Орон сууцанд орох хүсэлтэй ч бэлнээр худалдаад авах орлогогүй, ипотекийн найман хувийн зээлд хамрагдъя гэсэн ч урьдчилгаа төлбөрийн мөнгө нь хүрдэггүй залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эсвэл эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болоод байгалийн гамшигт орох оронгүй болсон иргэдэд зориулж, Засгийн газраас түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Эхний ээлжид Улаанбаатар хотод “Буян-Ухаа II” хороололд 350 айлын Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 айлын 30-50 хүртэлх метр квадраттай орон сууцыг таван жил хүртэлх хугацаатай түрээслэх юм. Эдгээр түрээсийн орон сууцыг сарын 200-280 мянган төгрөгний үнэтэйгээр түрээслэхээр болж байгаа. Барилга, хот байгуулалтын яамнаас өмнө өгсөн мэдээгээр гуравдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс Төрийн орон сууцын корпораци /ТОСК/ дээр хямд өртөгтэй орон сууц түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлнэ гэсэн ч, бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл хойшилжээ. ТОСК байр түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгэх тусгай ажилтнуудыг бэлтгэж, ийнхүү 15-ны өдрөөс хойш ажлын тав хоногийн хугацаанд шаардагдах бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийг бүртгэхээр болжээ. Дараа нь сугалааны тохирол явуулан 350 иргэнээ сонгох юм. Иймээс иргэд бүртгэл эхлээгүй байхад ТОСК-ийн үүдэнд олноор дугаарлах шаардлагагүй. Бүртгүүлэх хангалттай хугацаа олгоно гэж ТОСК-аас мэдээллээ.
Нийслэл дэх түрээсийн байрны үнэ метр квадрат нь 5500 буюу 200-280 мянга орчим төгрөг, орон нутагт метр квадрат нь 4000 буюу 140-230 мянга байна. Орон нутгийн иргэд тухайн аймаг сумынхаа захиргаанд хандаж бүртгүүлнэ.