Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагуудаас 57 машин хураажээ

100 км-т 16 литрээс илүү шатахуун зарцуулдаг, том оврын автомашиныг хураан авч, 2007 онд Засгийн газраас гаргасан 349 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг Ерөнхий сайд энэ оны нэгдүгээр сард ТӨХ-нд өгсөн. Уг тогтоолоор бол төрийн байгууллагуудыг хот дотор том оврын, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг (100 км-т 16 литрээс их) суудлын машин хэрэглэхийг хориглосон юм. ТӨХ энэ тогтоол, шийдвэрийн дагуу ХХААЯ, Худалдан авах ажиллагааны газар, ИНЕГ, УБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газар, зарим их, дээд сургуулиас 57 автомашин хурааж аваад буй аж. Бусад яам, агентлагууд машинаа өгөөгүй байна.

Сангийн яам “Патрол” маркийн машинаа “Хаан давхар даатгал” ХК-д балансаас балансад, ЗТЯ, БОНХАЖЯ машинуудаа харьяа байгуулагууддаа үнэ төлбөргүй шилжүүлэх зэргээр зөрчил гаргажээ. МУБИС-ийн захирал 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, оюутны сургалтын төлбөрөөс 172 сая төгрөг гаргуулан, 2013 онд үйлдвэрлэсэн “Лексус 570” маркийн машин худалдан авчээ. Гэтэл сургуулийн захирал том оврын машин унах эрхгүй байдаг аж.

Уг машиныг нь хураан авахаар МУБИС-ийн захиралд ТӨХ-ноос албан бичиг явуулсан ч биелүүлээгүй, дуудахад биечлэн ирэлгүй байсаар хоёр сарын хугацаа өнгөрсөн гэнэ. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ТӨХ, Замын цагдаагийн газрын ажилтнууд хамтран, 9551 УБА улсын дугаартай машиныг нь албадан хураажээ. Засгийн газрын дээрх тогтоолд “Албан тушаалын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор хуанлийн хоногт (баярын болон долоо хоног бүрийн амралтын өдрийг оролцуулан) дунджаар 70 км, албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хот дотор ажлын хоногт дунджаар 50 км, дуудлагын автомашиныг ажлын хоногт дунджаар 70 км-ээс тус тус хэтрүүлэхгүй хэрэглэнэ” гэж заасан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *