Нэг цагдаа хүүхнүүдийг ингэж “загнаж” билээ. “Гэрээ нүүлгээд авч явдаг” гэж тэр бүсгүйчүүдийг шүүмжилсэн юм л даа. Эмэгтэйчүүд, түрийвч эсвэл гар цүнхэндээ мөнгө, бичиг баримтаа, дээрээс нь ээмэг бөгж, гоёл чимэглэлээ, будаг шунхаа бүгдийг авч явах нь олонтаа. Гай таарч түрийвчээ эсвэл гар цүнхээ хулгайд алдвал юу болохыг бодохоос ч аймаар. Тийм ч учраас гай таарсан ч гайгүй өнгөрөхөөр бодож эрсдлээ саармагжуулах хэрэгтэй. Хэрвээ бичиг баримт, банкны картуудаа мөнгөнөөсөө тусад нь хадгалдаг бол түрийвчээ алдсан ч бичиг баримт хөөцөлдөх нүсэр ажлыг тойрч гарна. Энэтхэгчүүд их мөнгө авч явах үедээ нэг хэсгийг нь алдсан ч нөгөө хэсэг нь үлдэхээр бодож, мөнгөө хэдэн хэсэгт хувааж, биеийнхээ өөр өөр хэсэгт авч явдаг гэж сонссон юм байна. Орчин үед төлбөрийн элдэв картуудын тусламжтайгаар хүмүүс бэлэн мөнгө авч явах эрсдлээс зайлсхийх боломжтой.
Түрийвчнээс гадна хэний дэргэд юу ярихаа ч анзаарах учиртай гэнэ. Манайхан автобусанд явж байхдаа “Өнөөдөр цалин буугаад…” гэх юм уу ”Найз нь мөнгөө авчихаад явж байна” гэх мэтээр тоочиж, халаасны хулгайчийн бай болчихдог гэсэн шүү. Түүнээс гадна өөрийгөө хамгаалах чадваргүй балчир хүүхдэдээ үнэ цэнтэй утас, ээмэг зүүлт чимэг хэрэглүүлэх нь наанадаж нүдний хор шингэх, цаанадаж, гэмт хэргийн хохирогч болоход хүргэдгийг санахад илүүдэхгүй буй за.
Б.ЯНЖМАА