Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн байцаах алба хамтран “Хянамгай байя” аяныг улсын хэмжээнд зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын ахлах мэргэжилтэн Х.Түвшинбаяр “Олон улсад цахим залилангийн гэмт хэргийн улмаас 2023 онд найман их наяд ам.долларын хохирол учирсан тооцоо гарсан. Нэг сард 636 тэрбум ам.доллар, өдөрт 21.9 тэрбум ам.долларын хохирол бүртгэгддэг.
Манай цагдаагийн байгууллагад он гарснаас хойш нийт 24,811 хэрэг бүртгэгдсэн. Үүнээс залилах гэмт хэрэг 7,063 буюу нийт гэмт хэргийн 28.5 хувийг эзэлж байна.
Нийт залилангийн гэмт хэргийн 58 орчим хувь нь буюу 4,095 нь цахим орчинд үйлдэгдсэн. Цахим хэрэглээ өсөхийн хэрээр гэмт хэрэгтнүүд цаг хугацаа, орон зайг үл харгалзан зохион байгуулалтад орж, хэнийг ч хохироох эрсдэл бий.
Цахим гэмт хэргийн улмаас энэ оны байдлаар иргэдэд 209 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг насны ангиллаар нь авч үзвэл 30-34 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа бол эрэгтэй 1,377, эмэгтэй нь 1,784 хохирогч байна” гэв.