“Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа. Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдүгээрт, цахимжуулалт, хиймэл оюун ухаан, технологийн шилжилт, хоёрдугаарт, ногоон шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт хийх чиглэлээр стратеги, төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төрийн бүх байгууллагуудад уриалах, стратеги, төлөвлөгөөг салбар, улсын хэмжээнд нэгтгэн Засгийн газрын хуралдаанд 2025 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт танилцуулах, албан даалгаврыг биелүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжийн хүрээнд зохих хариуцлага тооцохыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгав.
Товч мэдээ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөлд багтсан Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны төслийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөр ахлуулан шинэчлэн зохион байгуулав.