Онцгой байдлын алба хаагчид цас шаварт суусан автомашиныг татан гаргаж, 10 хүний амь насыг аварчээ
Төв аймгийн Баян сумын Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянцагаан сумын чиглэлд зорчиж явсан Портер загварын автомашин /3 хүүхэд, 2 том хүн/ цасанд сууж, төөрсөн тухай дуудлагыг өчигдөр /11.28/ 09:54 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хятадын дэрс” гэдэг газарт иргэн Н /45 настай эрэгтэй/-ийн “Портер” загварын автомашин цасанд сууж шатахуун нь дууссан байсныг 30 минут ажиллаж автомашиныг татан гаргаж 5 иргэнийг Багахангай дүүрэгт хүргэсэн.
Мөн Дорноговь аймгийн Иххэт сумын Баян багийн “Зүрхэн-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 205 км, сумаас баруун хойд зүгт 20 км/-т Суудлын автомашинтай 3 хүүхэд, 2 том хүн цасанд суусан тухай дуудлагыг мөн өдөр 22:30 цагт хүлээн авсан. Тус сумын Баян багийн Засаг даргаар ахлуулсан алба хаагчид очиж тус аймгийн Иххэт сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргаж 3 хүүхэд, 2 том хүнийг автомашинтай нь сумын төвд хүргэсэн байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Та бүхэн болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж хөдөө замд гарахдаа цаг агаарын таагүй нөхцөл байдал, зорчих замаа урьдчилан сайтар тооцоолж, автомашиныхаа аюулгүй байдал, түлшний нөөцөө хангаж, аль болох шөнийн цагаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн мөс хэврэг, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг сэрэмжлүүлье.
Эх сурвалж: ОБЕГ