МОРЬ БА МАШИН
“Хэрвээ машин бүтээхээс өмнө хүмүүсээс ямар унаа хүсч буйг асуусан бол тэд “хурдан морь” л гэх байсан байх” гэж Хенри Форд нэгэнтээ хэлсэн байдаг.
Энэ үг бол бизнесийн үндсэн зарчим, ухагдахууныг агуулсан гэж боддог. Мэдээж хүмүүст хурдан морь биш хүрэх ёстой газраа зовиур багатай хурдан хугацаанд хүрэх л чухал. Энэ бол тэдний хэрэгцээ шаардлага. Гагцхүү тэр хэрэгцээ шаардлагыг өөрсдийн хэвшмэл тогтсон ойлголт, дассан зуршил дээр тулгуурлан тодорхойлж байгаа тухай Форд хэлсэн болов уу. Харин бизнес бол тийм биш гол зорилгыг хангахад чиглэсэн хамгийн үр дүнтэй аргыг хайж олох бол бизнесийн зарчим.
Хэрэв бид хүмүүсээс төрийн компани хэрэгтэй юу, хувийн компани хэрэгтэй юу гэж асуувал төрийн компани гэсэн хариулт давамгайлж магадгүй юм. Төрийн тухай нийтийн ухамсарт бууж байгаа тэр ойлголт нь эртнээс уламжлагдан ирсэн, бүхий л зүйлийг төр шийдэж байсан үеэс салаад нэг үе ч өнгөрөөгүй байгаа зэргээс ийм дүгнэлт хийж байна.
Төр бол иргэдийн ашиг сонирхолыг хамгаалагч, тэдэнд хувь хишиг хүртээгч, асуудлыг шийдвэрлэгч гэсэн сэтгэлгээ биднээс салаагүй байна. Төрөөс асуудлыг шийдэх байх гэсэн хүлээлт бидэнд байсаар байна.
Гэхдээ иргэдийн сонирхол бол хэний өмчлөлд тухайн компани байх чухал биш гол нь үр өгөөж.
Төрийн өмчит компани иргэдийн гол хүсэн хүлээгээд байгаа тэрхүү үр өгөөжийг яагаад өгч чадахгүй байна вэ?
Хамгийн товчдоо компани гэдгийг хамтран ашиг олох зорилгоор бий болгосон тогтолцоо гэж ойлгож болох байх.
Компанийн хувьд нэгдүгээрт ашиг олох зорилго байна. Энэ зорилго алдагдвал компани биш. Компанийн тогтолцоо, зарчим, үйл ажиллагаа нь ашгийн төлөө гэсэн ганц л үндсэн зорилго дээр суурилдаг.
Төрийн өмчит компанийн тухайд хамгийн төвөгтэй асуудал бол тухайн төрийн өмчит компани нь шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүдийн өмч биш байдаг. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргаж байгаа этгээдүүдэд тухайн компанийн ашиг алдагдал шууд нөлөөлдөггүй гэсэн үг.Нэгэнт шийдвэр гаргах этгээдүүдийн өмч биш учраас компанид ашигтайгаар бус өөртөө ашигтайгаар асуудлыг шийдвэрлэх хандлага гарч ирдэг.
Хувийн компанийн хувьд хувьцаа эзэмшигч өөрийн хөрөнгийг хамгийн үр ашигтайгаар нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлдэг. Ингэхээс ч өөр арга байхгүй.Тэд өөрийн өмчөөрөө хөрөнгө оруулсан, эрсдлээ өмчөөрөө хариуцаж ашгийг нь мөн өөрөө авдаг учир асуудлыг шийдвэрлэхдээ ашиг олох хамгийн үр дүнтэй арга замыг сонгодог гэсэн үг.
Тиймээс хувийн өмчит компанийн хувьд удирдлагыг хэрэгжүүлэх Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирлыг сонгохдоо өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх ур чадвартай этгээдийг сонгох сонирхолтой байдаг.
Хувьцаа эзэмшигч Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал зэрэг нь тусдаа эрх хэмжээ, чиг үүрэгтэй байдаг бөгөөд хэн нэгний чиг үүргийг нөгөө этгээд нь хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хөндлөгөөс оролцох нь тухайн компанийн засаглалд сөрөг нөлөө үзүүлж улмаар ашиг орлого буурхад хүргэдэг. Хариуцлага тооцох тогтолцоо ч маш тодорхой.
Хувийн өмчит компанийн хувьд хувьцаа эзэмшигч нь өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмшиж, эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр санал өгөх эрхтэй. Хувьцаа эзэмшигч нар дүрмийг батална. Тэрхүү батлагдсан дүрмийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирал өдөр тутмын удирдлагаар компанийг хангаж, Гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө, Төлөөлөн удирдах зөвлөл Хувьцаа эзэмшигчийн өмнө хариуцлага хүлээдэг энгийн атлаа хариуцлагатай, үр ашиг руу чиглэсэн тогтолцоо байдаг.
Төрийн өмчит компанийн удирдлагын тухайд асуудал төвөгтай болж ирнэ.
Хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо тус бүр хувааж эдлэхээр зохицуулагдсан байдаг. Хөрөнгийг захиран зарцуулах журмыг тодорхойлох, захиран зарцуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхүүд дээрх гурван байгууллагад хуваагддаг. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд бол бүр тусгай зохицуулалттай. Хүний хөгжлийн сангийн тухай хуульд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус бүр 1 хүний, Засгийн газар 6 хүний нэрийг тус тус дэвшүүлж, тэдгээрийг Засгийн газар томилох зохицуулалт байдаг.
Хяналтын зөвлөл 5 гишүүнтэй, хяналтын зөвлөлийн гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хороо тус бүр 1 хүний, Төсвийн байнгын хороо 2 хүний нэрийг дэвшүүлж, тэдгээрийг Улсын Их Хурал томилохоор заасан байдаг.
Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд хувьцаа эзэмшигчийн эрх үүргийн олон байгууллага хувааж эдэлж, тухайн байгууллагын шийдвэр зөвхөн хувьцаа эзэмшигчийн эрх үүргээр хязгаарлагдахгүй компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирлын шийдэх асуудлыг шийдвэрлэх, Гүйцэтгэх захиралтай шууд харьцаж удирдах зөвлөлийн чиг үүргийг үнэгүйдүүлэх хандлагууд байсаар байна.
Нээлттэй нийгэм форумын санаачлага, санхүүжилтаар Монгол Улсын уул уурхайн яамтай тохиролцон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компанийн засаглалын өнөөгийн түвшинг тодорхойлж түүнийг сайжруулах талаар зөвлөмж гаргах ажлыг 2014 онд хийжээ. Судалгаанд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой одоогоор үйл ажиллагаа явуулж буй 9 компани хамрагдсан бөгөөд тэдгээрийн засаглалын үнэлгээ нь нийт 100 хувийн үнэлгээ авахаас 9,7-24 хувийн үнэлгээг авсан байна.
Энэ бол маш муу үнэлгээ юм.Хууль, эрх зүйн зүйн орчин төрийн өмчит компанийн удирдлагын тогтолцоо төрөөс хараат бус байх боломжийг алдагдуулж улс төрийн нөлөөлөлт бүрэн оруулж байна.
Төрийн байгууллагууд харилцан уялдаагүй, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх бус улс төрийн зорилготой шийдвэрүүдийг гаргах, шийдвэрүүд компанийн үр ашиг дээр суурьлагдахгүй байгаа тогтолцоо байсаар байгаа нь дээрх муу үнэлгээ авахад нөлөөлж байгаа юм.
Хувийн компанийн үйл ажиллагааны үр дүнг ашиг орлогоор шууд хэмжих боломжтой. Энэхүү тогтолцоо ашиг олох үндсэн зарчим дээр суурилж бий болж байгаа учир ур чадвартай, шударга тогтолцоо байхыг шаарддаг.
Төрийн өмчит компанийн хувьд ашиг орлого бус ашиг сонирхол дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулах өндөр магадлалтай. Иймээс л хуулийн зохиуулалт, тогтолцооны асуудлыг чухалчилан авч үзэх шаардлагатай байгаа юм.
Төрийн зохицуулалтын чиг үүрэг, өмчлөх эрхийн хэрэгжүүлэх чиг үүргүүд нь тусдаа зарчим дээр тулгуурлан явагдсан тохиолдолд Төрийн өмчит аж ахуйн нэгж болон Төрийн байгууллагын ялгааг тодорхойлох боломжтой болох юм.
Өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, ашиг олох үйл ажиллагаа нь зах зээлийн зарчимаар явагдах ёстой бөгөөд аль болох улс төрийн нөлөөллөөс ангид шийдвэр гаргах, бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй ижил хэмжээнд өрсөлдөх чадвартай байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.
Энэхүү сөрөг нөлөөллийг засахад хууль тогтоомжийг боловсронгуй болгох гэсэн ерөнхий хэвшмэл дүгнэлтээр нийтлэлийг дуусгамааргүй байна.
Гол асуудал нь Хувийн хэвшлийн компанийн удирлагын тогтолцоог Төрийн өмчит компанид бий болгох зайлшгүй шаардлага тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл удирдлагыг хувьчилах асуудал. Хяналт тавьж, үр ашиг шаардаж, хариуцлага тооцдог болохыг тулд дээрх алхамыг зайлшгүй хийх шаардлагатай. Үүнийг мэдэхгүйдээ биш энэхүү тодорхойгүй, замбараагүй удирдлагын тогтолцоо хэн нэгэнт ашигтай байгаа учираас өөрчилөхгүй байгаа гэж хардахад хүргэнэ.
Бидэнд үр ашиг хэрэгтэй. Үр ашигт хүрэх хамгийн дөт зам хэрэгтэй.
ХУУЛЬЧ Б.ЦЭЦЭНБИЛЭГ