Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үйл явцын талаар АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.
-Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үйл явцын хүрээнд АТГ-аас ямар ажлуудыг хийж байна вэ?
-Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлогыг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. АТГ-аас хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бүх төрийн байгууллагууд руу албан бичиг, зөвлөмж хүргүүлсэн. Төлөвлөсөн сургалтууд маань хөл хорио тогтоосонтой холбоотойгоор түр хойшлогдож байгаа. Гэхдээ утсаар болон өөрийн биеэр зөвлөгөө авахаар хандсан хүмүүст мэдээллийг тухай бүрт нь өгч ажиллана. АТГ өнгөрсөн долоо хоногоос эхлээд уртасгасан цагаар буюу оройн 20 цаг хүртэл ажиллаж байна. Түүнчлэн амралтын өдрүүдээр ч ажиллаж байгаа.
-Өнөөдрийн байдлаар нийт мэдүүлэг гаргагчдын хэдэн хувь нь АТГ-т мэдүүлгээ ирүүлээд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд нийт мэдүүлэг гаргагчдын 18 мянга орчим нь мэдүүлгээ ирүүлсэн буюу 43 хувьтай явагдаж байна. Энэ жилийн хувьд 41 мянга есөн зуу орчим мэдүүлэг гаргагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах урьдчилсан дүн байгаа. Төрийн байгууллагуудаас хамгийн өндөр хувьтай мэдүүлгээ ирүүлээд буй нь ЦЕГ 90 гаруй хувьтай, Хил хамгаалах ерөнхий газар болон Батлан хамгаалах яам 70 гаруй хувьтай, ШШГЕГ 60 гаруй хувьтай байна. Орон нутгаас Хэнтий аймгийн ЗДТГ 80 гаруй хувьтай, Дорнод аймгийн ЗДТГ болон Завхан аймгийн ЗДТГ 70 гаруй хувьтайгаар хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлээд байгаа. Мэдүүлэг гаргагчид хуулийн хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ цахим системд үнэн зөв мэдүүлээд баталгаажуулах ёстой.
-Төрийн өндөр албан тушаалтнууд хичнээн хувьтай хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлээд байна вэ?
-Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т шууд мэдүүлгээ гаргаж өгдөг. Энэ жилийн хувьд 290 орчим төрийн өндөр албан тушаалтан мэдүүлгээ ирүүлэх ёстой. Гэхдээ одоогоор арав хүрэхгүй хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлээд байна. Тухайлбал, хоёр УИХ-ын гишүүн, зургаан элчин сайд гэхчлэн нийтдээ 20-иод төрийн өндөр албан тушаалтан мэдүүлгээ ирүүлээд байгаа юм.
-Өнгөрсөн онд хичнээн албан тушаалтанд хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн гэх шалтгаанаар арга хэмжээ ногдуулсан бэ?
– Өнгөрсөн онд 30 гаруй албан тушаалтанд хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээг ногдуулсан. Үүнээс найман албан тушаалтныг нийтийн албанаас халах арга хэмжээг авсан байгаа. Ер нь гаргаж байгаа зөрчлийн хэмжээнээс хамаараад сануулга, цалингийн хувь бууруулах, албан тушаал бууруулах, нийтийн албанаас халах гэсэн дөрвөн төрлийн сахилгын шийтгэлийг оногдуулдаг. Хүмүүс ихэвчлэн өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр хөрөнгөө байршуулахгүйгээр хамаарал бүхий этгээд рүүгээ шилжүүлэх асуудал байгаа. Ийм тохиолдолд тухайн хүний хамаарал бүхий этгээдийг судалж үзэж байна. Мөн мэдүүлгийг цахимаар авч байгаа. Тэгэхээр цахим системээсээ түүвэрлээд орлого нь нэмэгдээд байгаа эрсдэлтэй албан тушаалтнуудыг хянаж шалгаж байна.
-АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлгийг авах системдээ цаашид ямар шинэчлэлтүүдийг хийх зорилготой байгаа вэ?
-Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтаа боловсронгуй болгох зорилгоор санал авч байна. Цаашид маягтанд зарлагыг тусгаж өгөх төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор зөвхөн орлогын хөрөнгийг бүртгэдэг. Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор баталдаг.2019 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн тухай хууль шинээр батлагдсан. Энэ хуулиар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэж авдаг байсныг өөрчилж АТГ бүртгэж авахаар тусгасан байгаа.
-“Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн УИХ-ын дөрвөн гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг огцом өссөн гэх үндэслэлээр шалгалт явуулах хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн ч “Хуулийн хүрээнд энэ асуудлыг манайх шалгах боломжгүй” гэсэн хариултыг АТГ-аас ирүүлсэн гэсэн. Энэ талаар?
– Авлигын эсрэг хуулинд “УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын ёс зүйн дэд хороо шалгана. АТГ-ын албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг Хууль зүйн байнгын хороо шалгах, бусад албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгана” хэмээн зохицуулсан байдаг. Хуулийн дагуу УИХ-ын ёс зүйн дэд хороо руу уг асуудлыг шилжүүлсэн. УИХ-ын ёс зүйн дэд хороо тухайн асуудлыг шалгаад “Зөрчил байхгүй, техникийн алдаа гаргасан байна” гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Өмнө нь АТГ дээрх асуудлыг шалгадаг байсан ч 2012 оноос сонирхлын зөрчлийн хууль батлагдсантай холбогдуулаад энэ зохицуулалт шинээр нэмэгдсэн. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах ёсгүй хэмээн иргэд болоод иргэний нийгмийн байгууллагууд шүүмжилдэг. АТГ-аас Авлигын эсрэг хуулинд өөрчлөлт оруулах санал хүсэлтдээ үүнийг тусгайлан зохицуулсан байгаа. Мөн АТГ хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж шалгах явцдаа банкуудаас лавлагаа мэдээлэл авч чадахгүй байна. Банкны тухай хуульд заасны дагуу “Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах хэлтэст хүсэлт өгөөд прокурорын зөвшөөрлөөр лавлагаа мэдээлэл авах” болчихоод байгаа. Үүний уршигаар цаг хугацаа алдах, хэрэг шалгалт удаашрах асуудал байдаг. Мөн “Нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний орлого хөрөнгийг мэдээлээгүй тохиолдолд сануулах” гэх заалт нь тухайн албан тушаалтны цалингаас хамаараад нийтлэл нь харьцангуй байдаг. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж өөрчлөлт оруулахаар саналаа боловсруулж байгаа.
– Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд ирүүлээгүй албан хаагчдад ямар хариуцлага ногдуулах вэ?
– Авлигын эсрэг хууль болон сонирхлын зөрчлийн хуулинд заасны дагуу улс төрийн албан тушаалтны хувьд хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаагүй, гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдолд энэ нь шууд нийтийн албанаас халах, огцруулах үндэслэл болно. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хугацаа хожимдож мэдүүлгээ ирүүлсэн тохиолдолд сануулах сахилгын шийтгэл хүлээлгэнэ.
У.ЧИНЗОРИГ