид маань Монгол Улсын спортын түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдэх олон амжилт гаргасан. 2008 оны Бээжингийн олимпийн наадамд жудо бөхийн -100-кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр Казахстаны Асахат Житкиевыг хожиж монгол хүн анх удаагаа олимпийн аварга болж ард түмнээ баярлуулсан. Энэ олимпийн наадмын баяр дээр баяр нэмж боксчин Э.Бадар-Ууган мөн л алтан медаль хүртсэн. Үүний дараахан 2009 онд Голландын Роттердам хотноо зохиогдсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс МУГТ Х.Цагаанбаатар алтан медаль зүүж Монголын жүдочдоос анхдагч нь болсон. Монголын тамирчдын гайхамшиг үүгээр ч төгссөнгүй. 2010 онд МУГТ П.Сэрдамба Боксын ДАШТ-аас алтан медаль хүртсэн.

Харамсалтай нь эдгээр “баатар”-уудаас маань өнөөдөр олимпийн аварга Н.Түвшинбаяр л дэвжээндээ үнэнчээр үлдэж амжилтаа ахиулахын төлөө хөдөлмөрлөж байна.

Олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Бадар-Ууган 2008 оны олимпийн наадмаас хойш тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг ч удаа оролцоогүй бөгөөд 2013 онд 29 настайдаа нурууны бэртлийн улмаас зодог тайлсан.

Бэртэл гэмтэл гэдэг бол тамирчин хүний нэг төрлийн өрсөлдөгч байдаг. Тиймээс улс эх орныхоо нэрийг нуруундаа үүрч буй Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчид энэ бүхнийг ялан дийлэх сэтгэлийн хаттай байх ёстой.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган 2006 онд Европын цуврал тэмцээнүүд болох “Чехийн цом”, “Туркийн цом”-д оролцож явахдаа чихэндээ хүчтэй цохиулснаас болоод хэнгэрэг хагарсан байна. Улмаар гэмтэл нь аажмаар сэдэрч, ужгирсаар мэдрэлд буюу тэнцвэрийн эрхтэнд, цаашлаад нугасанд нь нөлөөлж, нурууны мэдрэлийн судсууд ч дарагдахад хүрчээ.

Энэхүү бэртлээ Э.Бадар-Ууган Герман улсад эмчлүүлэхэд мэргэжлийн эмч нар түүнийг “Хоёр жилийн хугацаанд гам барьж сайн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Энэ хугацаанд бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд оролцвол нуруу хөдлөх боломжгүй болох эрсдэлтэй. Гам сайн барьсан тохиолдолд эргээд спортдоо ороход асуудалгүй” гэж зөвлөсөн байдаг.

Үүний дараахан гавьяат “Ардын эрх” сонин болон NEWS.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Миний хувьд бүх зүйл дуусчихаагүй байгаа шүү дээ. Нас залуу байна. Зөвхөн энэ олимпод(2012) оролцох боломжгүй болсноороо намайг дэмжиж, надаас амжилт хүлээж байгаа ард түмнийхээ итгэлийг алдаж байгаа ч дараа дараагийн амжилтаараа түүнийгээ цайруулна даа л гэж бодож байна” гэж амласан. Харамсалтай тэрээр дахиж тулааны рингэндээ гарсангүй. Түүнтэй ижил хэмжээний бэртэл авсан Аргентин улсын эмэгтэй жүдоч Пауло Парето бэртлээ ялан дийлж спортдоо эргэн ирж, 2016 оны олимпийн наадамд алтан медаль хүртсэн юм. Пауло Парето Э.Бадар-Ууган 2008 онд олимпийн наадамд түрүүлж байхад мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Ид амжилт гаргах насандаа спортоо орхисон өөр нэг тамирчин бол олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга МУГТ П.Сэрдамба. Тэрээр 2012 онд Лондонгийн олимпийн наадамд оролцоод л 27 настайдаа зодог тайлсан.

Гавьяат тамирчин маань зодог тайлах болсон шалтгаанаа “Шинэ залуу, өсөх ирээдүйтэй тамирчдадаа зайгаа тавьж өгөхийг хүссэн” гэдгээр тайлбарласан. Гэсэн ч П.Сэрдамба гавьяатыг зодог тайлснаас хойш халааг нь аваад явах дэлхийн хэмжээний тамирчин одоогоор Монголд гарч ирээгүй л байна .

Олимп дэлхийн хэмжээнд өрсөлддөг туршлагатай тамирчид залуу тамирчдадаа үлгэр дуурайл болж тэднийг амжилтад хөтөлдөг. Залуу тамирчид дэлхийн хэмжээний тамирчнаас суралцаж , тэдний энд хүрэхийн тулд биеэ илүү дайчилдаг. Гэсэн ч МУГТ П.Сэрдамба залуу тамирчдадаа зайгаа тавьж өгөх нэрийдлээр спортоос хөндийрсөн.

МУГТ П.Сэрдамба, Э.Бадар-Ууган нартай нэг үед өрсөлдөж байсан Украйны тамирчин Василы Ломаченко, МУГТ У.Мөнх-Эрдэнэ нарын ширэн бээлийтнүүд 2012 оны олимпийн наадамд оролцож алт болон хүрэл медаль зүүсэн.

Энэ мэтчилэн манай шилдэг тамирчид харьцангүй эрт спортоос хөндийрч байгааг олимпийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр олгож буй цалинтай холбож тайлбарлах мэргэжилтнүүд олон. Энэ цалин нь тамирчдын ар гэр, нийгмийн байдалд сайнаар нөлөөлөх ч сарын гурав, дөрвөн сая төгрөг авч байгаа хүн хөлс гаргаж хөдөлмөрлөх сонирхол нь буурах магадлалтай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 онд зарлиг гаргаж Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 3 сая, мөнгө бол 2, хүрэл бол 1 сая төгрөг, Дэлхийн аваргын алтан медалийн эзэнд 2 сая, мөнгө медальтанд 1, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөг сар бүр олгохоор болсон.

Уг захирамж хэрэгжиж эхэлснээс хойш олимп болон ДАШТ-ний медаль хүртсэн тамирчид олон улсын тэмцээнд оролцох нь эрс цөөрч, ар араасаа зодог тайлах болсон. Зодог тайлсан тамирчдын жагсаалт дээр өгүүлсэн хоёр гавьяатаас Дэлхийн аваргын алт хүрэл медальт МУГТ Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, олимпийн наадмын мөнгөн медальт МУГТ хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, олимп болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт С.Ням-Очир нараар үргэлжилнэ.

Захирамжийн дагуу П.Сэрдамба 5.5 сая төгрөг, Э.Бадар-Ууган 5 сая, Х.Цагаанбаатар 4.5 сая төгрөгийн цалин сар бүр төрөөс авдаг аж.

Монгол Улсын хувьд олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчинд сар бүр цалин олгохоос гадна алтан медаль хүртвэл 120 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 30 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн шагнал гардуулдаг журамтай.

Үүнээс үзэхэд олимпоос медаль хүртсэн тамирчинд олгодог нэг удаагийн шагналынх нь мөнгөн дүнг нэмээд, сар бүрийн цалинг зогсоовол тамирчид эрт зодог тайлах нь багасах магадлалтай юм. Мөн тухайн шагналын мөнгөн дүнг ахиж авахын тулд тамирчин илүү хөдөлмөрлөнө. Өөрөөр хэлбэл амжилт гаргах том хөшүүрэг болно. Харин сар бүр олгодог цалинг нас заагаад ахмад тамирчдадаа олгох боломжтой. Энэ тогтолцоо гадаадын олон оронд бий.

Монголын төр тамирчдадаа хангамж болгож 2012 оны олимпоос 2016 оны олимпийн мөчлөгт олон улсын тэмцээнд оролцоход нь зориулж 20 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн. Энэ нь өмнөх олимпийн наадмынхаас 4.5 тэрбумаар давсан ч тамирчдын амжилт нэг мөнгө, нэг хүрэл медалиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ үзүүлэлтээс харахад тамирчдад сар бүр олгодог цалин тамирчдын амжилт ахиулахад түлхэц болоогүй харагдана.

Гадаадын улс орнуудын хувьд Сингапур хамгийн их буюу алтан медаль авсан тамирчин тус бүрийг нэг сая сингапур доллар эсвэр 746 мянган ам.доллароор шагнадаг ажээ. Мөн ОХУ, Франц олимпийн аварга тамирчдаа тус бүр 180 мянга, 135 мянга, 65 мянган ам.доллароор тус тус урамшуулдаг байна. Түүнчлэн БНХАУ олимпод түрүүлсэн тамирчнаа 31.4 мянган ам.доллароор шагнадаг бол АНУ 25 мянган ам.долларыг өгдөг аж.

О.ДАШНЯМ

8 replies on “Төрөөс тамирчдад сар бүр олгодог цалин тэднийг спортоос хөндийрүүлж байна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *