Бантан ихтэй хүний түүх юм. Аравдугаар ангиа 17 настайдаа төгслөө. Төгсөлтийн шалгалт маргааш болно гэж байхад шөнө нь сумын төвийн дэргэд хонь манаж хоносон шиг, бас болоогүй нөгөө хонио унтаж байгаад алдсан шиг, алдаад зогсохгүй шөнөжин эрж хайж давхисан шигээ өглөө болгов. Мах бэлтгэлд тушаах хонь манаж хоносон нь тэр. Малчин ах нартаа мөнхөд зарагдаж өссөн хөдөөний хүүхдүүд бидний амьдралын хэмнэл нэг иймэрхүү л байсан даа.
Тэр өглөө нэг харсан чинь улсын шалгалтын цаг болчихож, санд мэнд давхин, морио хашаан дотор оруулж хаячихаад, гэр рүү чавхдаж орон хувцсаа солилоо. Мэдээж нүүрээ угаасан нь лавтай… ингээд сургуулийнхаа хаалгаар амьсгаа дээртэй ортол үүдэнд ангийн багш Хандаа ташаагаа тулаад, намайг хүлээгээд зогсож байх нь тэр, “Арай ч дээ, сургууль соёл төгсөх гэж байгаагаа мэддэг юм уу, хаагуур яваад байгаа юм бэ,чи” гээд шилэн хүзүү рүү нэг сайн хуслаа. Бас өшиглөлөө, өшиглөхтэй нь зэрэгцээд үсрээд анги руугаа орчихлоо. Ингэж л зугтахгүй бол чихдэнэ, залгуулаад чимхэнэ, энэ муу биед чинь бүтэн юм үлдэхгүй. Олон жилийн туршлага надад бас байна.
Манай ангийнхан шалгалт өгөхөд бэлэн, байраа эзлэн суужээ. Арын ширээнд тухалсан Анзай руу дөхлөө. Анзай бол наддаа таван онцын эзэн шахуу юм. Гэхдээ дампуугаа хүрвэл надаас илүү дампуу. Яасан гэхээр тэр жил пионерийн удирдагч Мийгаа багшаар ахлуулсан ариун цэврийн комисс ангид гэнэт орж ирж шалгалт хийлээ. Хувийн болон цүнхний доторх эмх цэгцтэй байдал, эмх цэгц ч юу байхавдээ, сургуулийн тэвэгний аварга шахуу Анзай бид хоёрын цүнхэнд тэвэг, тамхи тариа, өөр юу байна гэдгийг шалгаж буй хэрэг. Бид хоёр ямар мангар амьтад байгаа биш, сургуулийн гадна нуучихаад орохоо мэдэлгүй яахав. Тэгсэн тэрнээс дор юм боллоо. Гэнэт л пионерийн удирдагч муухай орилоод явчихлаа, цочсон гэдэг жигтэйхэн. Харсан чинь нэг муу хулгана багшийн хөл доогуур жирийлгэж явдаг байна шүү. Би ч гялс хөдлөн ангийн буланд байсан шалны модыг шүүрэн авч элдлээ. Онож өгөхгүй энд тэнд цохиод хөөж явтал хулганаас айгаад дэвхцэж байсан ангийн багш Эрдэнээгийн хөл дээр гайгүй сайн буулгаад тавьчихлаа. Багш маань хөлөө бариад орилоод ойчлоо… би ч яахаа мэдэхээ байлаа, тэр ёстой нэг бантан болсон. Ингээд бөөн орилоон майлаан дунд сэхээ аваад хартал пионерийн удирдагч Анзайг аашилж байна. Аашлахаас ч өөр аргагүй хэрэг явдал болж. Яасан гэхээр, пионерийн удирдагч, Анзайгийн бор цүнхний доторхыг шалгаж байтал өөдөөс нь оготно гараад ирсэн юм билээ. Тийм хариуцлагагүй, тарж очоод цүнхээ орны хөндий рүү шидчихдэг, өглөө хичээлдээ явахдаа санаж гаргаж ирдэг. Тэр хооронд цүнхэнд орсон оготно ангид яваад ирэхгүй юу. Ийм л юм болсон. Миний шалны мод барьж оготно элдэсний хэрэг ч гарсангүй, Пионерийн удирдагч өөрөө “хүүе хаая” гээд үсэрч цовхчиж байхдаа өнөө муу хулгана дээрээ гишгээд алчихсан байна лээ.
Ийм юм болохыг нь мэдэж байсан юм шиг Анзайд би зөндөө хэлдэг байсан. Над шиг аав ээжийн нүдэн дээр ном дэвтрээ гаргаж, цүнх саваа санжигнуулж, энэ тоо ямар учиртай юм гэхчлэн асууж бай гэж. Тэгдэг байсан бол юу гэж ийм айхавтар юм болох билээ. Ариун цэврийн дэндүү бүдүүлэг зөрчил гаргасан, ангийн багшийнхаа хөлийг хуга цохих шахсан хэргээр дахиад л бид хоёр багш нарын зөвлөгөөний хурлаар орсон юм шүү дээ. Өөрсдийгөө зөвтгөхийн тухайд бол үнэндээ Анзай бид хоёрт тэр даалгаврыг нь хийж суух зав гардаггүй байсан юм. Тэвэг өшиглөнө, уншсан гоё гоё номнуудаа хүүхдүүдэд ярьж өгнө. Хашааны гадна, нэгдлийн машааны гаражийн булан, дотуур байрны шатан дээр арав хориор нь цуглуулж байгаад, ангайтал нь ярьж өгч кайф авдаг байлаа. “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийг л сэтгэлдээ хүртэл өнгөтөөр ярьж өгч чадахгүй, нэг л ур дутаад байдагсан. Тэрнээс биш “Тунгалаг тамир”, “Сүүлчийн буун дуу”, “Улаан наран”… гээд том том романуудыг цээжээрээ буулгана. Үүнээс гадна бид хоёрт хийх ажил мундахгүй, хаврын сурагчдын амралтаар нэгдлийн төл малыг бүрэн бүтэн хүлээн авах үйлсэд мэдээ орсон цагаасаа хойш цаг наргүй, борви бохисхийлгүй зүтгэсэн хүмүүс. Сумын аваргын хэмжээний хонь өсгөж өгсөн байх. Энийг ч тэгээд тоох, ойлгох амьтан байсан биш дээ, зарахаа л боддог байснаас биш. Ерөнхийдөө асуудал үүсгэдэг, хийж байгаа бүхэн маань буруу болчихоод байгааг бид хоёр багш нарын зөвлөгөөний үүдэнд түгшүүртэйгээр хүлээн зогсдог байхдаа хоорондоо ярьдаг л байсан, “За одоо хоёулаа хүн шиг байна шүү, энэ нэг багш нарын зөвлөгөөн чинь зовлонтой юм, сургуулиас хөөнө тууна ч гэх шиг. Аав ээж ч үглээд…” гэхчлэн. Харамсалтай нь яаж ч болохгүй тодорхой хугацааны дараа үүдэнд нь зогсож л таардаг байсан. Ийм л бантангийн хамтрагч Анзай болбоос яах аргагүй миний сайн найз байсаар ирсэн юм. Тэр ямар ч шалгалтын үеэр мэргэжлийн нэлээн ахисан түвшинд нүд хариулах ур чадвараа гаргадаг байсан тул шалгалт бүрээр би шадарлаж ирсэн билээ.
Анзай бид хоёр элдэв янзын тэмдэг цуглуулдаг байсан нь заримдаа асуудал дагуулна. Өнөөх маань сумын төвийн ойролцоо байх эмээгийндээ их очимтхой. Сүхбаатар жанжныг амьдаар нь харсан манай сумын ганц хүн юм гэнэлээ гэж эмээг нь ярьцгаадагсан. Нэг өглөө Анзай хичээлд ирэхдээ формоныхоо энгэрт нэг их гоё санжигнасан шар тэмдэг зүүж ирлээ. Бид хоёр сургуульдаа хамт явдаг болохоор замдаа яаж ийм гоё тэмдэгтэй болсон тухай нь хөөрөлдөж явлаа. Амралтын өдрөөр эмээгийндээ очиж тугал бярууг нь эргүүлж явахдаа өнөө гоё тэмдгийг хээрээс олсон гэнэ. Ангид орсон хойно багш “Анзай чи юу зүүчихээ вэ” гэж нэг сүрхий хараад асуулаа, манай хүн ч тугал хариулж яваад олсноо хэллээ. Тэгж байтал удалгүй багш эргэж орж ирээд “Анзай чи пионерийн удирдагчийн өрөөнд ороотох доо” гэж байна. Ингээд буцаж ирэхдээ Анзайгийн гоё тэмдэг алга болоод ирэв. Тэмдэг яав гэсэн чинь “Пионерийн удирдагч багш том хүний тэмдэг байна, зүүж болдоггүй юм гээд авчихлаа, надад оронд нь гоё таван хошуутай тэмдэг өгсөн” гээд үзүүлэв. Энэхүү том хүний тэмдэгнийх нь учрыг бүр сүүлд, юмны наад цаадхыг гадарладаг болсон хойноо сонсож мэдээд баахан инээж билээ. Хөдөлмөрийн баатар тэмээчин Д.Пунцаг гуайн маань баатрын алтан соёмбыг Анзай тэнэг зүүчихсэн явсан нь тэр юм билээ. Д.Пунцаг гуай баатрын алтан соёмботойгоо айл хэсэж, аяга тагш юм эргүүлж, халамцуу яваад гээчихсэн байж. Хамгийн ноцтой нь говийн таван аймгийн тэмээчдийн улсын зөвлөгөөнд удахгүй оролцох байж. Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Т.Рагчаа ирнэ. Д.Пунцаг баатар тэр хуралд арга туршлагаа ярихаас эхлээд гол дүр нь. Гэтэл баатрынхаа алтан соёмбыг хаячихсан. Хурал нь ойртоод байдаг, сум нэгдлийн дарга нар байн байн “За баатар минь бэлтгэл юу болж байна, баатрыгаа дагуулаад сүртэй очицгооно шүү дээ” гээд байдаг. Бөөн шаналсан өвгөн, бригадын дарга Батаад аминчлан хэлжээ. Ах нь балраад байна гэж. Батаа дарга асуудлыг ойлгож,бригадын тоо бүртгэгчийг оролцуулан тодорхой нэмэгдэл хүч гарган тэмдгийг эрж хайсан ч олсонгүй. Эцэстээ сум нэгдлийн дарга нарт үнэнээ хэлжээ, ингээд сумын төвөөс нэгдлийн туслах аж ахуйн хэдэн залууг, дээр нь Худалдаа бэлтгэлийн ангийнхан, ойр хавьд нь нутагладаг залуучууд болох 30 орчим хүнтэй өргөн бүрэлдэхүүнтэй багийг, сумын намын үүрийн нарийн бичгээр ахлуулан явуулж хайлгаад тусыг олсонгүй. Ер нь бол тухайн үедээ их том асуудал болсон гэдэг. Сумынхаа хэлтсийн төлөөлөгч, Хянан шалгах хорооны дарга зэрэг цөөнгүй албан тушаалтнуудаас тас нууж эрэн хайх ажиллагааг явуулсан гэдэг юм билээ. Ингээд үнэнтэй эвлэрэхээс өөр аргагүй болж, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Д.Пунцаг баатрын алтан соёмбот тэмдгээ хаясан асуудал ноцтой түвшинд очоод байж байтал мань хашир Анзай хүү сургууль дээрээ зүүчихсэн гүйж яваа сураг гарч бөөн баяр болсон түүх юм. Зун нь Д.Пунцаг баатар манай Анзайд нэг хээр даага сэмхэн бэлэглэсэн гэдэг. Одоо ч энэ талаар Анзай дуугарахгүй, яагаад гэвэл Хөдөлмөрийн баатар өвгөн “Миний хүү хүнд битгий хэлээрэй” гэж тэртээх 36 жилийн өмнө захисан учраас тэр. Манай Анзайгийн бантан нэг иймэрхүү, заримдаа сум орны хэмжээний асуудалд орооцолддог нөхөр байв шив. Одоо миний найз мундаг бизнесмэн болсон. Гадаадад ч сургууль төгссөн. Манай гэрийн хажууд хүртэл нэг орон сууцны барилга нь ашиглалтад орох гэж байна. Аваарт ороход нь би цусаа өгч байлаа. Ийм л сэтгэл зүрх, мах цусаараа гагнагдсан найз нөхөд явж ирлээ дээ.
Эхэлснээ гүйцээхэд, тэр жил тэгээд аравдугаар анги төгсөх улсын шалгалтуудаа амжилттай өгсөн шүү. Монгол хэл уран зохиолын шалгалт, бусад шалгалтуудаа. Яс юман дээр юугаа ч мэдэхгүй мэлийгээд суудаг сурагч байгаагүй л дээ, улсын шалгалтанд “Тунгалаг тамир” романы тухай ирлээ. Сумын хийгээд сургуулийнхаа номын санд хонож өнжих шахдаг байсан над шиг хүүхдэд тэр “Тунгалаг тамир” ёстой яршиг байсан даа. Зарим нэг өгүүлбэрээ ч санаж байна, “Итгэлт баяны энэ дүр бол шинэ нийгмийн бизнесмэнүүдийг зөгнөсөн сонгодог дүр юм. Үг яриа, үйлдэл нь хүртэл өнөө цагийн залууст хэрэг болохоор, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй билээ…” гэхчлэн халин бичсэн санагдана. Маргааш нь шалгалтын дүнгээ сонсохоор очсон чинь багш нар маань “Шалгалтаа янзын сайн өгсөн байна шүү…” гэж ирээд л магтах үгээ олж ядан байж билээ. Нэг иймэрхүү маягаар, бантан нэлээн ихтэй 10 жилийн төгсөлтийн шалгалтуудаа сайн өгсөн ч шууд л хөдөө гарлаа. Учир нь аав бид хоёрт сургалтын төлбөр байтугай сумаасаа аймгийн төв орох зардал ч хомс байсан юм. Учир нь аав минь намайг 10 дугаар ангид орох намар хөлөө хугалан, тун хүнд бэртэж хэвтэрт удлаа. Ах, эгч нарын ихэнх нь оюутан…
Аравдугаар анги төгсөх хавар сургуулийн захирал С.Банзрагч багшийнхаа өрөөнд хэдэн нөхдийн хамт дахиад л дуудлаа. Жагсаалаар орлоо. Намар цэргээс халагдаж ирсэн ах нартай бүжгэн дээр зодоон хийсэн, хүний мотоцикль зөвшөөрөлгүй унаж нүхэнд унагасан, доод ангийнхаа хүүхдүүдийг өвсний хашаанаас хөлнөөс нь уруугаа харуулж өлгөсөн ч билүү… нэлээн л өргөн хүрээний асуудал босч эцэстээ тулаа биз дээ. Ганц миний үйлдсэн хэрэг биш л дээ, өнөө Анзай эд нар мэдээж холбогдоно. Тэр мотоцикль л надтай хамаатай байсан санагдана. Захирал багш маань бидэнд насаараа сургаал айлдсан хүн, тэгж ингэж болохгүй, яацарсан амьтад вэ та нар чинь, биеийн тамирын заалны мухарт хэдэн төмөр өргөх, тэндээсээ гараад зодоон хийхээс өөр хийх юм алга уу, бодооч ээ бодооч… гээд толгой руу чичиж ирээд баахан үглэнэ. Намайг авч үлдэж байгаад “Чамайг би энэ сургуулийн захирал байгаа дээрээ нэг төгсгөчихмөөр байна. Төгсгөж чадахгүй бол дараа нь муу аавын чинь нүүрийг би яаж харах юм бэ…” гэж ирээд учирладагсан. Одоо би заримдаа С.Банзрагч багшийнхаа хэлж ярьдаг байсан үгс, ширээгээ тойроод алхдаг байсан дүрийг нь боддог… Миний захирал багш сайхан сэтгэлийн дээд байсан л даа. Жинхэнэ сурган хүмүүжүүлэгч байсан юм. Бурхны оронд байгаа бурхан багшдаа мөнхөд залбирч амьдардаг даа. Би ийм л хүмүүсийн дунд, ийм л хүмүүсийн тус дэмээр хүн болсон юм.