Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй ярилцлаа.
-Аялал жуулчлалын улирал эхэлж байна. Энэ жилийн тухайд хэчнээн жуулчин манайд ирэх бол. АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болох учраас жуулчдыг хүлээж авахгүй гэх яриа гарах юм?
-Өнөө жилийн хувьд аялал жуулчлалын онцлог жил болж байгаа. Учир нь энэ жил бид хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр нэлээн анхаарал хандуулан ажилласан. Хоёр хөрштэйгөө уулзалт хийж хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэж байна. Мөн энэ жил АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт болно. Энэ хүрээнд олон улсын зүгээс терроризмтой тэмцэхийн тулд өндөр хамгаалалт шаардаж байгаа. Засгийн газрын зүгээс дээд хэмжээний зочдоо өндөр түвшинд хүлээж авахын тулд хичээн ажиллаж байна. Харин энэ уулзалт жуулчдын тоонд нөлөөлөхгүй. Бидний төлөвлөж буйгаар 600 мянга орчим жуулчин хүлээж авна. Өмнөх жилүүдэд бид 480-520 мянга гаруй жуулчин хүлээж авдаг байсан. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр хил, гаалийн хяналт шалгалт л ихсэх байх. Түүнээс биш жуулчин хүлээж авахаа боль гэсэн албан ёсны мэдэгдэл ирээгүй учраас аялал жуулчлалын компаниуд хэвийн ажиллаж байгаа.
-Хил орчмын аялал жуулчлал гэж юуг хэлээд байна вэ?
-Өдөртөө орж ирээд гардаг аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Дорнод, Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулагийн хилээр жуулчид хүлээж авахаар зорьж байгаа. Иймэрхүү хэрэгцээ манай хоёр хөршид ирсэн жуулчдад их байдаг юм байна. Тухайлбал, Хятад улсад жуулчилж яваа хүн хурдхан шиг Монголыг үзчихье гээд хил орчмын бүс нутгаар дайраад гарах сонирхолтой байдаг. Хэрэв энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх юм бол тухайн хил орчимд ажиллаж амьдарч буй нутгийнханд эерэг нөлөөтэй. Нөгөөтэйгүүр өмнө нь төлөвлөж байснаар жуулчид ирдгээрээ ирнэ. Манайд гадныхан ан агнуурын чиглэлээр жуулчлах сонирхолтой байдаг. Тэдний аялал хэвийн үргэлжилнэ. Мөн гаднаас жуулчин авчирдаг компаниудын үйл ажиллагаа ердийн байдлаар үргэлжилж байгаа. Харин ганц хүндрэл гарч ирж байгаа нь Хөвсгөл, Өмнөговиор аялах жуулчдад зориулсан тогтмол нислэг байхгүй байна. Үүнээс болж зарим нэг компанитай байгуулсан гэрээ цуцлагдаж байгаа юм билээ. Энэ нэлээн ярвигтай асуудал болчихоод байгаа юм. Тогтмол нислэг үйлдэх боломжийн талаар авиа компаниудтай ярилцахаар цөөн хэдэн нислэг үйлдэж болно. Мөн захиалгат нислэг хийж болно гэдэг. Гэвч захиалгат нислэг аялагчдад өндөр үнэтэй тусч байгаа. Юунаас болж тогтмол нислэгээ зогсоочихов гэхээр ихэнх аймгийн төв нийслэлтэй засмал замаар холбогдчихсон байна. Зам сайхан болчихоор иргэд онгоцоор зорчих нь эрс багассан.
-Яамны зүгээс жуулчдыг татахын тулд авиа компаниудтай хамтраад тогтмол нислэгтэй болгох талаас нь зохицуулж болдоггүй юм уу?
-Аялал жуулчлалын газрынхан энэ тал дээр маш идэвхтэй ажиллаж байгаа. Авиа компаниудын хувьд шатахуун үнэтэй болохоор бэрхшээл их гардаг. Байнгын нислэг үйлдье гэхээр цөөн зорчигчтой байдаг тул нислэгээ зогсоочихоод байна. Онгоцны дүүргэлт дор хаяж 30 хувиас доошгүй байж гэмээнэ зардлаа нөхдөг гэсэн.
-Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухайд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-Сүүлийн хэдэн жил дотоодын аялал жуулчлал харьцангуй сайн хөгжиж байгаа. Иргэд албан байгууллага, найз нөхөд, гэр бүлээрээ эх орныхоо өнцөг булан бүрээр аялах сонирхолтой болсон байна. Иргэд дотоодын аялал жуулчлалаар Хөвсгөл рүү явах хандлага их байдаг. Гэтэл тэнд нь хоёр мянган жуулчин хүлээж авах боломж бий. Тэрнээс илүү жуулчин ирэхээр ачааллаа дийлдэггүй. Өнгөрсөн жил л гэхэд 20 мянган жуулчин цугласан гэх тооцоо бий. Нэг дор ийм хэмжээний гадна, дотнын жуулчид цуглахаар бие засах газар, хоноглох байр, хог хаях цэг хүрэлцээгүй болдог. Улмаар иргэд байгаль орчноо бохирдуулж байна. Тиймээс яамны зүгээс Хөвсгөл рүү чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бодлогын хэмжээнд ажиллаж байгаа. Тэндхийн аялал жуулчлалын байгууллагуудыг чадавхижуулах, нуурын эрэг орчмоос хол байрлуулах зэрэг тал дээр томоохон төслүүд хэрэгжүүлэх гэж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны төслийг Хөвсгөл рүү татаж оруулсан. Мөн нутгийн иргэдийг яаж мөнгөтэй болгох вэ гэдэг тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.
-Тухайн бүс нутагт аялал жуулчлал хөгжвөл нутгийн иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлнө дөө?
-Мэдээж хэрэг эерэг нөлөө үзүүлнэ. Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй компаниуд нутгийн иргэдтэйгээ хэрхэн хамтарч, уялдаатай ярилцах вэ гэдэг тал дээр анхаарч хэд, хэдэн ажил санаачлан хэрэгжүүлж байна. Жуулчны баазууд нутгийн айлаас өдөрт нэг хонь, сардаа нэг үхрийн мах худалдаж авч болно. Сүү, цагаан идээ тогтмол худалдан авч иргэдээ дэмжих хэрэгтэй. Саяхан би дэлхийн өвийн сангийн хэд, хэдэн хуралд оролцлоо. Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлье гэхээр жуулчны баазууд эрэгтэй хэтэрхий ойр байна. Түүнийгээ ядаж 100-200 метрийн зайтай холдуул гэж шаарддаг. Холдуулчихвал дэлхийн өвд бүртгэж авъя гээд байгаа. Бид нуурын эрэг дээр үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазуудтай уулзаад ийм шаардлага тавихаар нөхөн төлбөр нэхээд байдаг. Уг нь хувийн хэвшлийнхэн зөвхөн өөрсдийн амин хувийн ашгаа бодоод байлгүй төртэйгөө хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм.
-Жуулчид манай улсад ан хийх сонирхолтой байдаг гэсэн. Яамны зүгээс хэчнээн төрлийн ан агнах зөвшөөрөл олгодог юм бэ?
-Манай улсын хувьд хамгийн гол ан нь угалз. Ийм төрлийн ан агнахаар дэлхийн хэмжээний томоохон анчид хүрч ирдэг. Янгир агнах сонирхолтой хүсэлт бас их ирнэ. Мөн бор гөрөөс, зээр агнах зөвшөөрөл олгож байгаа. Арабууд шувуу, тэр дундаа шонхрын ан сонирхдог. Харин загасны тухайд барьчихаад буцаан тавих зөвшөөрөл олгож байгаа. Энэ мэтээр яамны зүгээс зохих зөвшөөрөл олгож байна.
-Ан агнуурын тухайд, ялангуяа угалз, янгир агнах хэчнээн зөвшөөрөл олгодог юм бэ?
-Дээр дурдсан ангийн төрлүүдэд нийт 100 орчим тоо толгойн зөвшөөрөл олгож байгаа.
-Хамгийн өндөр төлбөр тушаадаг нь ямар ан бэ?
-Аргаль, угалз л байгаа. Алтай хавьд ан хийвэл 20 мянган ам.доллараар зөвшөөрөл авч байгаа. Эврийнх нь том, жижгээр хэмждэг юм.
-Дотооддоо аялъя гэхээр хамгийн түрүүнд бие засах газрын асуудал бэрхшээлтэй санагддаг. Хөдөө хээр яваа хүмүүс хэдий болтол жалга, довонд бие засч явах вэ?
-Зөөдөг, үнэр гаргадаггүй, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бие засах газар оруулж ирж байгаа. Гар нүүрээ угаагаад, бие засах боломжтой газар байх юм. Энэ жил эхний ээлжинд дөрвийг оруулж ирсэн. Элсэн тасархай, Тэрэлж, Завханы Отгонтэнгэр, Хөвсгөл явах замд байрлуулна. Уг нь 100 км тутамд боловсон бие засах газар байгуулъя гэж ярьдаг. Жигжид сайдын үеэс энэ асуудлыг ярьдаг байсан юм. Энэ ажил өнөө жилээс хэрэгжиж эхэлнэ. Цаашид харин үүнийгээ тасралтгүй хэрэгжүүлэх л хэрэгтэй байна.
-Америк, Европын жуулчид Азиар аялж байхдаа Монголд очъё гэхээр хятадууд тосч аваад Өмнөд Монголд аваачаад “Энэ бол Чингис хааны төрсөн нутаг” гэдэг гэсэн. Энэ тал дээр яам ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Хил, гаалийнхан орох визээ өгөхгүй байгаа шүү дээ. Тиймээс жуулчид Өмнөд Монголд очоод байгаа. Энэ асуудлаар хилийн боомтынхонтой уулзахаар ГХЯ-ны зөвшөөрөл ирвэл оруулах учиртай гэдэг. Гэхдээ удахгүй хилийн боомтууд жуулчдыг оруулах эрхтэй болох байх. Манай яамны зүгээс асуудлыг ГХЯ-нд тавьсан. Тэд асуудлыг ойлгож хүлээн авсан учраас удахгүй шийдэгдэх байх.