Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэцэгдэлгэрэх: Төрийн албан хаагчийн нуугдмал хөрөнгийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг нарийвчлан шалгадаг боллоо

– ХОРЬ ГАРУЙ АЛБАН ТУШААЛТАН ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА –


Авлигын эсрэг хуульд заасны дагуу төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй. АТГ-аас төрийн албан хаагчдын ХОМ-ийг хугацаанд нь авч дуусчээ. Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.


-ХОМ-ийг хугацаанд нь авч дууссан гэсэн. Энэ жил хэдэн мянган төрийн албан хаагч хөрөнгө, орлогоо мэдүүлсэн бэ?

-Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогоо шинэчлэн гаргаж, мэдүүлэх үүрэгтэй байдаг. Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд руу ХОМ өгөх бэлтгэл ажлыг хангаж ажиллах, цахим системдээ хяналт тавих талаар албан бичиг хүргүүлсэн. Мөн холбогдох албан тушаалтнуудыг мэдээллээр хангаж ажиллах заавар зөвлөгөө хүргүүлж, хамтран ажилласан. АТГ дангаараа хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах ажлыг зохион байгуулдаггүй. Улсын хэмжээнд тухайн байгууллага өөрөө бүртгэх, хадгалах зэргээр салбар нэгжүүдээр дамжуулан үйл ажиллагаа нь явагддаг. Бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд 1626 салбар нэгж дээр мэдүүлгийг хадгалах, бүртгэх үйл ажиллагаа явагдсан. АТГ-ын шат дамжлага бүр дээр явагдсан гэсэн үг. АТГ-ын зүгээс мэдээлэл, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажилласан. Энэ сарын 15-ны байдлаар 41400 хүн ХОМ өгөх байснаас 41399 албан хаагч хуулийн хугацаанд мэдүүлгээ өгч, баталгаажуулсан байна. Нэг хүн мэдүүлгээ гаргаж өгөөгүй дүн мэдээтэй байгаа. АТГ-т төрийн өндөр болон бусад Засгийн газар, яам, УИХ-аас томилогддог албан тушаалтнууд хөрөнгө орлогоо бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Арван албан тушаал дээр томилгоо хийгдээгүй тул сул орон тоо гэж үзнэ.

Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Зэвсэгт хүчний жанжин штаб, БНСУ, Шведийн Элчин сайд, Эрээн хотын консул, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга нарын орон тоон дээр томилгоо хийгдээгүй байна. Бид 282 албан тушаалтнаас ХОМ авсан. Үүнээс гадна манайд мэдүүлэг өгөх ёстой Засгийн газрын тогтоолоор батлагддаг Жендерийн үндэсний хорооны гишүүн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар ХОМ-ээ гаргаж өгөөгүй байна. Төрийн алба хаагч шударга ажиллах ёстой. Олон нийтэд хөрөнгөө шударгаар ил тод мэдүүлэх үүрэгтэй. Өмнө нь төрийн өндөр албан тушаалтнуудын мэдээллийг цахим сайтдаа байршуулдаг байсан. Өнгөрсөн жилээс нийт албан тушаалтны ХОМ-ийг цахим системд байршуулдаг болсон. Энэ нь иргэд, олон нийтэд мэдээллийг ил тод хүргэж байгаа явдал. Хүмүүс цэг, таслал орон дээр хайхрамжгүй хандаад байдаг. Хоёрдугаар улиралд багтаагаад ХОМ-ийг нийтэд ил болгоно. Цахим бүртгэл хийгдэх ажил энэ жил эхэлсэн. Судалгаа нь хийгдэж байна.

-ХОМ-ээ үнэн өгсөн үү, худал мэдүүлсэн үү гэдэгт хэрхэн хяналт тавьдаг вэ?

-2007 оноос хойш албан тушаалтнууд ерөнхийдөө ХОМ гаргаад сурчихсан гэж болно. Олонх нь хаана, хэнд, хэдийд гаргаж өгөх вэ гэдгээ мэддэг болчихсон. Жилийн жилд энэ мэдүүлгийг 99.9 хувьтай авч ирсэн. Данц ганц хоёрдугаар сарын 15-ны өдөр биш, Авлигын эсрэг хуулийн дагуу ХОМ гаргаж өгөх хэд хэдэн үндэслэл байдаг. Тухайлбал, шинээр албан тушаалд томилогдсон бол тэр өдрөөс хойш 30 хоногийн дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой. Мөн орлого хөрөнгөнд нь их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд мөн л 30 хоногт мэдэгдэж, бүртгүүлэх хуулийн заалт байдаг.

ХОМ-ийг шалгах хэд хэдэн үндэслэл бий. Хуульд заасны дагуу иргэд, аж ахуйн нэгжээс ямар нэгэн гомдол ирсэн тохиолдолд төлөвлөгөөт нөхцөлөөр хянан шалгадаг. Жилд дунджаар 500 орчим хүний ХОМ-ийг нарийвчлан шалгадаг. Нийт 40 гаруй мянган хүнийг нэг бүрчлэн нарийвчлан шалгах боломжгүй. Нарийвчлан шалгана гэхээр жил бүрийн ХОМ-ийг нь харьцуулж, аль онд хөрөнгө нь нэмэгдсэн, энэ хөрөнгө бий болоход хаанаас ямар эх үүсвэр нөлөөлсөн гэдгийг нягтлан үзнэ. Дээрээс нь бүртгэл хяналтын байгууллагаас лавлагаа авдаг. Өөрөөс нь гадна гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулгатай мэдүүлсэн хөрөнгө болоод бодит хөрөнгө нь нийцэж байна уу, өмнөх онд мэдүүлсэн үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсан байна уу, гэрээ, хэлэлцээр нь байна уу, улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа юу, тээврийн хэрэгслээ Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлсэн байна уу гэх мэт бүртгэлийн газруудаас лавлагаа, мэдээлэл аваад цахим дахь мэдээлэлтэйгээ тулгаж хянадаг. Зөрчилтэй асуудал байвал тухайн хүнээс тайлбар мэдүүлэг, баримтыг нь авдаг. Үүний дараа мэдүүлэг гаргагчид гаргасан зөрчилд нь хариуцлага тооцуулдаг.

Өнгөрсөн жил буюу 2018 онд ХОМ-ийн тайлан мэдээгээ авч дууссаны дараа яам, агентлаг, дүүрэг орон нутагт манай албан хаагчид ажилласан. Энэ үеэр хөрөнгөнд нь их хэмжээний өөрчлөлт орсон байхад 30 хоногийн дотор мэдүүлэг өгөөгүй, ХОМ-т хамрагдах ёстой албан хаагчаа бүрэн хамруулаагүй зэрэг зөрчил илэрсэн. Ингээд 190 албан хаагчид хариуцлага тооцож, сахилгын арга хэмжээ авсан. Үүнээс гадна ХОМ-ийг зөрчилтэй мэдүүлсэн тохиолдол цөөнгүй гарсан.

-Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Зөрчлийн хэм хэмжээнээс хамаарч, хариуцлага нь өөр өөр. Нэг сарынхаа цалинтай тэнцэх хэмжээний ХОМ мэдүүлээгүй, худал мэдүүлсэн бол сануулах, зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгөө худал мэдээлсэн бол цалингийн хувь бууруулах, албан тушаал бууруулах, нэг жилээс дээш хэмжээний цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгөө худал мэдүүлсэн бол төрийн албанаас халах зэрэг арга хэмжээ авдаг. ХОМ өгөхдөө зөрчил гаргасан албан тушаалтнуудыг аваад үзвэл гэр бүлийн гишүүдийнхээ хамтран өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг мэдүүлэхгүй байх, хадгаламжаа жилийн эцсийн байдлаар мэдүүлээгүй, гэр бүлийнхээ гишүүдийн үндсэн орлогыг албажуулалгүй таамгаар бичээд өгчихдөг зэрэг зөрчил нийтлэг тохиолддог. Гэтэл гэр бүлийн гишүүн нь үндсэн цалингаас гадна урамшуулал авдаг зэрэг тохиолдлууд байдаг. Энэ асуудалд АТг-аас заавар зөвлөмж өгч, санаатай худал мэдүүлэг өгсөн алба хаагчийн холбогдох зөрчилд нь хариуцлага тооцдог. Өнгөрсөн жил гэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа агентлагийн албан тушаалтнууд худал мэдүүлэг өгсөн байсан. Иймд хоёр ч хүнийг ажлаас нь халах арга хэмжээ авсан.

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал сүүлийн үед яригдаад байгаа. Зургаан шүүгч үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрөнгөө тайлбарлаж чадахгүй байгаа мэдээлэл бий. Танай хэлтэс үүнийг шалгасан уу?

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй асуудал нэлээд байгаа. Эрүүгийн хуульд заасны дагуу эд хөрөнгөө хэрхэн олсон гэдгийг үндэслэлтэйгээр тайлбарлаж, нотлох ёстой. Хэрэв тайлбарлаж, нотолж чадахгүй бол Мөрдөн шалгах хэлтэс рүүгээ харьяаллын дагуу шилжүүлдэг. Өнгөрсөн жил 20 гаруй албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн хөрөнгөө үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй байна гэж үзээд Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн. 20 гаруй алба хаагч дотор нэр бүхий зургаан шүүгч байгаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудалд жишээ нь, төрийн алба хаагч үл хөдлөх хөрөнгөтэй болчихсон. Үүнийгээ зээлээр авсан гэж тайлбарлаж байгаа ч зээл авсан гэдгийг нь нотлох бичиг баримт байдаггүй. Жилийнх нь орлого тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнд хүрэхгүй асуудал гардаг. Өөрөөр хэлбэл,хууль ёсны дагуу олсон гэдгээ үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байдал цөөнгүй гарч байна.

-Албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авдаг. Үүнийгээ нуух арга нь нарийсч, өөрийнхөө болон эхнэрийнхээ ах дүү, аав, ээжийнхээ нэр дээр хөрөнгөө нуудаг асуудал байдаг. Үүнийг шалгаж тогтоох боломжтой юу?

-Мэдүүлсэн орлого, хөрөнгийн байдлаас гадна нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна уу гэдэгт холбогдох хяналт, шалгалтыг бид байнга тавьдаг. Тухайлбал, хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдээс гадна мэдүүлэг гаргагч хамаарал бүхий этгээд болох ах, дүү хамаатан садныхаа нэр дээр хөрөнгөө байршуулчихсан байх асуудал цөөнгүй. Бид илүү нарийвчлан шалгах арга барил руу шилжин ажиллаж байна. ХОМ өгч байгаа тухайн албан хаагчийн хамаарал бүхий этгээд нь хэн юм, ямар ямар нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгж компаниуд байна, түүний нэр дээр хөрөнгө нэмэгдэж байршиж байна уу гэдэг дээр холбогдох хяналт тавин ажиллаж байгаа. Жишээ нь, нэг мэдүүлэгч эхнэр, хүүхдийнхээ нэр дээрх хөрөнгөө мэдүүлсэн мөртлөө өндөр настай аавынхаа нэр дээр үл хөдлөх байршуулаад байвал бид тэтгэвэрийн хөгшний орлого хэд вэ гэдгийг шалгаж үзнэ. Ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад анх хэн гэрээ байгуулсан байна вэ гэдгийг ч тогтоон шалгах юм. Өөр нэг нийтлэг зүйл нь албан тушаалтнууд зуслангийн байшингаа маш бага үнэлгээгээр үнэлэх тохиолдол байдаг. гэтэл очоод үзэхээр нөгөө зуны байшин нь сүүлийн үеийн хаус байдаг. Энэ тохиолдолд мэдүүлэг гаргагч зах зээлийн үнэлгээгээ яагаад худал мэдүүлэх болов гэдгийг мөн л шалгаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө орлогоо үндэслэлтэйгээр үнэн зөв мэдүүлэх ёстой. Хэрэв хөрөнгөө нотолж чадахгүй бол авлигын гэмт хэрэг болоод Эрүүгийн хэрэгт шалгагдана шүү дээ. Авлигын гэмт хэрэгт шалгагдсан л бол төрийн албанд дахиж ажиллах эрхгүй болдог. Иймээс худал мэдүүлэг өгөхгүй, санамсаргүй алдаа гаргахгүй байхад төрийн албан хаагчид болоод албан тушаалтнууд анхаарах хэрэгтэй.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *