Categories
мэдээ улс-төр

Цатгалан хүн өлссөн хүний зовлонг мэддэггүй

Ноён уулын орд газрыг стратегийн орд болгож буйг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөний зарим гишүүд өнгөрсөн пүрэв гаригаас хойш нойтон өлсгөлөн зарлаад байгаа. Тэд 160 гаруй цаг өлсгөлөн зарлаж байна. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын зарим гишүүд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Арвин, Л.Болд, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Оюунгэрэл нар хуулийн төсөл боловсруулсан бөгөөд санал авахаар Засгийн газарт өнөөдөр хүргүүлэв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан С.Ганбаатар, Х.Болорчулуун нар Төрийн ордонд мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Улс гүрнүүд төр улсынхаа түүхтэй холбоотой түүхэн дурсгал, эд өлгийн зүйлүүд, хөшөө дурсгалд маш болгоомжтой ханддаг. Өнөөдөр өвгөд дээдсийн бунхан, түүн дээр босгосон хөшөө дурсгал бидний үеийг хүртэл хадгалагдаад ирж. Хаад ноёд, алтан ургийн язгууртнуудтай холбоотой хөшөө дурсгалууд ихэвчлэн байгаа. Бид байгаа юмаа хамгаалах ёстой. Ноён уулыг хамгаалахын төлөө хатуу зогсоно” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Мандал сумын иргэн 61 настай ээж хүн өлсгөлөн зарлаад 160 гаруй цаг боллоо. Хоёр хоногийн өмнөөс хөл нь дулаацахаа больсон гэж байна. Төрийн гурван өндөрлөгөө өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг анхаараачээ. Цагаан сар чинь угтаа сайн сайхныг угтан билэгдсэн, элбэг дэлбэг байхыг бэлгэдсэн баяр шүү дээ. Гэтэл долоон хүн өлсгөлөн зарлаж байна. Нэг нь эх хүн байна. Та бүгд энэ өлсгөлөнг зогсооход анхаарал хандуулаад өгөөч. Цатгалан хүн өлссөн хүний зовлонг мэддэггүй гэдэг үнэн юм байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *