Categories
мэдээ нийгэм

Төгсөгчдийг ажлын байранд томилж, цагдаагийн дэслэгч цол олголоо

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийг “Цагдаа-Хууль сахиулах ажил” мэргэжлээр төгссөн төгсөгчдийг ажлын байранд томилж, цагдаагийн дэслэгч цол олгон, тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Эргүүл, хамгаалалтын газрын жагсаалын талбайд боллоо.

“Цагдаа-Хууль сахиулах ажил” мэргэжил эзэмшсэн 162 гаруй төгсөгч ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албан тушаалд томилогдож, тугандаа ёслон, эх орон, ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ тангараглав. Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ийнхүү шинэ офицероор бүл нэмж байна. Тэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн амгалан тайван байдлыг хангуулж, хууль сахиулахаар эх орны өнцөг булан бүрийг зорино. Шинэ офицерууд “Монгол Улсын иргэн би Цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөв. Өнөөдрийн үйл ажиллагаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид, офицеруудын гэр бүл, найз нөхөд оролцож, цагдаагийн “Сүлд” чуулгынхан уран бүтээлийн дээжээсээ сонирхууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *