Categories
мэдээ нийгэм

Цагдаа нарт хариуцлага тооцжээ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд амарч, зугаалж явахдаа нэгнийнхээ амь насыг хөнөөсөн гэх дуулиан дэгдээд байгаа билээ. Тодруулбал, тус газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Налайхад байрлах амралтын газар очиж амарч байхдаа, нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Тус хэлтсийн ажилтан Х-гийн амь насыг хамт ажилладаг Ө гэгч цагдаа хөнөөсөн талаарх мэдээлэл байна. Тэгвэл хүний амь насыг бүрэлгэсэн хэргээр Ө-г сэжиглэн баривчилж, цагдан хорьсон байна. Уг хэрэгт прокурорын байгууллагын хяналт дор ЦЕГ-ын Тусгай субьектыг мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн аж. Уг хэрэг гарсантай холбоотойгоор ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн нэр бүхий албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага тооцсон байна. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Батдэлгэрт цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувиар торгож, албан тушаалыг нь бууруулахаар, тус хэлтэсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Батзаяад мөн цалингийн хэмжээг зургаан сарын турш 20 хувиар торгож албан тушаал бууруулахаар шийтгэл оноожээ. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлд зааснаар цагдаагийн ахлах ахлагч Б.Ган-Эрдэнийг төрийн албанд ажиллах эрхийг нэг жил хүртлэх хугацаагаар хасч, ажлаас нь халсан бол жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Батсуурийн цалингийн хэмжээг зургаан сарын турш 20 хувиар бууруулж, албан тушаал байрыг өөрчлөх,тус газрын бичиг хэргийн ажилтан цагдаагийн ахлах ахлагч Б.Өлзийбуянг мөн төрийн албанд ажиллах эрхийг нь нэг жилээр хязгаарласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *