Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Ардчилсан нам “Хөгжил, шинэчлэл” үндэсний II аяныг есөн дүүргийн 152 хороо, 21 аймгийн 284 сумын 918 багт нэг сарын хугацаанд зохион байгуулжээ. Ардчилсан намын даргын тушаалаар анхан, дунд шатны намын байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, намын гишүүд болон бүх шатны сонгуульт гишүүдийн хамтын ажиллагааг сайжруулахаар уг аяныг зохион байгуулсан байна. Анхан, дунд шатны намын байгууллагуудын удирдлагууд, намын хорооны гишүүд, аймаг, дүүрэг, сум хорооны ИТХ-ын төлөөлөгчид, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй баг нийт 80 мянган км замыг туулан 93 мянган гишүүд, дэмжигчидтэй уулзжээ. Ингэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч,үйл ажиллагааны чиглэлээ танилцуулсан байна. Аяны талаарх мэдээллийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан өгсөн юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.
-Аяны хүрээнд намын гишүүд, дэмжигчид олон асуудлаар санал бодлоо илэрхийлжээ. Хамгийн их хөндөгдсөн асуудал нь юу байв?
-ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийг хамаарал бүхий компаниараа дамжуулан авсан гишүүдийг эгүүлэн татах, агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаа, 60 тэрбумын гэх хэрэгт хариуцлага хүлээхгүй байгаад сөрөг хүчний дуу хоолойг хүргэх, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэгдмэл байх, шатахууны үнэ, валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж иргэдийн амьдралд хүндрэл учруулж байгаа талаар иргэд, намын гишүүд онцлон байр сууриа илэрхийлсэн. Аяны хүрээнд АН-ын үзэл баримтлалыг дэмжиж 12 мянган иргэн гишүүнээр элссэн. Ингэснээр манай нам 204 мянган гишүүнтэй боллоо.
-Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай байж, хамтарч ажиллах хэрэгтэй байгаа талаар намын гишүүд, дэмжигчид зөвлөжээ. АН одоогоор бүлэггүй болох эрсдэлтэй байгаа. Энэ үед нэгдмэл байхын тулд ямар алхам хийх ёстой гэж бодож байна вэ?
-Ардчилсан намын бүлэг есөн гишүүнтэй. Нэг гишүүн дээр намынхаа Үндсэн дүрмийн дагуу хариуцлага тооцож, шийтгэл оногдуулсан. “Намын гишүүдээ сонсъё” аян болж өнгөрсөн. Намын гишүүдийн зүгээс АН-ын бүлэг нэгдмэл цул байх ёстой гэсэн саналыг ирүүлсэн. Бид уг аяны тайлангийн задаргааг дахин хэлэлцээд, он гараад бүлгийн гишүүддээ уламжилна. Ер нь бол бид дүрмээ сахидаг, ёс зүйтэй, эвтэй байх зарчмыг барьж ажиллана.
-Шатахууны үнэ, валютын ханш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд бодитоор хүндрэл учруулж байгааг хүмүүс ихээхэн шүүмжилж байгаа талаар та мэдээлэлдээ дурьдсан. Энэ талаар тодруулаач?
-Шатахууны үнийн өсөлт иргэдийн амьдралд бидний бодож, төсөөлж байснаас илүү хүндээр тусч байна. Иргэд тээврийн хэрэгслийг өдөр тутамдаа маш их ашигладаг. Тэр дундаа хөдөө орон нутагт бараа бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгслээр зөөвөрлөж хүргэж байгаа. Тиймдээ ч бензин шатахууны үнийн өсөлтөөс хамаараад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Дээрээс нь хот хоорондын зорчигч тээврийн үнэ өссөн байна. Гэтэл малчдын амьжиргаанд гол нөлөө үзүүлдэг сүү, махны үнэ огт нэмэгдээгүй. Учир нь шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэгчид үнээ нэмж чадахгүйд хүрч байна. Бид үүнд зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Манайх шиг нефть үйлдвэрлэдэггүй, импортоос 100 хувь хараат орны хувьд энэ асуудал дээр төр л анхаарч, зохицуулалт хийх ёстой. Үгүй бол иргэдийн амьдрал өдөр өдрөөр хүндэрсээр байх болно.
-УИХ-ын үйл ажиллагаа гацаанд байсаар шинэ онтой золгож байна. Улс орны эрх ашигт нөлөөлөхүйц олон асуудал шийдэгдээгүй хэвээр үлдлээ. Мөн бойкот зарлаад буй нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулахаар жагсаал, цуглаан ч зохион байгуулаад байна. Энэ нөхцөл байдалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид өнөөдрийн энэ нөхцөл байдалд маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Ард иргэдийн амьдрал хэдий хүнд байгаа ч гэсэн эрх барьж байгаа намын үйл ажиллагаа, төрийн ажлын зогсонги байдал, сандал суудлын төлөө явж буй энэ шударга бус, хариуцлагагүй байдал дээр маш их бухимдаж байна. Тиймээс бид сөрөг хүчнийхээ зүгээс улам хүчтэй ажиллах болно.
-УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрох эсэх асуудал дээр нам ямар байр суурьтай байгаа юм бэ?
-АН-ын бүлэг хамгийн сүүлд хуралдаж 60 тэрбум, ЖДҮ-ийн асуудлын аль алинд нь хариуцлага тооцно, буруутай нь тогтоогдвол УИХ-ын дарга, Ерөнхий сайд байхаасаа үл хамаарч хариуцлага хүлээх учиртай гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн. Зарим асуудал дээр хуулийн гаргалгаа байхгүй, мөн хууль хүчний байгууллага шалгаж байгаа учир бид эцэст нь дуугарах ёстой.
Ер нь бол Ардчилсан намын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулагдахад дэмжиж кнопоо дарсан. Гэсэн ч энэ Засгийн газар ямар ч ажил хийгээгүй, юу ч амжуулаагүй. Удаа дараагийн хариуцлага алдсан, хангалтгүй ажилласан байдалд нь шаардлага тавиад эцэст нь огцруулахыг хүссэн. Гэсэн ч МАНАН-ийнхан огруулах гэж байна гэх зүйлийг ярьж байгаа нь өрөөсгөл юм. Мэдээж УИХ-ын даргыг огцруулах асуудалд гишүүд маань өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Бид энэ асуудал дээр бүхнийг хуулиар зохицуул гэдэг байр суурь дээр л байгаа. Аливаа нэг асуудлыг цахим ертөнцөөр, сэтгэлийн хөөрлөөр шийдвэл алдаа болно. Манай нам хуулийн засаглалыг л гол болгож баримталдаг. Үүнийгээ л дагах болно. Дээрээс нь төрийн эрх мэдлийг нөгөөдөө сонгуулийн зарчмаар, хүч үл хэрэглэх замаар дамжуулж өгдөг тогтолцоог бид Монголд байгуулсан. Энэ журмаараа л явах нь зөв гэдэг байр суурь дээр байгаа. Түүнээс өмгөөлж, хамгаалсан зүйл байхгүй.
-УИХ-ын гишүүн Л.Болдыг намаас хөөх шийдвэр гаргасан. Энэ асуудал эцэслэн шийдэгдсэн үү?
-Л.Болд гишүүн АН-аас нэр дэвшиж, мандатаа авч гишүүн болсон. Түүнийг дэмжсэн хүмүүс дотор АН-ын гишүүд олон байгаа. Ард иргэд ч бий. Одоогоор энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа.
-Тодорхой хуулийн хугацаа байдаг уу?
-Хуулийн хугацаа байхгүй.
-Булган аймгийн Бугат суманд болсон хэргийг улстөрийн сэдэлтэй бус ахуйн хүрээнд болсон гэмт хэрэг гэсэн мэдээллийн ЦЕГ-аас өгсөн. Энэ талаар та бүхэн нэмж тодруулсан зүйл байна уу?
-Нэмж тодруулсан зүйл алга. Хохирогч цохиулснаасаа хойш нэг ч удаа ухаан ороогүй юм билээ. Эмнэлэгт очиж хагалгаа хийлгэсэн боловч тархиндаа маш хүнд гэмтэл авсан учир сэргэлгүйгээр амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Бид энэ асуудлыг улстөржиж байгаа юм шиг дахин яриад баймааргүй байна.