Categories
мэдээ цаг-үе

Төрөө түшилцэж, түмэндээ хүндлэгдсэн С.Ламбаагийнх

“Танайд өнжье” булангаа Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд асан Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Самбуугийн Ламбаагийнхаас бэлтгэлээ. Энэ эрхэм улсын Хоёрдугаар төв эмнэлгийн хажуухан дахь орон сууцанд эхнэрийн хамт амьдардаг юм байна. Зээ нар нь ирж өвөө, эмээгийн нар нь гарсан өдөр бид зочилж таарав. С.Ламбаа гуай “Би Баянзүрх дүүрэгтээ л амьдрах дуртай хүн. Юун Зайсан майсан. “Дассан газрын даавуу зөөлөн” гэгчээр эндээ л байхыг илүүд үздэг” хэмээсээр бидэнтэй халуун дулаан яриа өрнүүлсэн юм. Тэрээр Хануй, Тамирын голд шумбаж өссөн, арын сайхан хангайн хөвүүн. Нутаг ус гэхээр л хүмүүсийн нүд сэргэж, магтах үгээ олж яддаг нь үнэн. Түүний хувьд ч “Миний нутаг ч сайхан хангай шүү” хэмээн шүүрс алдан суух аж. С.Ламбаа гуай Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Их цагаан чулуут “гэдэг газар төржээ. Аав Будын Самбуу гуай яг л энэ нутаг усны хүн. Тэрээр Ховдын хязгаарт таван жил цэргийн алба хааж, тэндээ бичиг үсэг сурч, нутагтаа ирээд багийн дарга, агентын албыг хашиж явж. Улмаар илгээлтээр Их тамир суманд ирж, хөрөө рамд мод зүсэгч, мужаанаар ажиллажээ. Тэгэхэд С.Ламбаа гуай тав, зургаан настай л байж. Харин найман нас хүрээд улаан таван хошуу хадсан хүрэн даалимбан цүнхэнд ном, дэвтрээ хийж үүрээд Их тамир сумын сургуульд орсон гэнэ. Тэрээр “Их тамирын бага сургууль гэж хоёрхон шавар байшин, хэдэн бор гэр л байсан санагдаж байна.

Манайх сумаас зайдуухан бууж хэдэн малаа малладаг байв. Ээж минь сааль сүүгээ бэлдэх, үр хүүхдээ өсгөх гээд их ажлыг нугална. Ажилч, хичээнгүй, гайхалтай сайхан хүн байсан” хэмээн дурсав. Тэрээр эхээс наймуулаа, хоёр охин дүүтэй, айлын бага хүү юм. Түүний хувьд Их тамир суманд наймдугаар ангиа төгсөж Цэцэрлэг хотын арван жилийн сургуулийг дүүргэж, 1968 онд Монгол Улсын их сургуулийн Инженер, эдийн засгийн факультетийн авто тээврийн инженер, эдийн засгийн ангид оюутан болсон түүхтэй. 1969 оны намар урд хилийн асуудал хүнд байсан учир төрийн бодлогоор их, дээд сургуулийн оюутнуудаас цэрэгт татахад С.Ламбаа гуай ч энэ бодлого шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээж цэрэгт мордон Дорнодын 06 дугаар ангид алба хаажээ. Боловсролтой залуус цэрэгт очоод бичиг үсэггүй цэргүүдэд бичиг, үсэг заан чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Штабын бичээчээс жагсаалын дарга хүртэл дэвшиж явсан нь С.Ламбаа гуайн залуу насанд үлдсэн сайхан дурсамжуудын нэг гэсэн.

Тэрээр 1972 онд цэргээс халагдаж ирээд шууд оюутны байранд төвхнөж, энэ л байранд эхнэртэйгээ танилцаж байжээ. Эхнэр Д.Гүнжээ нь тэр жил МУИС-ийн Аж үйлдвэрийн инженер, эдийн засгийн ангид суралцхаар мөн л Архангайгаас ирсэн байжээ.

Гэрийн эзэн “Миний эхнэр Батцэнгэл сумын “Цагаан чулуут” гэдэг газар төрсөн. Гэтэл миний төрсөн газар бас “Цагаан чулуут” шүү дээ. Хоёулаа “Цагаан чулуут” гэдэг газар төрсөн нь бас л хувь тохиолдол юм даа. Маш гоё санагддаг” гэв. Эднийх Л.Шинэцэцэг, Л.Зулцэцэг гэж хоёр охинтой. Өдгөө дөрвөн зээтэй өнөр гэр бүл болжээ. Том охин Л.Шинэцэцэг нь МУИС-ийг Олон улсын харилцааны мэргэжлээр төгсөөд Япон улсад гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар магистрийн зэрэг хамгаалсан ч Нийгмийн эрүүл мэндийн боловсролын асуудалд голлон анхаарч, сонирхлынхоо дагуу “Шинэ эрүүл амьдрал” сэтгүүлийг эрхлэн гаргажээ. Бага охин Л.Зулцэцэг нь МУИС-ийн Хууль зүйн ухааны сургуулийг төгсөөд УИХ-ын Тамгын газарт референт, ахлах референтээр 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна. С.Ламбаа гуай “Охинтой хүн хүүтэй гэж үнэн л юм байна. Хоёр охин минь шууд л гурван зээ хүү төрүүлж өгсөн. Том зээ хүү маань хоёрдугаар ангид сурдаг. Хамгийн бага зээ маань охин. Одоо дөнгөж ой гарантай. Гурван хүүгийн дараа зээ охинтой болсон чинь гоё юм байна аа. Өмсөж, зүүснийг нь харахад ч өхөөрдмөөр хөөрхөн, гурван хөвгүүнээс ондоо байх юм” хэмээгээд зээ нараа эрхлүүлнэ. Зээ нар ч өвөө, эмээдээ амь бололтой ээлжилж ирж эрхэлцгээн, үнсүүлэх нь өхөөрдөм. Тэр хэрээрээ ч жаахан хөвгүүд дуулгавартай байх аж.

Гэргий Д.Гүнжээ “Би 1953 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Архангай аймагт дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн аж үйлдвэрийн инженер, эдийн засгийн ангид элсэн орж 1977 онд төгссөн юм. Ажлын гараагаа Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны томилолтоор Арьс ширний үйлдвэрийн нэгдэлд эдийн засагчаар эхлүүлж байлаа. Түүнээс хойш Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвд гучаад жил ажиллаад ханьтайгаа бараг л хамтдаа тэтгэвэртээ гарсан даа. Цаг хугацаа ч үнэхээр хурдан өнгөрч, нэг л мэдэхэд хамтдаа өтөлж байна. Одоо ч зээ нартайгаа бужигнаад суух үнэхээр жаргалтай байна. Эд нар маань ч хааяахан л өвөө, эмээ дээрээ зочилдог юм. Анзаараад байх нь ээ хүн ач, зээ нартаа хүүхдүүдээсээ ч илүү хайртай байдаг гэдэг үнэн юм байна. Бид хоёр ч жаахан оройхон эмээ, өвөө болсныг хэлэх үү. Энэ дөрөвтөө хайртай шүү дээ” гэж байв. Тусдаа гарч, гал голомтоо бадрааж явсан үеийнх нь тухай асуухад “Бид хоёр Дэнжийн мянга дахь халаалттай жижигхэн цагаан байшинд анх гал голомтоо бадрааж байлаа. Тусдаа гарсан талаараа аав, ээждээ хэлэхэд хөдөөнөөс оёдлын машин, цагаан ор хоёр явуулж байсан. Тэндээс л бид хоёрын амьдрал эхэлсэн дээ. Ламбаа сургуулиа төгсөөд их сургуулийн багш болж, бид хоёр Эдийн засгийн сургуулийн зүүн талын оюутны байрны нэг давхарт амьдрах болсон. Энэ байранд их сургуулийн багш нар амьдарч байсан учир “профессоруудын байр” гэдэг байсан юм. 1980 онд нөхөр маань Дээд тусгай дунд техник мэргэжлийн улсын хороонд мэргэжилтэн болсноор хуучин 64 дүгээр дэлгүүрийн урд талд шинээр баригдсан 45 дугаар байранд орж байлаа” хэмээн хуучлав. Мөн тэрээр “Миний хань чинь хүүхдүүддээ сайн аав, хань ижил, ахан дүүстээ түшиг тулгуур нь шүү дээ. Их зөөлөн талдаа, төрийн ажлын төлөө цаг наргүй л зүтгэсэн хүн” гэж тодотгов. Д.Гүнжээ гуайн гарын цайг уунгаа бид ийн хөөрөлдсөн юм. Үр хүүхэд, ач зээтэйгээ жаргаж сууна хэмээн ярих нь хүн аз жаргалыг холоос хайх хэрэггүй гэдгийг батлах шиг нэг л сайхан сонсогдсоныг нуух юун.

Дараа нь бид С.Ламбаа гуайн ажлын өрөөнд орцгоон түүний төдийгөөс өдий хүртэлх хийж бүтээсэн зүйлийн талаар ярилцав. Мэдээж түүний төрд 40 гаруй жил зүтгэхдээ хийж амжуулсан бүхнийг хугас өдөрт багтаан өгүүлнэ гэдэг өрөөсгөл гэдгийг хэлэхэд илүүц биз. С.Ламбаа гуайн ажлын өрөө ном, товхимол, жаазтай зургаар дүүрэн. Харин урд хэсгийн хананд бурхан тахилаа хүндэтгэлтэйгээр залсан байх аж. Мөн “Тоншуул”-ын нөхдийнх нь зурж өгсөн шарж болон “Ээж минь миний бурхан шүү дээ” хэмээх ярилцлагаа жаазлаад өлгөсөн нь нүдэнд тод тусав. Тэрээр “Мэдээж би буддын шашинтай. Эцэг, эхээс өвлөгдөж ирсэн бурхан шашинаа хүндэтгэдэг. Гэхдээ би ээжийгээ л шүтдэг. Ээж минь надад “Олонтойгоо л яваарай. Тэгвэл бүх юм бүтдэг юм шүү” гэж захидаг байсан. Би гэр бүлээсээ ганцаараа их сургууль төгссөн юм. Намайг эрдэм номтой болгох гэж аав, ээж минь маш их бөөцийлсөн дөө. Ямар сайндаа цэргээс ирээд сургуульдаа ороход ээж минь хүргэн ахын машинд гэрээ ачаад хот руу нүүгээд ирэхэв. Том болоод ээжийнхээ дэргэд хэдэн жил болчихоор ээжийн цай, хоолонд орчихдог юм билээ. Миний ханийн аав, ээж их сайхан хүмүүс байсан. Хадам аав маань Луу гүн ноёны удам болохоор ч тэр үү анх очиход хашаа байшин, гэр орон, эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь цаанаа л нэг эмх цэгцтэй, цэмцгэр харагдаж билээ. Луу гүн ноёноос Д.Гүнжээ гуайд өвлөгдөж үлдсэн зүйлс байдаг уу гэхэд “Луу гүн ноёны хатны барьж байсан жижигхэн хөөрөг байдаг” гэсэн юм.

С.Ламбаа гуай их сургуулиа төгсөн ИЭЗФ-ынхаа Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд багш болжээ. Дөрвөн жил багшилсан тэнхим нь түүнийг улс төрд уруу татагдах, бүр цаашлаад улстөрч болон бэлтгэгдэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Харин 1980 онд Дээд, тусгай дунд,техник мэргэжлийн Улсын хороонд мэргэжилтнээр томилогдож төрийн албанд зүтгэх гараагаа эхэлжээ. Тэрээр “Уг ажилд томилогдон ирснээсээ хойш төрийн албанд тасралтгүй 43 ажиллаж, Эрүүл мэнд, спортын сайдын албыг өгөөд тэтгэврээ тогтоолгосон. Энэ хооронд л миний бүхий л ажил амьдрал өрнөж ирж дээ” хэмээн хэлж байлаа. С.Ламбаа гуай ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь оролцсон хүний нэг. Түүнээс Ардчилсан хувьсгал, Шинэ дэвшилт холбооны талаар асуухад “Намайг 1984-1987 онд Эрхүүгийн их сургуульд ажиллаж, Москвагийн их сургуулийн аспирантурт эчнээгээр сурч байх үеэс л ЗХУ-д ардчилал шинэчлэлийн салхи сэвэлзэж эхэлсэн. Тэнд суралцаж байсан монгол оюутан, аспирантууд хааяа уулзаж Монголын улс төр, нийгэм эдийн засгийн асуудалд шүүмжлэлтэй хандаж ярилцдаг байсан. Тэр үед Москвагийн их сургуульд манай тэнхимийн Да.Ганболд аспирант, С.Зориг оюутан байсан юм. Би хойноос 1988 онд ирээд Шинжлэх ухаан, дээд боловсролын Улсын хороонд хэлтсийн дарга хийж байхад Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн. МУИС-ийн Улс төр, эдийн засгийн ухааны тэнхимд хамт багшилж байсан Д.Батсүх маань эдийн засагчид эвлэлдэн нэгдсэн “Шинэ дэвшилт холбоо”-г байгуулж, би түүнд татагдан орсон. Улмаар Д.Батсүх тэргүүнтэй “Шинэ дэвшилт холбоо”-ныхон “Монголын Үндэсний дэвшил”-ийн намыг байгуулж Намын дээд сургуулийн багш Да.Ганболд маань намын дарга болсон юм шүү дээ. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл бидний хэсэг нөхдүүд “Мүднякчууд” гэх нэрнээс салалгүй явж байна. Үнэнийг хэлэхэд “Монголын ардчилсан холбоо”, “Монголын социалист ардчилсан хөдөлгөөн”, “Монголын шинэ дэвшилт холбоо” гэсэн энэ гурван том хөдөлгөөнөөс угшилтай Монголын Ардчилсан нам, Монголын Социал демократ нам, Монголын үндэсний дэвшлийн нам бол Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхийг бичсэн анхдагчид, өнөөдрийн Ардчилсан намын тулгын гурван чулуу нь. Энэ гурван хөдөлгөөн, гурван нам Монголын ардчиллын түүхийн хуудсанд мөнхөд үлдэнэ. Найз нөхдийн, бидний гэр бүл, үр хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл ч тасралтгүй үргэлжилнэ. Тийм учраас би “Мүднякчууд” гэж цоллуулахдаа хэзээ ч ичиж байгаагүй, харин ч бахархаж явдаг. Энэ бол бодит түүх юм шүү дээ” гэв.

С.Ламбаа гуай 1996 онд “Ардчилсан холбоо” эвслээс УИХ-ын гуравдугаар тойрог буюу Архангай аймагт нэр дэвшсэнээр улс төрд эргэлт буцалтгүй орж, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, дарга, УИХ дахь АН-ын Зөвлөлийн орлогч дарга, Эрүүл мэндийн сайд, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайдаар тус тус ажиллажээ. Тэр МҮДН, МҮАН, АН-ын удирдах дээд байгууллагад тасралтгүй сонгогдож, 2000 онд ардчиллын таван нам нэгдэж Ардчилсан нам байгуулагдахад Нарийн бичгийн даргаар томилогдож байж.

Тэрээр “Би 12 жил Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, даргаар ажиллах хугацаандаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын бүх хууль дээр ажилласан. Олон арван хуулийн ажлын хэсгийг ахалж байлаа. Одоо мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн тухай хуулиудад миний оролцоогүй хууль гэж байхгүй дээ. Эрүүл мэндийн сайдаар томилогдоод бүх хуулиудыг дахин шинэчилж, мөн ч олон үндэсний хөтөлбөр, стратеги, эрх зүйн актуудыг гаргасан. Бүх аймгуудыг эрүүл мэндийн хөгжлийн стратегитэй болгож байлаа” гэж төрийн түшээ, сайд байх үеийнхээ ажлаас цухас дурдав.

С.Ламбаа сайдын үед эрүүл мэндийн салбар эдийн засгийн хувьд хөл дээрээ босч, томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн гэж тус салбарынхан онцлон ярьцгаадаг. Энэ талаар тэрээр “Намайг сайд болоод ирэхэд эрүүл мэндийн салбарын төсөв 200 гаруйхан тэрбум, хөрөнгө оруулалт гээд байх юм ховор, салбар маань олон жил төсвийн үлдэгдлээр амь зогоож хүндхэн байдалд орсон байсан л даа. 2008-2012 онд төсвийн хэмжээг 500 гаруй тэрбумд, зээл тусламжийг 280 тэрбумд хүргэж, хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлснээр 300 шахам эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг засварлаж, 100 гаруй эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг шинээр барьсан. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, БНСУ-ын 55 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Үндэсний оношлогооны төв, Яармагийн 300 ортой нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Түлэнхийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэлхийн III зэрэглэлийн лаборатори гээд бидний том бодлогын хүрээнд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж, эхнээсээ ашиглалтад орж байна. Үндэсний оношлогооны төв ашиглалтад орчихвол гадагшаа оношлогоонд явдаг урсгал зогсох боломжтой болно. Олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Эрүүл мэндийн салбарт шинэ техник технологийг амжилттай нэвтрүүлж Монголын эмч нар элэг тайрах, зүрхний төрөл бүрийн мэс ажилбарыг уян дурангийн аргаар хийх, үе солих, үргүйдлийг эмчилж , үр суулгах, төрөлхийн сонсголгүй хүүхдэд дунгийн суулгац суулгах, элэг, ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах гээд оношлогоо эмчилгээний олон дэвшилтэт аргыг эмчилгээний практикт нэвтрүүлсэн. Үр дүнг нь монголчууд мэдэж байгаа байлгүй дээ. АНУ-ын буцалтгүй тусламжаас Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, осол гэмтлээс хамгаалах зорилгоор 39.2 сая ам долларын төсөл нийгмийн эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн. Тухайлбал, улсын Гуравдугаар төв эмнэлэгт байгуулсан Харвалтын төв олон мянган хүний амь насыг аварч байх жишээтэй. Ингээд дурдаад байвал маш их юм бий. Гэхдээ энэ бүхнийг би хийчихсэн юм биш, сайдын хувьд зөв бодлого барьж боломжийг нь олгосноор Монголын чадварлаг эмч, сувилагчдын хүчтэй баг бүрэлдэхүүн хийж байгаа юм” хэмээн итгэл төгс хариулж байлаа. Сайд дарга нар өөрийн багаа бүрдүүлнэ гэж их ярих юм. Та сайд болоод багаа хэрхэн бүрдүүлсэн бэ гэхэд “Надад баг бүрдүүлэх тухай ойлголт байгаагүй. Яамны мэргэшсэн боловсон хүчнийг өөртөө татаж хамтарч ажиллах нь тэднээс биш, надаас л хамаарна шүү дээ. Тийм учраас бүгдийг нь цуглуулж байгаад салбарын бодит байдал цаашид хийх ажлынхаа талаар цаг гаруй лекц уншаад эцэст нь “Нэг ч хүнийг халахгүй. Хамгийн гол нь миний хаалгаар хов жив орж ирэх ёсгүй. Ажлаа хийж чадахгүй бол өөрөө явж болно. Хүн бүр хариуцсан ажил, юу хийсэн, юу хийх гэж бодож байгаагаа нэг хуудсанд бичээд маргааш өглөө бэлэн болго, би танилцна” гээд асуулт хариулт ч үгүй шуудхан гараад явчихсан. Тэгээд л өмнөх дөрвөн жилд ажилласан таван сайдын багийн гишүүд бүгдээрээ миний хүн болчихсон. Тэр ч бүү хэл миний ярьсан зүйл хот хөдөөгүй тарж, олон сайд солигдоод ямар ч итгэл үнэмшилгүй болчихсон эрүүл мэндийн салбарынханд гэрэл гэгээ өгсөн гэсэн. Үг хүчтэй шүү дээ” хэмээсэн нь тун ч үнэний ортой санагдсан юм. Түүнээс 2020 оны сонгуульд нэр дэвших эсэх тухай нь тандахад “Одоо ч намайг өвгөнөөр нь дуудаад шоолж өгөх байлгүй дээ. Уг нь улс төрд нас гэж байхгүй л дээ. Нас бол тоо ч гэдэг. Би чинь 2012 онд л залуучууддаа зайгаа тавьж өгье гээд УИХ-аас нэрээ татаж л байсан хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ л нам, төрд дайчлагдсаар л ирсэн. Төрийн ажлыг хийх цагт нь хийчихсэн болохоор одоо бол тоормосоо чангахан татаж гэр бүл, үр хүүхэд, бяцхан зээ нарынхаа төлөө, бас өөрийнхөө эрүүл мэндэд анхаарсан нь дээр биз дээ” гээд шулуухан хэлчихэв.

С.Ламбаа гуай сонин хэвлэлд өгсөн ярилцлага, мэдээ, мэдээлэл, зураг хөрөг, өдөр тутамд хийх ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг нэг бүрчлэн бичиж том том тэмдэглэлийн дэвтэрт нямбайлан наажээ. Хуудас бүр нь түүх агуулах ийм боть түүнд 10 гаруй байх бөгөөд нэгийг нээж эргүүлсэнээ “Танай “Өдрийн сонин”-д гарсан зүйл мөн ч их байгаа биз. Өнөөдөр эрүүл мэндийн асуудлаар ямар нэг сенсаци үүсэхэд бид энэ асуудлаар тухайн үед юу хийж байж вэ гэдгийг эндээсээ л харчихдаг. Заримдаа бид ийм юм хийж байлаа гээд жиргэчихнэ шүү дээ” хэмээн өгүүлэв. С.Ламбаа гуай ширээн дээрээ “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай”, “Авто тээврийн тухай” хоёр ч хуулийн төсөл дэлгэн тавьжээ. Учир явдлыг тодруулахад “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг 2016 онд би УИХ-д өргөн барьж хэлэлцүүлээд эцсийн хэлэлцүүлэг дээр Су.Батболд гишүүн “Эмийн агентлаг байгуулна гэсэн байна бас л орон тоо нэмэгдэнэ шүү дээ” гэж гэнэтхэн маргаан үүсгээд хойшлогдчихсон юм. Үнэндээ энэ агентлаг байхгүйгээс эмийн бодлого хэрэгжиж чадахгүй эмийн нийлүүлэлт, хэрэглээ замбараагаа алдаж байгаа юм шүү дээ. “Авто тээврийн тухай” хуулийг 1999 онд Г.Батхүү гишүүн асан Тээврийн яаманд байхдаа ажлын хэсэг гарган боловсруулж би УИХ-ын гишүүний хувьд УИХ-д өргөн барьж батлуулсан юм. Бид хоёр цаг товлоод хуулиа эргэн үзэж харах гэж байтал тэр маань Төрийн ордонд хуралд оролцож яваад гэнэтхэн өөд болчих юм. Бид хоёр чинь хоёулаа авто тээврийн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Би Монголд, тэр маань Харьковт төгссөн юм. Насаар зөрүүтэй ч үе тэнгийн юм шиг нөхөрлөж, бие биенээ цаашлуулж, хошигнож, төрийн ажилд хамтран зүтгэж явлаа. Аливаад мэдрэмжтэй, үргэлж эвийг эрхэмлэх гэж боддог, маш их хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн хүн шүү дээ. Хийморьтой ч эр хүн. Ямартаа түүнтэй салах ёс гүйцэтгээд Соёлын төв өргөөний үүднээс машины цуваа хөдлөхөд бороо орж тэнгэр хүртэл уйлж байхав” гээд Ламбаа гуай санаа алдав. С.Ламбаа гуайг шог зураач, боксын спортын мастер гэдгийг хүмүүс мэднэ. Ажлынх нь өрөөнд “Тоншуул” сэтгүүлийн хуучин дугаар, олимп, дэлхийн аваргуудын гарын үсэгтэй хэд хэдэн боксын бээлий, өргөмжлөл харагдсан. Энэ тухай тодруулахад “Оюутан болоод боксын спортоор хичээллэж нэг хэсэг нүдэлдэж, Эрүүл мэнд, спортын сайдын хувьд боксын спортыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмрээ оруулсан болохоор л холбооноос тодорхойлж надад спортын мастер цол олгосон байх. Залуу явахад юм юм л оролдож явлаа шүү дээ. “Тоншуул” сэтгүүлд 10 жил шог зураг зурсан байдаг” гэв.

С.Ламбаа гуай ардчилсан хувьсгалын түүхийг хэзээ ч үгүйсгэж, бүдгэрүүлж болохгүй, үр хойчдоо түүхийг үнэнээр нь үлдээх нь хамгийн чухал гэдгийг ч онцолсон. “Ардчилсан хувьсгалын үр дүнд өнгөрсөн 30 жилд Монголын ард түмэн маш олон үнэт зүйлийг бүтээж бий болгосон. Тийм учраас монголчууд намаараа талцаж дэвээд байхаасаа илүүтэй ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон үнэт зүйл дээрээ нэгдэж улс эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалж хөгжил дэвшлийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй” гэж чин сэтгэлийнхээ үгийг хэлж байлаа. Танд харамсаж явдаг зүйл бий юу гэхэд “Энэ олон жилийн хувьсал өөрчлөлтийн үед алдаж оносон юм бишгүй дээ л байх шүү дээ. Одоо ч уламжлал гэж юм байхгүй болж дээ. Боловсролд олон жил зүтгэж явсан хүний хувьд ганцхан зүйлийг хэлье. Манай засгийн газрын үед МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Ж.Батмөнх даргын нэрэмжит болгож, урд нь хөшөөг нь босгосон. Яагаад гэвэл Ж.Батмөнх дарга бол Эдийн засгийн сургуулийг үүсгэн байгуулагч, Ардчилсан хувьсгалыг тайван замаар ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн төрийн том зүтгэлтэн хүн. Гэтэл МУИС-ийг бүтцийг өөрчлөхдөө тэр хүний үүсгэн байгуулсан, МУИС-ийн бренд болж байсан Эдийн засгийн сургуулийг татан буулгаж Бизнесийн сургууль болгосонд үнэхээр харамсдаг. Ингэж түүхийг бүдгэрүүлж болохгүй л дээ. Ардчиллын дуу хоолой болж ирсэн “Өдрийн сонин”-ы хуудсыг сөхвөл тэр үеийн түүх байж л байгаа шүү дээ. Үүнийг би хэлэхгүй бол өөр хэн хэлэхэв. Аливааг үгүйсгэх гэсэн дон шүгэлж байгаа өнөө үед түүхээ үнэн зөвөөр бүтээхэд судалгаа шинжилгээний байгууллага, эрдэмтэд, улс төр судлаачид их л юм хиймээр байна. Би ч бас мэдэх зүйлээ үлдээх ёстой гээд дурсамжийн ном тэрэлж байна. Гэхдээ өөрийгөө магтах бус, өөрийнхөө үеийн түүхэн хөгжлийн өнгө төрх, аав ээж, ахан дүүс, гэр бүл, үр хүүхэд, сайн мэдэх төр нийгмийн зүтгэлтэн, хамтран зүтгэгчид, найз нөхдийнхөө дүр төрх, амьдралын замнал, сайн сайхан үйлсийг нь алдаршуулах зорилготой” гэж онцлон дурдаж байлаа. С.Ламбаа гуай “Дөрвөн сайхан зээтэйгээ, дөч гаруй жил ханилсан ханьтайгаа, хоёр хөөрхөн охинтойгоо, хүргэнүүдтэйгээ сайхан амьдарч байна аа” гээд өнөөх л танил инээмсэглэлээ тодруулсан юм. Хийсэн зүйл, хэлэх үгтэй төрөө түшилцэж, түмэндээ хүндлэгдсэн энэ хүний яриа олон ч зүйлийг бодогдуулсан юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *