Хөдөлмөр нийгэм зөвшилцлийн үндэсний гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалинг тавдугаар сарын 01-ээс нэмэхээр болсон. Гэвч товлосон хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байгаатай холбогдуулан МҮЭХ-оос хэвлэлийн хурал хийлээ.
Өмнөх хэлэлцээрт 2015 онд цалин, тэтгэвэрийг тодорхой үе шаттайгаар 90 тэрбумаар нэмэгдүүлье гэсэн тохиролцоо хийж хөрөнгийн эх үүсвэрийг нь улсын төсөвт суулгаад, төсвийн хуулиар баталгаажуулсан. Энэ тохиролцоог Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах ажил хойшлогдсоор байгаа тухай хэвлэлийн бага хурлын үеэр дурдсан юм. Энэ шалтгаанаар төрийн албан хаагчдын цалин товлосон хугацаандаа нэмэгдэхгүй байна гэв.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Цалин хөлс, тэтгэвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр МҮЭ-ийн холбооноос санал болгосон 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага нь иргэдийн авч буй цалин, бодит худалдан авах чадварт тулгуурласан тооцоо юм. Энэ нь улс орны эдийн засгийн байдал, төсвийн бүрдэлтийг харгалзахгүйгээр тавьсан тоо биш. Гэхдээ Засгийн газрын зүгээс тодорхой хувилбар гаргаж, орлогын эх үүсвэрийг УИХ, намуудын бүлгүүдэд ярилцаж бий болгосон цалингийн нэмэгдэлд 90 тэрбум, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд 13 тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна. Энэ бол “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” байгаа хэлбэр. Гэхдээ 103 тэрбум төгрөгөөр хязгаарлагдаж байгаа юм биш. Орлогыг нэмэгдүүлэх бусад бололцоог энэ хэлэлцээр бий болгох ёстой” гэж хэлэлцээрийн үеэр хэлж байсан ч өнөөдрийг хүртэл хүлээлттэй хэвээр байна.