Увс аймгийн Баруун туруун сумын 10 жилийн дунд сургуулийн 1968 оны төгсөлт арвын А, Б гэсэн хоёр бүлэгтэй байж. 10-ын А-гийн багш нь Батмөнх. Таван охинтой, хорин бандитай, сурлагаараа тэргүүлдэг байсан тус ангийнхан сурагч ахуй үеэ дурсаж байна. “Охидынхоо салаа гэзэгнээс чангаагаад багшдаа мөн ч их загнуулдаг байж дээ” гэхүйд нөгөө нэг нь “Хагас сайнд болдог байсан бүжгийг ээ. Долоо хоног бүр бүжсээр байгаад бид сайн бүжиглэдэг болсон байна лээ шүү. Хожим амралтын газрын шилдэг бүжигчин болсон” гэсээр дурсамжаа хуучилсан юм.
Тус төгсөлтийнхөн хоёр бүлэгтэй байсан хэдий ч яг л нэг ангийнхан шиг ижилдэн дасчээ. Сурагч байхдаа, бас оюутан болоод авахуулсан зургийг нь харахад хоёр ангийнхан дандаа хамт. Манай, танай анги гэж хуваагдалгүй бид нэг төгсөлтийнхөн гэж л ярина. А бүлэг нь 26, Б нь 25-уулаа төгссөн мөртлөө бид 51-үүлээ төгссөн дөө гэх юм. Охид цөөн байхын учир нь долдугаар ангиа төгсөөд Техник мэргэжлийн сургуульд сурдаг байсантай холбоотой.
Баруун турууны дунд сургуульд Малчин, Тэс, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Баруун туруун, Хяргас, Зүүнговь гэсэн Увсын зүүн сумын хүүхдүүд ирж суралцдаг байж. Ихэнх хүүхдүүд сургуулийнхаа дотуур байранд амьдарна. Өвөлдөө Туруун голынхоо мөсөн дээр өнжинө. Цана, тэшүүрээр ёстой нэг гулгах шиг болдог байжээ. Бүр хоккей тоглодог байсан тухайгаа ч дурсаж байна. Өдөр шөнөгүй мөсөн дээр чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан болохоор сайн сайн тэшүүрчид, цаначид төрөн гардаг байжээ. Увс аймгийн аварга шалгаруулах тэшүүр, цанын тэмцээн болохоор дандаа л Баруун турууныхан түрүүлчихдэг нь Туруун голын мөстэй холбоотой гэж дурслаа. Харин зундаа Туруун голынхоо усанд умбаж шумбан өдрийг бардаг байсан гэнэ.
Баруун туруун сум сангийн аж ахуйтай. Тиймээс дунд сургуулийн хүүхдүүд ажилд дайчлагдана. Бүр дөрөвдүгээр ангид байхаасаа л төмс, лууван гээд хүнсний ногоо хураах ажилд явдаг байжээ. Харин дунд ангид орсон хойноо тариалалтын комбайны хичээлд суудаг байсан байна. Баруун турууны сангийн аж ахуй улсдаа томд тооцогддог. 40 мянган га талбайд тариа тарьж баруун аймгуудыг гурилаар хангадаг. Тийм нүсэр сангийн аж ахуйд хийх ажил мундахгүй. Гар хөлийн үзүүрт зарагдах ажилд сурагчид л гүйнэ. Тэндээс ажил хийхийн амт шимийг мэдэрч эхэлжээ. Хавар үр тариа тарих, намар хүнсний ногоо хураах, наранцэцэгийн үр хураах гээд сурагчдад хийх ажил мундахгүй их.
1965 онд Ардын хувьсгалын 45 жилийн ойд зориулсан улсын хэмжээний уралдаанд 10-ын Б-гийн С.Доржсүрэн оролцжээ. Тэрээр нэрийг нь үл таних хүний бичсэн шүлгэнд өөрөө ая оруулан зохиогоод уралдаанд орж. Тэгсэн өнөөх дуу нь гуравдугаар байранд шалгарч сургуулийнхныхаа магнайг тэнийлгэсэн байгаа юм. Арван жилийн сурагч С.Доржсүрэнгийн ая оруулан зохиосон дууг өдгөө хүн бүр мэднэ дээ. Яагаав өнөө хүүхэд байхдаа дуулдаг байсан “Бөмбөг бөмбөг хөөрхөн дөө Бөмбөгөөр тоглох дуртай даа” гэдэг дуу шүү дээ. Тэр дууны үгийг С.Доржсүрэн яаж олж байснаа ч мартчихаж. Харин уг уралдаанд түүний дуутай өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн нь төрийн шагналт яруу найрагч Ч.Чимидийн үг, Норсонжавын ая “Дайчин нөхрийн дуу”. Хоёрдугаарт ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн үг, Батсүхийн ая “Алтан шар зам” шалгарч байсан түүхтэй. Ер нь Баруун турууны дунд сургууль дуу, хөгжмийн боловсролд их анхаардаг байж. Долоо хоног бүрийн бямба гаригт нийтийн бүжиг болно. Сургуулийн сурагчид бүгд оролцоно.
Гэхдээ голдуу ахлах ангийнхан бүжиглэнэ. Дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүд бүжиглэж байгаа хүмүүсийг тойрч суугаад хараад л байна. Ингээд найм, есдүгээр ангид орох үеэсээ бүжгийн талбайг доргитол эргэлдэж эхэлдэг ажээ. Тухайн үед сургууль маш гоё хөгжимтэй байсан болохоор бүжиг ч их гоё болно. Хавийн залуус сургуулийн бүжигт орно. Мал аж ахуйн машинт станцын харчуул ирээд бүжиглэнэ. Хөвгүүд ангийнхаа охидыг өнөө хэдээс харамлаад бөөн л юм болдог байж. Гаднаас ирсэн залуус жаахан охидыг бүжгэнд уриад, үг яриа өдөж хоргооход банди нар нь ангийнхаа охидыг өмөөрнө. Заримдаа бүр гар зөрүүлэх тохиолдол ч гардаг. Гэхдээ охидоо харамлалаа гээд өөрсдөө үерхье барья гэж гуйхгүй. Доод ангийнхаа охидыг л харна. Эсвэл нөгөө ангийнхаа охидод захиа бичнэ. Нэг удаа тус ангийн С.Цогсүрэн нөгөө ангийнхаа Оюунчимэг гэж охинд дурлаад захиа бичих болж. Тэр үед захиан дээр ямар л гоё үг байна, тэр бүгдийг бичдэг байжээ. Б.Явуухулан, Ц.Дамдинсүрэн нарын уран яруу үгтэй бүтээл туурвилыг уншиж байгаад л бичдэг байж. Эхлэлдээ заавал ч үгүй “Надаас чамд, навчнаас цэцгэнд” гэж ирээд л бичнэ. Түүнийгээ гурвалжин дугтуйнд эвхэж хийгээд өгдөг байжээ. Өгөхдөө ангийнхаа найзууддаа дайна. Өөрөө болохоор тээр хол очиж зогсчихоод захиаг минь өгч байна уу, үгүй юу гэж харуулдана. Хариуцлагатай даалгавар авсан найзууд нь ч гүйж очоод захиагаа өгч. Тэгээд хүлээгээд л байлаа. Байдаггүй шүү. Тэгсэн нэг өдөр гэрт ирээд мод хөрөөдөөд өгөөч гэж хэлж. Дотроо баахан горьдлого тээгээд яваад очтол нөгөө охины ээж нь сүүтэй цай чанаж өгөөд, хар шөл хийж өгсөн байна. Байр байдлыг нь ажаад байвал ер нь л их сайн хандаад байна гэнэ шүү. Харин захианы эзэн Оюунчимэг нь учиргүй инээд алдаад гүйгээд байж. Тэгэхээр нь дотроо баярлан нааштай байгаа юм байна гэж бодоод асуутал инээгээд л байж. Тэгсэн Оюунчимэг захиагаа орныхоо ширдэг доогуур хийгээд хадгалчихаж. Өнөөхийг ээж нь олж хараад уншчихгүй юу. С.Цогсүрэн, Оюунчимэг хоёрынх айл саахалт байсан болохоор захиаг нь уншчихаад учиргүй саймшраад байсан гэдэг. Харин хожим тэр тухай ярихаар Оюунчимэг нь “Би лав чамаас захиа аваагүй шүү” гэдэг юм билээ. Энэ мэтчилэн сурагч байх үеийн хөгтэй хөөртэй үйл явдал олон. Бас хүүхэд л болсон хойно багш нартаа загнуулах үе бишгүй тохиолдоно. Дотуур байрны охидоо эргүүлэх гэж яваад захирал болон ангийн багшдаа баригдах үе олон. Заримдаа ч аз таарч мултарч чадна. Ингэж сахилгагүйтэж байгаад баригдвал ангийн багш нь мод бариулаад хоёр гарыг нь дээш өргүүлэн зогсоодог байжээ. Ингэж шийтгүүлэхээр мод хөнгөн ч гар өвдөнө гэж жигтэйхэн. Тиймээс гараа чилээн самбарын өмнө зогсохгүйн тулд аль болох сахилга баттай, томоотой байхыг хичээж эхэлсэн байна.
Баруун турууны дунд сургуулийн багш нар дүндээ их хатуурхана. Барагтай бол онц тавихгүй. Хааяа нэг онц авбал ёстой нэг бөөн баяр болдог. Багш нар дүнгээ харамлахын хэрээр хүүхдүүд ч хичээлдээ шамдана. Эдний ангийн эвлэлийн үүрийн дарга Н.Тогтох 1968 оны 10 жилийн аймгийн математикийн олимпиадад хоёрдугаар байр эзлэхэд нь математикийн багш Буянхүү “Тогтох оо чамд ирээдүй байна. Чи өөрийнхөө зардлаар улсын олимпиадад оролцоход хол давхина шүү” гэж захисан гэнэ. Тэгэхээр нь багшийнхаа үгэнд омогшоод улсад очиж өрсөлджээ. Ингээд түүнтэй хамт явсан ангийн анд Батнасан улсад түрүүлж улсын олимпиадад түрүүлдэг нийслэлийн нэгдүгээр сургуулийн амжилтыг тасалж, улсын аварга болж байжээ. Ер нь жигдхэн сурлага сайтай хүүхдүүд байж. Арван жилээ дунд төгссөн хүүхдүүд хотод ирж элсэлтийн шалгалт өгөөд Монгол Улсын их сургуульд шууд тэнцэх жишээтэй. Арван жилийн сургуулиа төгсөхөд С.Цогсүрэн Эрхүүгийн улс ардын аж ахуйн дээд сургууль, Банчин Одиссейн Политехникийн дээд сургууль, Жавзал Кавказад эмийн сургууль, Лувсанцэрэн Украйнд, Баянжаргал Ленинградад сурахаар болж харийг зорьжээ. Харин бусад нь эх орондоо их, дээд сургуульд суралцсан байна. Сургуулиа төгсөөд ид хийж бүтээх насандаа салбар салбарт алдар нэрээ цуурайтуулсан сайчуул болж. Сурлагаараа ангийнхаа сор болж явсан М.Аюуш ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнд ажиллаж байлаа. Дэд эрдэмтний диссертаци бүтээл нь шууд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах хэмжээнд хүрэн хөөрч байтал гэнэтийн автын осолд орсон харамсалтай явдлыг ангийнхан нь голоо харлуулан дурсаж байв. М.Аюушийн дааж авч төгсгөсөн ангид нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сурч байж. Тэрээр үе үе багшийгаа дурсан ярихыг ангийнхан нь сонсож тохой залган суралцаж байсан ангийнхаа хүүхдээр бахархдаг гэнэ. Мөн Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар арав гаруй жил ажилласан А.Очир, “Новости Монголии” сонины эрхлэгч, доктор, профессор М.Баяртогтох, МУИС-д дөч гаруй жил багшилж буй доктор, профессор Б.Сайнжаргал, сумынхаа Засаг даргаар ажиллаж байсан Т.Даваасамбуу, Багануурын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Мягмар, Төрийн өмчийн хорооны даргын орон тооны бус зөвлөх, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч С.Цогсүрэн гээд сайчуул олон. С.Цогсүрэн 10 гаруй кино хийсэн бөгөөд 2004 онд “Маршал Юмжаагийн Цэдэнбал” нэртэй таван ангит баримтат уран сайхны кино бүтээж 2008 онд төрийн шагналд нэр дэвшиж байжээ. Мөн 2012 онд “Жамбын Батмөнх” баримтат уран сайхны гурван ангит кино хийжээ.
1968 оны төгсөлтөөс нэгэн хос гэр бүл болж өрх гэрээ цогцлоосон нь 10-ын А-гийн Батжаргал, 10-ын Б-гийн Цэвэлмаа нар. Батжаргал аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн ерөнхий их эмч бол Цэвэлмаа мөн л аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байжээ.
Эдний төгсөлтийнхөн арван жилээ төгссөнөөс хойш ер нь л байнгын холбоотой. 1998 онд сургуулиа төгссөний 30 жилийн ой гэж уулзжээ. Тэрнээс хойш зав гарах бүрт яаж ийж байгаад л уулзах гэж мэрийдэг болж. Ихэнх нь хотод байдаг учраас хааяа нэг цаг болзон ресторанд, заримдаа нэгнийхээ гэрт цугладаг юм байна. Харин ингэж уулзахдаа 51 охид, хөвгүүдийг сурган хүмүүжүүлж, эрдэм боловсрол олгосон ангийн багш Батмөнх, түүхийн Цээсүрэн, захирал Цэвгээ, хичээлийн эрхлэгч Даваа, уран зохиолын Гомбожав, физикийн Жамбалсүрэн, химийн Чулуун, математикийн Дорлиг, шугам зургийн Маамуу, биологийн Сэрчмаа, анатомын Цэвэгдорж, биеийн тамирын Дашцэрэн, газарзүйн Бадамгарав, трактор комбайны хичээл заадаг инженер Цэрэннадмид багш нарынхаа ач тусыг байнга бодож дурсан санаж явдаг гэсэн шүү.
С.АЛТАН