Цацраг идэвхт задралаас гарах гамма цацрагаар хүнсний бүтээгдэхүүн дэх бактерийг устгаж болохыг 1898 онд эрдэмтэн С.Прискот нээжээ. Эрдэмтэд 1905 онд хүнсний бүтээгдэхүүний өвчин үүсгэгч бактериудыг цөмийн цацраг хэрэглэн устгаж, хадгалах судалгааг эхлүүлж байж. Одоогоор дэлхийн тавь гаруй оронд 40 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарж боловсруулдаг байна. Европын зарим оронд гэхэд ийм хүнсний бүтээгдэхүүнийг арваад жил хэрэглэж байгаа гэнэ. Хүнсийг цацрагаар шарахад цацраг идэвхтэй болгодоггүй байна. Харин ч эрүүл, тэжээллэг болгодог аж. Цацраг нь мах, далайн гаралтай бүтээгдэхүүний бактери, паразитуудыг багасгадаг байна.