Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан сар болохгүй, улаан сар болгоно гэх нь үү

Социализмын үеийн номонд “Гамингууд орж ирэхээр цагаан сар болохгүй, улаан сар болно” гэж хятадууд хүрзээ ирлэн суусан тухайд гардаг. Хүрээг цагаантнууд эзлэхээс өмнөхөн л юм уу даа гарсан яриа юм шиг билээ. Гамин гэж тухайн үеийн дундад иргэн улсын эрх барьж байсан Гоминдан намын зэвсэгт хүчин. Гамингийн цэрэг орж ирэхийг манайхан “гамингийн жил” гэж нэрийдэн тэр үед л дээрх яриа гарч, “Пүүсийн данжаадууд ирлэсэн хүрзээрээ монголчуудын толгойг авах гэнэ” гэлцэж. Өнөөх гамингуудын цагаан сарыг улаан сар болгох нь гэдэг энэ цагт ирчихээ юу гэмээр л юм болж байна. Баахан шуугилаа. Хятадын Уханьд анх гарч дэлхийг шуугиулаад байгаа коронавирусээс болж манай үндэсний цагаан сарын баярыг тэмдэглэхгүй болох нь. Гамингийн жил гэдэг шиг У.Хүрэлсүхийн засаг удирдаж байсан тэр нэгэн онд цагаан сар тэмдэглээгүй тухай хожмоо нь ярих нь. Улсын Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Нөхцөл байдал төсөөлж байснаас хүнд байгаа учраас яалт ч үгүй ийм шийдвэр гаргах хэрэгтэй гэж Онцгой комиссынхон онцлов. Тэд цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. “Энэ шийдвэр нь Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар албажина” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хурлын үеэр хэлнэ лээ.

Эртнээс тэмдэглэж ирсэн үндэсний баяр ч гэлээ цагаан сар их л хэлмэгдэж ирсэн байдаг. Оросын нөлөө их үед Октябрь сар болгоно ч гэж үзээд бараагүй. Нийтээр тэмдэглэх баяр биш болгох гэж Малчдын баяр, нэгдэлчдийн баяр гэж нэрлэж үзсэн. 1952 онд Х.Чойбалсанг нас барлаа гээд улс орон даяар баяр тэмдэглэхийг хориглоод гашуудал зарласан байдаг. За тэгээд баярын өдөр биш, ажлын өдөр болгохоор нь өдөр нь ажилдаа явцгааж, шөнө нь золголт хийж байсан үе ч бий. Аймаг, хотын намын хорооноос Ууц хураах комисс хүртэл байгуулж байж. Миний санахын бага байхад цагаан сар, шинэ жил хоёрыг нэг дор тэмдэглээд холион бантан болж байсан дүр зураг үлдэж. Малчдын баяр гээд тэмдэглүүлэхгүй болохоор нь 12 дугаар сард, шинэ жилээр цагаан сар шиг идээ цагаа бэлдээд золголдох хэрнээ ёолк засчихсан айлуудаар золгуут хийгээд явж байсан юм даг. Нэг үе Ардын намын улстөрч хүүхнүүд сүрхий шинэ санаачилга дэвшүүлж, цагаан сарын бэлэгний талаар зааварчилж, бэлэг өгөх, өгөхгүй тухай баахан маргаан үүсгэсэн. Айхавтар яриа хэл болсон ч дэмжлэг авч чадаагүй л дээ. Тэдний санаачилга хүмүүсийн ахан дүүсийнхээ алга тэнийлгэх бэлгэнд ямар ч нөлөө үзүүлээгүй. Цагаан сарын өдөр хүмүүс чадах чинээгээрээ бие биедээ бэлгээ өгсөөр л байгаа. Энэ мэт янз бүрээр хавчиж, болиулах гэж оролдсон ч үндэсний энэ баярыг монголчууд тэмдэглэхээ болиогүй ээ. Хатуу чанга хараа хяналттай үед ч, ядруухан зутруухан байсан ч ил, далд яаж ийж байгаад тэмдэглэсээр одоо улам бүр төгөлдөрших болсон. Идээ, ундааны төрөл арвин болж, цар тавагны өнгө зүс, ур хийц илүү олон, илүү сайхан болж, хүмүүс энэ баяраар хөгшин, залуугүй үндэснийхээ хувцсаар гангарч, өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Үндэсний уламжлал сэргэж, ахас, ихэсээ хүндэлж, тоос шороогоо гөвж, ирэх жилийн сайн сайхныг бэлгэдэн баярлаж, ёс заншлыг энэ л баяраар өвлөж, мэдэж авцгаадаг. Үндэсний баяр бол тухайн үндэсний тусгаар тогтнолын нэг илэрхийлэл байдаг. Нэгэн үе үзэл суртлын буулган дор ажил, амьдралаас нь салгана гэж байхад л нууж хааж тэмдэглээд, хадгалж, авч үлдсэн баяраа ардчиллаар бид санаа зоволтгүй албан ёсоор нийтээрээ тэмдэглэдэг болсон юм шүү.

Одоо тэгвэл Хятадад коронавирус гэдэг ханиад гарсан даруйд У.Хүрэлсүх тэргүүтнүүд цагаан сар болохгүй, улаан сар болно гэлцээд эхэлсэн. Санасандаа ч хүрлээ. Допинг хэрэглэсэн гэгдэж, хэл амны бай болсон Э.Оюунболд аварга, түүнийгээ шагнаж урамшуулдаг Л.Оюун-Эрдэнэ сайд хоёроо яаж ч чадахгүй аргаа барж байтал Хятадад шинэ төрлийн коронавирус дэгдэж, бөөн далим болов. Хэдэн бөхчүүд нь Э.Оюунболд барилдвал бид барилдахгүй гэж бойкотлох маягтай болж, хэрэг бишдээд байсан энэ үед коронавирусийн нэрийг барьж, цагаан сарын бөхийн барилдааныг явуулахгүй болгох шийдэл олж, санаагаа амраалаа. Э.Оюунболдоос болоогүй, коронавирусээс болж хойшилсон гэхээр хэлэх үг олдохгүй шүү дээ. Нэг дуулианыг нөгөө дуулианаар намжаадаг байсан бол нэг бөхийн дуулиан үндэсний баярын бөхийг бүтнээр нь барилдуулахгүй болгочихлоо.Тэгсэн мөртлөө Төрийн ордондоо цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, зах ажиллуулсан. Ингэж байтал Их хурлын дарга Г.Занданшатар намрын чуулганы хаалтын үеэр “Хувьтай хүн л хулгана жилийг үзнэ” гэсэн нь бусад нь үзэж чадахгүй байж мэднэ гэх ухааны юм ярьж ард түмнээ айлгалаа. Монголчуудын нийтээрээ тэмдэглэдэг наадам, цагаан сар гэж үндэсний хоёр баяр л байдаг. Ажил амьдралын эрхээр байнга уулзалдаад байхгүй ч монголчууд бид жилдээ нэг ах дүүс, хамаатан саднаараа уулздаг баяр бол цагаан сар.

Төр засаг цагаан сараа тэмдэглэхгүйгээр шийдлээ. Энэ шийдвэрээ гаргах гэж баахан сүржигнэлээ, айлгалаа. Болгоомж илүүдэхгүй ч дайны хажуугаар дажин гэгчээр коронагийн сургаар бөөн улстөржилт, хаацайлалт болоод байна уу даа. Бэлгэдэл талаасаа цагаан сараа хийхгүй гэхээр эвгүй ч юм шиг. Мэдээж эцэг, эхдээ золгож л таарах байх. Харин айл амьтнаар олуулаа хэсээд, төрийнхөн нь өөрсдөө оройлон манлайлж, албан байгууллагууд нийтээрээ золголдохгүй л бол болчих биз. Ерөнхийлөгч хэрвээ цагаан сар тэмдэглэхгүй гэсэн шийдвэрийг албажуулбал нийтээрээ тэмдэглэхгүй болж таарах нь. Гэхдээ нэг зүйл анзаарах нь ээ, цагаан сарын баярыг тэмдэглүүлэхгүй гэсэн оролдлогууд коммунистууд эрх барих үед л гарч байсан юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *