Categories
мэдээ цаг-үе

Цагаан сарын дурсамж бүхэн цагаахан байдаг

Цагаан сарын баяртай холбоотой олон сайхан дурсамж бий шүү. Баян-Өлгий аймагт төрж өссөн болохоор тэндхийн цагаан сарыг арван нас хүртлээ үзсэн гэсэн үг. Урианхай эрчүүд шинийн нэгний өглөө үүр хаяарах үеэр ойролцоох тахилгатай хайрхан, овоондоо гарч Алтайн 13 сан тавина. Үүнийг балинд гарах гэнэ. Шашны сударт лам хуврагууд болон сvсэгтэн олон өөрсдийн шүтэн биширдэг бурхан шүтээндээ зоог өргөж буй идээг балин хэмээсэн байдаг. Дээр нь өвчүү шатаах тавцан байрлуулсан, дөрвөн талтай чулуугаар хийсэн зүйлийг балин гэж ойлгож болно. Идээ шүүсээ тэнгэр хангайдаа өргөж, арц хүж уугиулж балингаа гороолно. Эрчүүл балингаас бууж ирснээр цагаан сарын золголт эхэлдэг. Гүрмэл боовоор тавга а засна. Энэ нь урт удаан наслах, идээ унд элбэг дүүрэн байхын бэлгэдэлтэй. Цагаан сарын шинийн нэгний өглөө гэрийн тооноор гурван сум тавих ёслол үйлдэнэ. Тухайн гаргаж буй сумаар тэр айл, ургийнхны муу муухай бүхэн хамт оддог хэмээж тайлдаг. Багадаа энэ бүх үйлийг харж өссөн болохоор цагаан сарын баяр гэдэг зүйлийг тэр чигээрээ зан заншлын баяр юм байна гэж л ойлгодог байлаа. Хүүхдүүдэд элдэв төрлийн эрээн мяраан юм өгөхөөс илүүтэй цуулсан цагаан давуу бэлэглэнэ. Хадаг шиг хэлбэртэй болохоор хүүхдүүд цагаан давуу бэлгэнд авах дуртай. Олон айлаар хэсч олныг цуглуулснаараа бахархаж бүгдийг нь дээлнийхээ бүсэнд хавчуулдаг байлаа. Ийм өнгө аястай цагаан сарын баярыг үзэж байгаад Төв аймагт шилжин ирээд бас өөр цагаан сарыг мэдэрсэн юм. Мэдээж ерөнхий зан үйл нь ижилхэн ч зарим талаараа өөр л дөө. Цагаан сарын зан заншил бага байхаас сонирхлыг минь татсаар ирсэн. Гэхдээ эргээд харахад тэр бүхнээс илүүтэй өвөөгийнх рүүгээ, ахан дүүсийнхээрээ очиж золголт хийхээр явж байсан мөчүүд илүү дурсамж үлдээжээ. Цагаан сарын дурсамж бүхэн цагаахан санагддаг юм.

Өвөөгийнх рүүгээ цуван уван очихгүй, аль болох бөөнөөрөө очихын тулд аавын “Портер”-т сууцгаана. Настай хүмүүс нялх хүүхдүүдээ өвөр дээрээ авч бүхээгт чихэлдэнэ. Харин томхон хүүхдүүд, залуус нь тэвшин дээр сууна. Бүгд сандалтайгаа сууна л даа. Өвөөгийнд очихоор сандал хүрэлцэхгүй, босч зогсох юм болно. Тийм болохоор урьд жилүүдийнхээ “туршлага” дээр үндэслээд ийн сандалтайгаа ачааны машин дээр гарна. Хэдий хаврын сар ирж буйг бэлгэдсэн баяр ч гэлээ тэвшин дээр ил суугаад явахад Зуунмод голын жавар хацар, чих хайрна шүү. Өвөөгийн гадаа буухад төвд байдаг үр хүүхдүүд нь хэдийнээ ирчихсэн цайлж сууцгаана. Өвөөгийн гэрт бүгд багтахгүй учир цай ууж, тавгийн идээнээс амссан хүүхдүүд гадаа гарч барилдаж ноцолдоно. Ингэж байтал хотоос өвөөгийн хүүхдүүд нь нэмж ирнэ. Түрүүлээд ирчихсэн дүү нар нь босч ах, эгчтэйгээ золгоод суудал тавьж өгнө. Бүгд өвөө, эмээтэй золгох гэж хоймор руу зүтгэцгээнэ. Өвөө маань 14 хүүхэдтэй өнөр өтгөн айлын тэргүүн байсан юм. Хүргэн, бэр, хүүхдүүдийнх нь хүүхдүүд гээд тоймгүй олуул. Золголтын үеэр нэг хүнтэйгээ хоёр золгох, ахмад нь дүү хүнийхээ тохойг түших гээд андуурах, будилах зүйл гарна. Зарим нь би ах, би тэдэн оных гээд насаа хуруу дарж тоолж, хэн нь хэнийгээ үнсэхээ “шийднэ”. Бүх хүмүүс золгоод суудлаа эзлэхэд бараг арваад минут зарцуулна шүү. Бүгдэд нь цай аялгаад суулгах гэхээр сандал хүрэлцэхгүй. Тэгэхээр ээлжилж таарна. Эсвэл өнөө машин дээрээс сандлаа буулгаж ирнэ.

Хүүхдүүдийн хүсэн хүлээдэг мөч буюу бэлэг авах цаг ирнэ. “Өвөө бэлэг өгч байна” гэх үг чихний үзүүрт дуулдангуут балчрууд ар араасаа жагсаад өвөөгөөс бэлэг авна даа. Өвөө дэргэдээ бараг шуудайны тал хэртэй чихэр тавьчихсан, шинэ мөнгөн дэвсгэртүүдээ гаргаж ирнэ. Том хүүхдүүдэд шинэ мянган төгрөг, атга чихэр, багачуулд нь таван зуун төгрөгтэй чихэр бэлэглэнэ. Өвөө мунгинаад нэг хүүхдэд хоёр удаа бэлэг өгч бөөн инээдэм болцгоодог байж билээ. Өвөө, эмээгээсээ авдаг тэр бэлгийг гүйцэх тийм сайхан бэлэг одоо хаана байх вэ дээ.

Дараа жил нь өвөө маань хүүхдүүддээ ойрхон амьдарна гээд манай хойд гудамжинд нүүж ирж билээ. Хэдий том саруулхан байшинд амьдрах болсон ч бид мөн л шинийн нэгний өглөө өвөөгийнх рүүгээ сандалтайгаа очдог хэвээрээ. Жил ирэх бүр л үр хүүхдүүд нь өсч нэмэгдсээр, шинийн нэгний өглөө өвөөгийнд багтахаа байж билээ. Тэгээд бага зэргийн зохицуулалт хийж, ойр байх хүүхдүүд нь өглөө эрт ирж золгосны дараа хотоос хүүхдүүд нь ирэхдээ цагаа зөрүүлдэг болж билээ.

Тэр үед манайханд машин тэрэгтэй хүн ховор байлаа. Хотод байх ахан дүүс рүүгээ ирэхийн тулд өнөө ганц цагаан портер дээрээ ярайтал суултай биш. Цагаан сарын шинийн нэгэн, хоёронд аймгийн төвөөс хот орох унаа олно гэдэг тун чиг хэцүү даваа шүү. Нэг микро ирнэ, хүмүүс гүйлдэж очоод суучихна. Хөгшин хүн, хүүхдэд суудал олдоно гэж үгүй. Тийм болохоор таван айл нийлээд микро автобус хөлсөлнө дөө. Хамгийн том ахынх нэгдүгээр хороололд юм чинь тэднийх рүү шууд очно. Бөөнөөрөө орно доо. Бэр эгч “Олон том хүний дунд хүүхдүүд орхигдоод, юм идэж чадахгүй үлдчихдэг юм. Алив нааш ир” гээд хүүхдүүдэд тусгайлан ширээ засч чацарганын шүүс, салат, амттанаар дайлна. Бас тавганд бууз тавьж өгнө. Эднийх дэлгүүртэй болохоор хамгийн гоё бэлэг өгдөг гэж хүүхдүүд хоорондоо ярилцаж, буузаа хурдан идэхийг хичээнэ. Бууз идвэл бэлэг араас нь ирдэг юм хойно. Бэлгээ авангуутаа хармаалж болохыг хармаандаа хийчихээд багтахгүйг нь ээжийн торонд хадгалуулна. Ингээд хотын ахан дүүсээрээ иймэрхүү байдалтай золгоцгоож, бууз идэж, бэлгээ авсаар явтал нар жаргачихна. Буцах унаа олох ажил эхэлнэ дээ. Манай аав л голдуу унаа зохицуулна. Зам дээр гар өргөөд “Төв аймаг явах гэсэн юм. Хэдээр явах вэ” гэж асууна. Гайгүй жолооч таарвал “Төв аймаг хүртэл хэд билээ. Буцахад хүн олдох уу” гэж асууна.

Ямартай ч унаа олоод бүгдээрээ чихэлдэж аваад аймаг руу жирийлгэж гарна даа. Тэгж байтал “Зогсоорой, жижиг Ганаа бөөлжих гээд байна. Уут олдохгүй байна” гэж аавын отгон дүү Бэлэг эгч хойноос хашгирна. Манайх их олон Ганаатай л даа. Хооронд нь ялгаж Эрдээгийн Ганаа, том Ганаа, жижиг Ганаа гэж дуудна. Микро зогсч жижиг Ганааг гаргаж бөөлжүүлж, салхилуулна. Тэгтэл жижиг Ганааг бөөлжихийг хараад надаас эхлээд дотор муутай хүүхдүүд бүгд дагаж бөөлжинө дөө. Ээжүүд нь нурууг нь илэхийн оронд “Хэлсэн биш билүү. Бага ид гээд байхад. Хүйтэн ундааг амаа олохгүй уугаад байсан юм. Дотор чинь зайлагдаад тэгж байгаа юм” гэж үглэцгээнэ. Дотор муу хүүхдүүдээ ээжүүд нь дэргэдээ суулгаад айлуудын бэлэг сэлтийг хийсэн торнуудаа суллаад юмыг яаж мэдэх вэ, дахиад бөөлжиж магадгүй гэж сэргийлнэ. Тэгж байтал дахиад л “Жолооч оо зогсоорой” гэж нэг нь хашгирна. Яав ийв болоод явчихна. Эмээ, авга эгч, манай ээж мэтийн цайнд дуртай эмэгтэйчүүлд бие засах шаардлага тулгарна шүү. “Давсаг чинэрээд байна. Тэсэшгүй нь” гэсээр микроноос гүйлдэж гараад замын цаад руу орцгооно. За нэг иймэрхүү байдалтай явсаар Төв аймагт ирж хүмүүсийг гэр гэрт нь буулгана даа. Цагаан сарын хамгийн том золголт ийн өндөрлөнө. Өдөржингөө айл хэссэндээ ядарч, хоолоо ихдүүлснээс дотор жаахан муу байгаа нь мэдрэгдэнэ. Гэсэн ч айлуудын өгсөн бэлэгнүүдээ хараад сэтгэл сэргээд л явчихна. Өмсч болохоор юмнуудыг нь өмсч, задалж идэж болохоор чихэр шоколадыг нь задална. Бэлгэнд авсан хөзрөө гаргаж ирээд ах, хоёр дүүтэйгээ тоглоно доо. Айлуудын бэлэглэсэн мөнгөөрөө мөрийтэй үзнэ. Отгон дүү маань хамаг мөнгөө алдчихаад ёс юм шиг уйлдаг хүүхэд байж билээ. Аав ах бид гурвыг загнаж “Бага дүүгээ юм мэдэхгүйг нь далимдуулж мөнгийг нь авлаа” гэж зэмлээд мөнгийг нь буцааж өг гэнэ. Тэгээд яахав дүүгээс шулсан мөнгөө буцааж өгснөөр бидний тоглоом өндөрлөнө. Шинийн хоёрны орой ах дүү бид дөрөв ингэж хөзөр тоглодог уламжлал одоо ч бий л дээ. Энэ жил ч бас тоглоно оо, харин дүү минь уйлахааргүй том эр болсон шүү.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *