Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төр барих чуулган төрийн тухай ярих зөвлөгөөн болох шахав

Ардчилсан нийгэмд сонгууль болоход нэгийгээ зуун хувь ялна гэж байхгүй юм байна. Хуучин цагт манай сонгуулийн үр дүн зуун хувийн нэг талын ялалтаар өндөрлөдөг байсан. Одоо ч зарим улсад нэг нам, нэг хүнийг ялуулах гэж л сонгууль болдог. Тэрнийх нь төлөө иргэд нь саналаа өгдөг. Олон намтай, олон өрсөлдөгчтэй ч ялсан нам, эрх баригчид нь ялагдсанаа ялладаг нь ч бий. Ялагдсан нь бөөн уй гуниг болно. Ялсан нь ялагдсаныгаа хядаад дуусдаг жишээ олон. Эсвэл амьдралгүй болгоно. Шалгана, хянана, хамаатан садан ах дүү үр хүүхдийг нь зүгээр суулгахгүй. Арай гайгүй нь шоронд суулгаж таарах юм.

Манайд ч бас л 1990 оноос өмнө сонгууль одоогийнхоос өөр байсан. Зуугаас доош хувиар ялна гэж байхгүй. Ганц хүнийг сонгох гэж наадамд явах гэж байгаа мэт баяр бахдалтайгаар гоё дээлээ өмсөж очоод зуун хувь саналаа өгдөг байсан шүү дээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес сөрөг хүчнээ хэрхэн дарж жагсаал цуглаан хийхэд нь хүч хэрэглэн дарж байсан. Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чиноватыг яасныг санаж байгаа биз. Эх орноосоо зугтахад хүргэж, дараа нь дүү Ингланк Чиноватад ч мөн ял сонсгоод байгаа билээ. Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе 35 жил төр барихдаа сөрөг хүчнээ өөд гаргахгүй дарж ирлээ. Өөртөө тааруулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж өрсөлдөгчөө, сөрөг хүчнээ нь өөд гаргахгүй, өрсөлдөгчөө нэрээ татах хүртэл нь дарамталж ирсэн. Ийм улсад сөрөг хүчин болно гэдэг нь ял сонссонтой адилхан.

Одоо манайд зуун хувь ялах, үнэмлэхүй олонх болох ойлголт бараг л үгүй болж байгаа нь сүүлийн сонгуулийн үр дүнгүүдээс харагдаад байна. Нэгэнт аль нэг нам нь хол тасархай олон суудал авч олонх болж чадахгүй байгаагаас хойш төр барихдаа зөвшилцөх хэрэгтэй байна. Аль нэг нам нь цөөн хэдэн хүнээр л илүү гарч байгааг эс тооцвол нэг их зөрөө алга. Тиймээс ч сүүлийн сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй эвсэж, хамтарч засаг барьсаар ирэв. Нэгэнт ард түмэн тийм сонголт хийсэн бол өөрөөр засаг барих боломж ч алга.

Тэгэхээр МАН бид цөөнх болчихлоо. Гэдийж байгаад ажлыг нь гацаагаад дараа олонх болно гэж бодоод байх хэрэг алга. УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Чуулган гэдэг чинь АН-ын өмч биш, МАН-ынхны шантаажилж, тоглоом тохуу хийдэг газар ч биш, монгол төрийн ажил. Монгол төрийг өнөөдөр АН, МАН, эвсэлтэй, бие даагчтайгаа бүрдүүлж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулган зарлагдлаа. Шударга ёс эвсэл, МАН-ынхан хуралдаа орж ирдэггүй. Эвслийнхэн нь Н.Энхбаярыг шадар сайд болгохгүй бол хуралд суухгүй гэж шантаажлаад МАН-ынхан Цэцийн даргын асуудлыг хэлэлцэхгүй байж байгаад УИХ-ын даргыг огцруулна шүү гэж айлган тохиролцоо хийхийг санаархан ажил тасалцгаав. Бүгд л нэг барьцаа, шантааж хийгээд чуулган хуралдахгүй өнжлөө. Сүүлдээ нөгөө чуулган нь жуулган болж төр барих дээд байгууллага биш төрийн тухай ярих зөвлөгөөн болж хувирахаа шахав. Ардчилсан намын гишүүд нь дангаараа суучихсан зөвлөгөөн хийж, хэр барагтай үг дуугарахыг нь үзээгүй Наранхүү гишүүн хүртэл энэ сиймхийгээр дуу оров. Хүрд эргүүлэх боломж олдлоо гэсэн шиг хүн болгон л нэг юм хэлж сууна лээ. Гэхдээ энэ нь чуулганы хуралдаан биш байсан л даа. Ямар ч хууль хэлэлцээгүй, ямар ч асуудал шийдээгүй. Ирц хүрээгүй учраас УИХ-ын дарга үүнийг чуулганы хуралдаан биш зөвлөгөөн гэж тодотгож байв. Харин өнгөрсөн баасан гаригт өнөөх зарлагдсан ээлжит бус хурал дахин болоход Шударга ёс эвслийн зарим гишүүн ирж ирц хүрснээр чуулган хуралдлаа. МАН-гүй л асуудал шийдэгдчихсэн. Тэгэхээр МАН-ынхаан та нартай, та наргүй асуудлаа шийдчихэж болж байгааг харсан л биз дээ. Төрийн эрхийг зөвшилцөж барилцахаас өөр аргагүй гэдгийг МАН эрхбиш эндээс ойлгомоор юм. Энэ чуулган анх бүрдэх эхний хурлуудаас л МАН-ынхан эрх хүүхэд шиг аяглаж, хуралдаа суухгүй байсан. Ялагдлын шокноосоо гараагүй тэд Ардчилсан намтай хамтарч эрх барина гэж найдаж байсан ч санаснаар нь болоогүй учраас хурал хаяж, үүнийхээ гороор аль ч үгүй болох шахсан даа. Тэднийг хуралдаа суухгүй байсан ч дэгийн дагуу бүх процедур явчихсан. Ингээд МАН бүлэг ч үгүй, байнгын хороонд ч багтахгүй, хэдэн сул гишүүн болох дөхсөнөө ийм амархан мартаагүй байлгүй. Харин ч АН-ынхан тэр үед зөвшилцөж, хуульд өөрчлөлт оруулж байж бүлэгтэй болгосон. Одоо юу байхав. Зургаан сарын л хугацаа үлдэж. Ингэж их зан гаргаж хурал чуулгандаа суухгүй байлаа гээд алдах нь их үү гэхээс онох юм байхгүй. “Чамтай чамгүй болов оо” гэгчээр нөгөөдүүл нь нийлээд хуралдаад явчихаж болж байна. Үлдсэн багахан хугацаанд хуралдаа суухгүй хатуурхлаа гэхэд тэр хатуугийн буулга нь МАН-ынхан та нар дээр л буух гээд байна. Энэ нь харамсалтай, гунигтай юм. Нэгэнт төр барилцах эрх ард түмэн та бүхэнд олгосон. Төлөөллөө болгоод сонгоод явууллаа. Гэтэл та наргүйгээр шийдвэр гараад байна гэдэг чинь ард түмний нэг хэсгийн хүсэл санаа хүрэхгүй, бүтэхгүй, биелэхгүй болчихож байна. Мөн та нар хуралдаа суухгүй байгаагаараа ард түмний сонголтыг хүндэтгэхгүй байна гэсэн үг. Дараагийн сонгуулиар ядаж чуулгандаа суудаг гишүүн сонгоё гэлцэх боллоо, иргэд. Хэлэлцэж, батлаагүй өчнөөн олон хууль хүлээж байна. Барьцааны улс төр хийхээ одоо зогсоо. Цаашид үлдсэн бага хугацаандаа бүгдээрээ хуралдаж монгол төрийг бүтэн ажиллуулах хэрэгтэй байна. Улстөржилтөөс илүү улс орны эрх ашиг гэж бий шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Төр барих чуулган төрийн тухай ярих зөвлөгөөн болох шахав” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы шинэ дугаар өглөөний ургах нартай зэрэгцэн уншигчдынхаа гарт хүрч байна. Шинэ долоо хоногийн тэргүүн нүүрэндээ Монгол Улсын гавьяат жүжигчин Нанзадын Чулуунхүүг гэр бүлийнх нь хамт залсан “Танайд өнжье” булангаа онцоллоо. Хэвлэл мэдээллээр тэр бүр гараад байдаггүй нэрт дуучны гэр бүл, түүний ажил амьдралын тухай нийтлэлийг та бүхэн 12, 13 дугаар нүүрнээс таалан соёрхоорой.
Хууль зүйн салбарт хийгдэж буй шинэчлэл, эрхзүйн шинэчлэлийн тухай Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай хийсэн ярилцлагыг хоёрдугаар нүүрнээс уншаарай. Сонины бодлогыг тодорхойлогч “Баримт, үзэл бодол” булангаас “Төр барих чуулган төрийн тухай ярих зөвлөгөөн болох шахав” нийтлэл хэвлэгдлээ.
ХҮН-ын нийслэлийн намын хорооны дэд дарга Ц.Түвшинтөртэй хийсэн ярилцлагыг тавдугаар нүүрнээс уншаарай. Тэрбээр намаасаа гарах саналыг хүргүүлээд байгаа юм. Шинээр байгуулагдаад удаагүй ч элдэв маргаантай байгаа ХҮН-ын тухай дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг энэхүү ярилцлагаас сонирхоорой.
“Дэмий шүү Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү. Хохь чинь шүү хогийн саванд чихнэ шүү” гэдэг үгийг мэдэхгүй хүн ховор. Домог болтлоо нэр нь дуурсагдаж, замын цагдаад насаар ажилласан Г.Дэмбэрэл гуайтай ярилцжээ. Түүнтэй хөөрөлдсөн сонирхолтой ярилцлагыг долоо болон 11 дүгээр нүүрнээс хүлээн авч уншаарай.
Олон улсын эргэн тойронд өрнөсөн цаг үеийн мэдээ мэдээллийг есдүгээр нүүрнээс унших боломжтой.
Монгол Улсын өнгөрсөн оны эдийн засгийн байдал, 2016 онд эдийн засгийн амьдрал ямархуу байх талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэд профессор эдийн засгийн ухааны дэд доктор Б.Алтанцэцэгтэй ярилцлаа. Ярилцлагыг 17 дугаар нүүрнээс уншаарай.
Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Э.Одгэрэлтэй хийсэн ярилцлагыг 19 дүгээр нүүрнээс тольдоорой.
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн шинэхэн дугаараас хүлээн авч унших боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *